Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Пёньянд урилаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчдийг Хөх ордонд хүлээн авч уулзаж, үдийн зоог барьжээ.

Уулзалтад Хойд Солонгосын хоёрдугаар хүн, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон нар оролцсон байна. Энэ үеэр Ким Ё Жон ахынхаа урилгыг Мүүн Жэ Инд дамжуулжээ.

 

Пёньяны тусгай элчээр Сөүлд ирсэн гэгдэж байгаа Ким Ё Жон ахынхаа урилгыг амаар дамжуулж, Мүүн Жэ Инийг аль болох ойрын үед Пёньянд зочлон ирэхийг хүсэж байгааг нь хэлсэн байна.

 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч урилгыг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлээд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болох нөхцөл бүрдсэн гэж үзсэн цагтаа айлчилна гэж амлажээ.

Үүний хажуугаар АНУ-Хойд Солонгосын яриа хэлэлцээрийг сэргээх нь Өмнөд ба Хойд Солонгосын харилцаа сайжрах үндэс болно гэдгийг хэлсэн байна.

Ким Ё Жон “Таныг би аль болох ойрын хугацаанд Пёньянд зочлон ирэхийг хүсэж байна. Хэрвээ та удирдагч Ким Жон Унтай уулзаж, олон сэдвээр санаа бодлоо солилцвол Хойд ба Өмнөд Солонгосын харилцаа түргэн сайжрах боломжтой” гэж хэлсэн тухай Хөх ордны эх сурвалж мэдээлжээ.

“Таныг эх орноо нэгтгэх шинэ эринийг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, үеийн үед дурсагдах түүхийг бичнэ гэдэгт би найдаж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.

Хоёр Солонгосын уулзалт ерөнхийдөө найрсаг уур амьсгалтай болж, талууд олон сэдвээр байр сууриа харилцан солилцсон тухай Хөх ордон мэдээлжээ.

Хойд ба Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт өмнө нь 2000, 2007 онуудад Пёньянд болж байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News