Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утастай хүн бүр ЛэндМН-ийн нэгж хувьцааг 25 төгрөгөөр авах боломжтой

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын банк санхүүгийн салбарын анхны финтек компани болох ЛэндМН олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийнхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалах зөвшөөрлөө авсан билээ.

Үүнтэй холбогдуулан ЛэндМН компани 200 сая ширхэг хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус компаниас өнөөдөр брокер диллер компаниудад  хувьцааны талаарх танилцуулгыг хийлээ.

ЛэндМН хувьцааны андеррайтараар “Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК" ХХК ажиллах юм. Хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 2018 оны хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 07-ны 13:00 цаг хүртэл авах аж.

 

Энэ талаар "Мирэ эссет секьюритис Монгол ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид "Олон нийтэд хувьцаа санал болгоход мэргэжлийн үнэлгээний компани тухайн бизнесийг хэр үнэлгээтэй байна гэж үнэлдэг. Энэ үнэлгээгээр нэгж хувьцааны үнэ өнөөдөр 41 төгрөг байгаа. Гэхдээ бид энэ хувьцааг 25 төгрөгөөр санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, бид хөрөнгө оруулагчдад 46 хувиар доогуур үнээр худалдаж авах хөрөнгө оруулалтын өгөөжийг санал болгож буй юм.

Хөрөнгийн зах зээл дээрээс нийт 5 тэрбум төгрөг төвлөрүүлэн, үндсэн үйл ажиллагаандаа буюу 100 хувь зээлийн эх үүсвэрт зарцуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм" гэв.

"Зээлийн багцын эрсдэл байхгүй тохиолдолд нийт цэвэр ашгийн 20 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ буцаан тараана"

Энэ үеэр ЛэндМН-ий толгой компани болох Андглобал компаний үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулагч нарт эрсдэлгүй гэсэн баталгааг өгөх үү?

-Хөрөнгө оруулалт гэдэг нь өөрөө эрсдэл. Манай компанийн хувьцаа нь эрсдэлтэй ангилалд орж байгаа буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчийн санал болгож буй хувьцаа юм. Тийм учраас хүн өөрөө хувьцаагаа худалдаж авахдаа маш сайн судлах хэрэгтэй.

Бид хангалттай мэдээллийг Lend.mn болон андеррайтар компанийн сайтуудаар хүргэж байгаа. Тус сайтууд дээр өнөөдрийг хүртэл хийсэн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, ирээдүйд хийх ашиг орлогын тайлан бүгдийг нийтэлсэн байгаа. 

-Олон нийт танай компанийн хувьцаанд хөрөнгө оруулснаар ямар давуу тал, боломжууд үүсэх вэ?

-ЛэндМН Монголын зах зээлд 2017 оны нэгдүгээр сараас эхэлж Fintech буюу гар утсан дээр суурилсан зээлийн үйлчилгээг олон нийтэд нээлттэйгээр гаргасан. 

Нэг жилийн хугацаанд бид сар бүр 40-70 хувийн өсөлттэйгөөр өнөөдрийн байдлаар 30,000 гаруй идэвхтэй зээлдэгч нарт 100,000 орчим зээлийг олгосон байна. Нийтдээ 18 тэрбум төгрөгийн зээлийг гаргасан. Цаашид энэ өсөлт, хандлага яг энэ хэвээр явах төлөвлөгөөтэй байна.

Тиймээс бид шинэ хэрэглэгч нарт өгөх гэж буй зээлийн эх үүсвэрээ тодорхой хэмжээг нь олон нийтээс санхүүжүүлэх замыг сонгож компаниа нээлттэй хувьцаат компани болгосон байгаа. 

-Нэгж хувьцааны анхны үнэ 25 төгрөг байна. Энэ нь цаашдаа хэдэн төгрөгөөр өснө гэсэн таамаглал байна уу?

-Нийтдээ 5 тэрбум төгрөгийг бид зах зээлээс босгоно.

Цаашид хувьцааны өсөлт хэд байх вэ гэдэг дээр бид таамаглал хийхгүй. Энэ нь зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдал, өрсөлдөөний хүчин зүйлс болон манай үйл ажиллагаа хэр бүтээмжтэй байгаагаас өгөөж нь өөрчлөгдөнө. 

Мөн хувьцаа авсан иргэдэд бид нэмэлт боломж олгож байгаа. Тэр нь хувьцааны үнийн өгөөжөөс гадна ногдол ашгийн бодлого юм. Хэрэв зээлийн багцын эрсдэл байхгүй тохиолдолд нийт цэвэр ашгийн 20 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ буцаан тараах юм. 

 

-Танай компанийн хувьцааг хэрхэн худалдаж авах боломжтой вэ?

- Хоёрдугаар сарын 21-нээс эхлэн гурван хэлбэрээр худалдаж авах боломжтой.

Эхнийх нь lendmn аппликэйшнээр дамжуулж шууд захиалга өгөх, хоёр дахь нь манай андеррайтар компаниар дамжуулж авах, гуравт хүссэн брокер компаниар дамжуулж авах боломжтой.

-ЛэндМН компанийн хувьцааны талаарх танилцуулгыг олон нийтэд хэзээ танилцуулах вэ?

-Хоёрдугаар сарын 13-ны Мягмар гарагийн 12:00 цагт Блю Скай Таурын 3 давхар, Кристал танхимд болох танилцуулгаас ЛэндМН хувьцаа болон компанийн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй бөгөөд сонирхсон хүн бүр ирэх боломжтой.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: lend.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.