Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн хүндэт зочдын суудлын хуваарь Өмнөд Солонгосын толгойны өвчин болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Майк Пэнс, Шинзо Абэ нар

Маргааш болох Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд дэлхийн олон улс орнуудын хүндтэй зочид оролцох юм.

Харин хоорондоо дайсагналцаж байгаа орнуудын төлөөлөгчдийг хэрхэн зохистой дарааллаар суулгах нь Өмнөд Солонгосын засгийн газрын толгойны өвчин болоод байгаа гэнэ. Ямар ч олимпийн наадмын хүндтэй зочдын суудлын голд зохион байгуулагч орны төрийн тэргүүн, Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч нар зэрэгцэж суудаг уламжлалтай.

Гэтэл хоорондоо дайн хийхэд ойрхон байгаа АНУ, Хойд Солонгосын зочдыг хаана суулгах, мөн хоёр Солонгостой хоёулантай нь зөрчилтэй байгаа Японы ерөнхий сайдыг хаана суулгах нь хамгийн том асуудал болоод байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Өмнөд Солонгос олимпийн наадмыг ашиглан Хойд Солонгостой харилцаагаа зөөлрүүлж, Вашингтон-Пёньяны харилцаанд нааштай уур амьсгал бий болгохыг хичээж байгаа. Гэхдээ тэднийг зэрэгцүүлэн суулгавал эвгүй үр дүнд хүрч болохыг мөн тооцоолж байгаа юм.

АНУ-аас дэд ерөнхийлөгч Майк Пэнс ирж байгаа бол Хойд Солонгосоос Ким Жон Уны төрсөн дүү охин, Хойд Солонгосын хоёрдугаар хүн болох өндөр албан тушаалтан ирж байгаа.

Пэнс Хойд Солонгосыг олимпийн наадмын дуулианд нуугдахыг зөвшөөрөхгүй, удахгүй шинэ хориг арга хэмжээ авна гэдгээ өчигдөр Японд байхдаа хэлсэн. Тэр хоёр Солонгосын хооронд үүсээд байгаа дулаарал дээр хүйтэн ус асгах зорилготой Пёнчанд ирж байгаагаа нуухгүй байна.

Пэнс бас Хойд Солонгост хоригдож байгаад амиа алдсан оюутан Отто Уормберын эцгийг дагуулан ирж байгаа юм. Үүгээрээ тэр Хойд Солонгосын хүний эрхийн нөхцөл байдлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулахыг зорьж байна.

Нээлтийн арга хэмжээний суудлын хуваарь эцэслэн батлагдаагүй байгааг Хөх ордны эх сурвалж мэдээлжээ. Мөн Майк Пэнс Хойд Солонгосын хоёр гол хүнтэй ойр суух хүсэлгүй гэдгээ дипломат шугамаар Сөүлд илэрхийлсэн гэнэ. АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй байр суурь нэгтэй байгаагаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр мэдэгдсэн.

Саяхан Токиогийн эрх баригчид Солонгосын нэгдсэн багийн далбаанд маргаантай арлуудыг дүрсэлсэн явдалд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Мөн дайны үед Солонгос эмэгтэйчүүдийг сэкс боол болгон ашиглаж байсан явдал талуудын хооронд эмзэг сэдэв хэвээр байгаа.

Хэрвээ Пэнсийг Хойд Солонгосын удирдагчидтай уулзуулж чадвал 2000 онд ерөнхийлөгч асан Билл Клинтон Пёньяны тусгай элч, маршал Жо Мён Рокыг Цагаан ордонд хүлээн авч уулзсанаас хойшх анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

Гэвч тэднийг ойр суулгаснаар үүсэх хүйтэн харилцаа, эвгүй уур амьсгалыг дэлхий нийтэд үзүүлбэл харилцааг улам муутгана гэж Сөүлийн эрх баригчид болгоомжилж байна.

 

Эх сурвалж: Reuters