Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шигүдэри буюу шүүдрийн дуслыг цуглуулах нь

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 9
Сурталчилгаа

Шүүдрийн дуслийг цуглуулан ижийдээ цай чанаж өгвөөс өндийн хөхүүлсэн ганцхан шөнийн ачийг хариулах төдий хэмээдэг.

Амьдралыг гийгүүлэгч наран амийг тэтгэгч ус юуг ууршуулан дэгдээж, байгаль дэлхий амирлан нойрсох үесд тэнгэрээс буун, шинэ өдөр шинэ бүхэн эхлэх тэрхүү үүрийн гэгээн мөчид навч, цэцгийн дэлбээн дээр шүүдэр болон тогтно. Энэ бол байгалийн нэгэн, аливааг ариусгаж буй гайхамшигт үзэгдэл.

Нүүдэлчин монголчууд байгалийн эх загварыг өөрийн амьдрал аж ахуйд хөрвүүлэн буулгаж ирсэн уламжлалт ур ухааны нэг нь тогоо нэрэх юм. Буянт малынхаа сүү шимийн дээдийг энэхүү, шүүдэр буух мэт монгол эхнэрийн ариун гал дээр нэрж, шүүдэр цуглуулах мэт дусал дуслаар хураан хамгаас эрхэм хүндтэй хүмүүстээ өргөн барьж, энэ жилийн өнгө, хишиг буяныхаа өгөөж юуг илэрхийлдэг.

 

Монголчууд бидний сүү цагааг боловсруулах арга ухаан, орчин цагт үйлдвэрлэлийн технологид нэвтрэн, стандарт ноу-хау болж, хүн төрөлхтний мэдлэгийн санд данслагдаж буй нь даяаршин буй энэ цаг дор, өөрийн онцлог, агуулгаа өв уламжлуулан үлдээж, нүүдэлчдын ялгарлыг үр хойчдоо өвлүүлэхэд нэн чухал үүрэгтэй билээ.

Үүний нэг нь, тогоо нэрж сүүнээс хатуулагтай умдаа гарган авах аргыг анх удаа үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлсэн явдал юм. Гэрээт малчид, фермерүүдийн сүү саалийг энэхүү үйлдвэрийн нэрэх шугамаар дамжуулан, ахуйд нэрдэгээс ялгаатай нь элдэв хэрэгцээгүй химийн нэгдэлүүдийг арилган, дусал дуслаар хураан эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа аж.

Энэ үйлсэд гар бие оролцон, олон жилийн судалгаа, хөдөлмөрөө “Нөхөрсөг нохой” жилийн шинэ сараар ард түмэндээ өргөн бариад буй бүтээлч Монгол хүмүүсийн чин сэтгэл, алсын хараа юу байсан тухайг таньд хүргэе.

Бүтээгдэхүүний санаа, түүний судалгаа шинжилгээн дээр ажилласан нь

Солонгос, Япон зэрэг үндэстнүүд өөрсдийн соёлыг дэлхийд түгээж түүгээрээ дамжуулан, аялал жуучлал, экспортоо дэмжин бодлогийн түвшнээс, энгийн айлын ширээ хүртэл үүнийгээ дэмжин ажиллаж байна. Япон сүши, сакетай ресторанд Нью Йоркийн бизнес өрнөж байхад, Солонгосын сөжү, кимчи Улаанбаатарчуудын цэнхэр дэлгэцээр дүүрэн гарч байна.

Гэтэл бидэнд өөрийн зүйл гэж байхгүй билүү. Өндөр хатуулагтай Орос ах нарын улаан буудайн архи өвөг дээдсийн минь нэрээр бидэнд танигдталаа өөриймсөж нутагшжээ. Энэ бүхэнд өөрчлөлт хийж болох зүйл бол монгол хүний бие ахуйд язгуураас зохицох, сүүн нэрмэл сархадаа уламжлал дагуу хүртэж, түүнийгээ стандартжуулан, үйлдвэрлэлийн технологид шилжүүлэх юм.

Ингэснээр олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий болох бөгөөд магадгүй ойрын ирээдүйд Монгол үндэсний хорхог, энэхүү сүүн сархадтай хамт зочлон хүндлэх соёлын хэлбэр болон дэлхийд танигдах алсын хараа биелэх юм.

 

Гадны хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дэлхийн Монголчууд болох гэсэн хөдөлмөрч залуусийн үйлсэд соёл, бахархалаараа зочноо дайлах нэгэн шинэ брэнд мэндлэх цаг болсон нь “Шигүдэри” -ийг бүтээхэд дуудан дагуулсан гэнэ лээ.

Өндөр хатуулагтай, догшруулан доройтуулах, Монгол хүний бие эрхтэнд нэн зохимжгүй цагаан архинаас татгалзах болсон нь шинэ үеийн залуусийн хандлага дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт гэсэн сургааль дагуу хэрэглэн хэвшиж эхэлсний илрэл биз ээ.

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн судалгаан дээр ажилласан нь

Малын сүүн шимээр алжаал тайлдаг ундааны дээжийг бэлтгэх нь Монголчуудын оюуны болон биет өв соёлын давтагдашгүй нэгэн хэсэг.

Монгол үндэстэн хэдийнээс сүүнээс архи нэрж эхэлсэн талаар археологийн болон бичгийн тодорхой баримт үгүй юм. Үүний зэрэгцээ энэ нь Монгол үндэстэн анх хэрэглэж байсан уу, эсвэл бусад орноос өвлөн авсан уу гэдэгт хариулт одоогоор үгүй байна.

XYI зууны үед бичсэн “Монголын зан суртахууны тэмдэглэл” –д монголчуудын архи нэрэх тухай ингэж тэмдэглэжээ.

Эхлээд сүүгээ буцалгаад нэрнэ. Дараагаар нь нэрсэн архиа буцалгаад дахин нэрнэ. Ийнхүү дөрөвтөө хариулан нэрвээс архины үнэр, амт үлэмж болмуй” гэжээ.

Харин “Монголын идээн товчоо”-д тэмдэглэснээр нэрсэн архи нь олон нэртэй. Архи нэрэх явцад саяхан гоожсон архийг сувс гэнэ. Сувс нь хүчээр сулмаг байдаг. Сувсаа тогоондоо хариулж нэрээд гарах архийг арз гэнэ.

Арзаа хариулж нэрвэл хорз болно. Хорзоо хариулж нэрвэл “шарз” болно. Шарзыг хариулж нэрснийг “борз” хэмээнэ. Саалийн архиа хор архи болгохын төлөө будаанд хийж, зохих чавга хийж амсрыг нь сайтар битүүмжлээд чанга боож дээр нь шаазан сав хөмрөөд нэг литр шахам гүн нүх малтан булж, 2-3 жил хадгалвал уухад зөөлөн, бал бурам шиг амттай бөгөөд ид хүч нь айхавтар үүнийг хоршоомол гэнэ.

Ийнхүү архины нэр, түүний аргын талаар түүхийн сурвалжид зарим зөрүүтэй, ялгаатай талууд ажиглагдаж байна.

Архи нэрэхийг олонхидоо тогоо нэрэх гэдэг. Тогоо нэрэхэд ерөнхийдөө хоёр зүйлийн арга байдаг. Нэг нь бүрэнхийгээр нэрэх арга, нөгөө нь цоргоор нэрэх арга болно. Олонх газар бүрэнхийгээр нэрэх аргыг хэрэглэдэг. Бүрэнхийгээр нэрэхэд битүү нэрэх, задгай нэрэх ялгаа байдаг.

Битүү нэрэхэд хайсан тогоо (хайван тогоо, ширмэн тогоо), бүрхээр, жалавч, хувин (сэнжтэй вааран сав, бас тосгуур гэдэг) зэргийг хэрэглэнэ. Задгай нэрэхэд бүрхээрийн хажууд цорготой бөгөөд халбага мэт зууван дугариг хэлбэртэй цорготой золгож дийлэх гурван зураас бүхий тосгуур зэргийг хэрэглэнэ. Бусад нь битүү нэрэхтэй адилхан байдаг.

Архи нэрэхэд зуухан дээрээ найман буюу есөн тамгатай ширмэн тогоогоо (хайс) талбиж, бүлсэн айргаа тогоондоо дундуур болтол хийнэ. Тогоон дээр шувтан хэлбэрт хоёр тохой өндөр бүрхээрээ (мод буюу модны үндсээр хийсэн, эсвэл бургасны үндсээр) яв цав тааруулан талбиж тавина. Битүү нэрэхэд хувинг дүүжилж, задгай нэрэхэд хүрвэл халбага мэт гурван зураастай тосгуураа дүүжилж, бүрхээрийн амсар дээр жалавчаа тавиад жалавч, тогоо, бүрхээрийн уулзварыг нарийн бүс буюу эсгийгээр ороож бэхэлнэ.

Хэрэв задгай нэрвэл тосгуурын гурван зураасыг бүрхээрийн цоргын нүхэнд сайтар угсраад гадагш гарсан цоргын доор архи тосох саваа талбина. Ингэсний дараа зуухандаа гал түлж, айргаа буцалгана. Энэ мэтээр айраг нь буцлаад архилаг бүрэлдэхүүн нь ууршин дэгдэж, хүйтэн ус юмуу мөс хийсэн жалавчны ёроолд хүрээд дусал болж хувинд (цоргоор гоожиж) орно. Саяхан гоожсон архийг сувс гэнэ. Түүний хүч нь сул байдаг. Сувсаа буцааж нэрвэл сайн архи болно. Жалавчны хүйтэн ус бүлээн болох (30 0С) үед түүнийг солих хэрэгтэй байдаг. Нэг удаа тогоо нэрэхэд бараг 4-6 буюу 7 удаа ус солих хэрэгтэй. Хүйтэн усыг нэгээс хоёр удаа солих үед архи нь бага боловч чанар нь сайн байдаг. Усыг илүүц солих тусам архины хүч буурна. Цоргоор нэрэхэд ярга (уурших тунарах архийг тосож авдаг сав) цорго, хайс (тогоо) болон хөлцүүгийн хайс (дотор нь хүйтэн ус хийдэг жалавчны үйлдэл бүхий тогоо) зэргийн төхөөрөмж хэрэглэнэ. Нэрэх явц нь ерөнхийдөө бүрхээрээр нэрэхтэй адил байдаг.

Монголчууд саалийн архийг тансаг идээний дээж гэж үздэг төдийгүй, өвчин засаж, бие тэжээхэд эм болгон хэрэглэсээр иржээ. Ялангуяа гүүн сүүн архийг халааж бурам, шар тос хийж уувал хоол шингээх чадвар муудсан ба чийгээс болсон хөл нурууны өвчнийг засаж болно гэлцдэг. Бас гүүний сүүгээр нэрсэн архинд мөсөн чихэр, үзэм зэргийг хийж урт хугацаагаар уувал биеийн тамир тэнхээг сайжруулж чадах үйлдэлтэй хэмээнэ.

Нэрмэл архиныхаа чанга, ааг, амт, үнэрийг сайжруулахын тулд исгэж буй айргандаа тошлой, халгай, гишүүнэ, чацаргана, үзэм зэргийг зохих хэмжээгээр нэмж хийгээд, нямбай сайн бүлж тордоод нэрэхэд тухайн жимсгэнэ, ногооны өвөрмөц сайхан амт, үнэр, ааг охинд шингэн хурж, хэрэглээний нэгэн өөр шинэ шинж чанартай болдог.

Бас арвайг хөц бэлтгэхийн адил боловсруулж, цагаан ямбуунд сулавтар ууталж, айрагандаа хийж сайтар бүлэхэд, айраг маш эрчимтэй шуугин исэх бөгөөд түүнийг нэрэхэд маш сайхан амт, ааг чангатай анхилуун үнэртэй охь архи гарна. Монголчууд сүүнийхээ архинд төрөл бүрийн жимс, жимсгэнэ, эмийн ургамал, халгай, ямаахай зэргийг хийхээс гадна мах, бугын эвэр хүртэл оролцуулдаг. Мөн Өвөрмонголчууд саалийн архиндаа (шимийн архи) халуун оронд ургадаг төрөл бүрийн жимс, жимсгэнийг хийхээс гадна тавилгана, хүн орхоодой, нарсны шилмүүс, барсны яс зэргийг хэрэглэж шим архины чанар, чансааг сайжруулдаг байсан ур ухааны нэгэн шийдэл өнөө орхигдсоор байна.

Монголчуудын эрт дээр үеэсээ аваад урт хугацаагаар умард сэрүүн бүсэд оршиж ан гөрөө хийн, адуу малаа хариулж амьдарсаар ирсэн нь тэднийг зохих хэмжээнд бусдаас илүү архитай нягт холбоотой болгожээ. Хэдий ийм ч хахир хүйтэн уур амьсгалын дарамтаас үүдэлтэй бие махбодын архинд дурших аяндааны үзэгдлийг дураар нь дагаж архины боол болж явсангүй, харин сүүгээр архи үйлдэх нэн нарийн ур ухааныг сэтгэн бий болгож, малын амин ус бүхий охи шимийг үйлдэх арга технологийг бүтээсэн байна. Энэхүү ур ухаанаас үүдэлтэй шимийн архи нь градусаар доор, хор нь бага, хүний биед ашиг шим нь харьцангуй өндөр байдаг. Айл болгон архи нэрж чаддаг бөгөөд таван хошуу мал, таван тарианы үрээр ямар ч сайн архийг хэд нэрдэг байжээ.

Орчин цагийн Монголчуудын хэрэглэж дадсан цагаан архины технологиос эрс ялгаатай бөгөөд хүний бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө нэн бага энэхүү архийг эртнээс хэрэглэж хүндэтгэлийн идээ хэмээн нэрлэж ирсэн юм.

Яг энэхүү уламжлалт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж 20 гаруй жил хөдөлмөрлөн, судалгаа шинжилгээ хийж, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр оржээ.

 

Нийслэлийн хүн амыг цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 1994 онд байгуулагдсан “ГУМ” ХХК хоёр дахь үр хойчдоо өвлөгдөн ирсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага аж.

Тэд нүүдэлчин Монголынхоо бишрэм өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор үйлдвэртээ шинэчлэлт хийж, шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой төгс хослуулан “Шигүдэри” сүүн шимийн архийг үйлдвэрлэж байна.

Малчид, фермерүүдийн бэлтгэсэн үнээний сүүг хүлээн авч боловсруулдаг онцлог давуу талтай тус компани хүнсний аливаа нэмэлтээс татгалзсан цорын ганц үйлвэрлэгч билээ.

Нүүдэлчин Монголынхоо бишрэм өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор үйлдвэртээ шинэчлэлт хийж, шимийн архи нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой төгс хослуулан “Шигүдэри” сүүн шимийн архийг үйлдвэрлэж буй анхдагч үйлдвэр болж байгаа аж.

“Шигүдэри” брэндийг танилцуулах нь

 

 

Нүүдэлчин Монголчууд л сүүнээс архи нэрж чаддаг үндэстэн бөгөөд таван зүйлийн тансаг идээний дээж “шимийн архи” -ийг өнө эртнээс таван хошуу буянт малынхаа сүүг өвөрмөц ур ухаанаар айраглан исгэж, онцгой ур дүйгээр нэрж, хураан хүртэж ирсэн билээ. “Шимийн архи” нь сэтгэл санааг төвшитгөж, ариусган амирлуулж, баясал, хөөр бахдалыг төрүүлэгч шидэт ундаа болой. Архийг мах, сүү, айраг, тараг, тос гээд бүх идээг нийлүүлсэнтэй тэнцэх таван тансаг дээд идээ гэж ч нэрлэдэг.

Монголчууд саалийн архийг тансаг идээний дээж гэж үздэг төдийгүй өвчин илааршуулж, бие тэжээхэд эм болгон хэрэглэсээр ирсэн. Хэдэн мянган жилийн турш өөрчлөгдөөгүй архи нэрэх Монгол ухаан нь төгөлдөржин тогтсон төгс ур-ухаан учраас эдүгээг хүртэл огт өөрчлөгдөлгүй уламжлагдан ирсэн билээ.

“ГУМ” компани энэхүү ашиг тустай идээ ундааны дээжийг судлан эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө авч олон жилийн турш судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж, уламжлалт арга ухааныг орчин үеийн техник, технологитой хослуулан дээд зэрэглэлийн шимийн архи үйлдвэрлэж байна.

Оюуны өмчөөр баталгаажсан “Шигүдэри” буюу “Шүүдэр” хэмээх нэртэй бүтээгдэхүүнээ Японы Саке, Солонгосын Сөжү, Хятадын Байжиоү гэх сархад шиг дэлхийд танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүн болгохыг зорин ажиллаж байна.

Сүүн сархадын ач тусыг дурдах нь

Олон зуун жилийн түүх, уламжлалтай манай Үндэсний нэгээхэн бахархал бол идээ ундааны дээж хэмээн өргөмжлөгдөж ирсэн сархад. Монголчууд ямар ч гэм хоргүй цагаан идээнийхээ шимийн архийг хэрэглэж байхдаа «Унатал их уувал мунхаг болно, учиртайхан уувал жаргал болно» хэмээж ирсэн.

Монголчууд идээ ундаагаа учиртай, ухаантай хүртдэг гайхамшигтай соёлтой ард түмэн. Шимийн архийг эрт дээр үеэс чанасан мах, үндэсний хоолтойгоо тохируулан хэрэглэж ирсэн өөрсдийн гэсэн өвөрмөц соёл, уламжлал түүхтэй. Шимийн архи нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд хий, шар, бадган, чийг бам зэрэг өвчинд уламжлалт эмчилгээ болгон хэрэглэдэг ба хоолны шингэцэд маш сайн нөлөөтэй болохыг олон эрдэмтэд нотлодог.

 

Монгол хүний бие организмд тохирсон уламжлалт сайхан идээ ундааны дээж нь олон төрлийн ач холбогдолтой. Эдгээрээс дурдвал:

  • Шимийн архийг халааж бурам, шар тос хийж уувал хоолны шингэц сайжирч гэдэс дотрын хор тайлагдана.
  • Чийг бамаас үүдэлтэй хөл, нурууны өвчинд тустай.
  • Бал, үзэм зэргээр баяжуулж уувал тамир тэнхээ сайжирна.
  • Хөлөргөж дотор халууныг дарах ач тустай.
  • Сэтгэл санааг төвшитгэн тайвшруулах үйлчлэлтэй хэмээжээ.

Бүтээгдэхүүний брэндинг, сав баглаа боодол дээр ажилласан нь

Брэнд бүтээнэ гэдэг нь бүтээгчийн эрхэм зорилгыг хэрэглэгчийн итгэл үнэмшил болгож, мэдрэхүйн өндөр таашаал олгох бодит болон бодит бус бүхий л агуулгыг цогцоор бий болгох үйлс хэмээн “Шигүдэри” брэндийн баг тайлбарлалаа.

Эрхэм зорилго, энэхүү брэндийн оршин тогтнох утга учир нь “Сүүн сархадаар дэлхийг дайлах” ажээ. Нэгэн цагт туурайн тамгаар дэлхийг эзлэж байсан бидний өвөг дээдсийн уламжлалт хүндэтгэлийн идээ умдааг орчин цагт оюунаараа байлдан дагуулах их үйлсийнх нь амт хачир, соёлынх гоёл байхыг тэд хүсчээ.

Нүдээр харахуйн мэдрэмжид толилуулах шилний хэлбэрээ, Төв Азийн хүрлийн үеийн булшноос олдсон шавар ваарнаас, Хүннүгийн үеийн нэрмэл хийж байсан болов уу хэмээн таамагладаг шавар эдлэлээс эх загвар аван боловсруулж гаргасан аж. Тэд хамтран ажилласан Монголын түүхч, архелогчиддоо гүн талархлаа илэрхийлэхийн ялдамд, ОХУ-ын шилний үйлдвэрийн мэргэжилтний онцолсон “Сакэ шил шувтан байдаг, харин энэ шил мэргэжлийн хүн нарийн харвал эртний ваар савыг галуун хүзүүт болгосон данагар мөртэй хувилбар байна” хэмээх үгийг ишлэж байлаа.

 

Монгол бичиг, монгол зурагын техникүүдийг ашиглан бүтээсэн шошгын эцсийн хувилбарыг гаргахын тулд 12 сарын хугацаанд 24 хувилбар дээр ажиллаж, гадны болон монгол нийт 360 гаруй хүний нүдний тааламжийг гаргасан судалгаанд үндэслэн сонгосон юм гэнэ лээ.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэхээр үнэтэй байна гэж бид хийж бүтээсэн нэгнээ хуруу чичлэн омогдох хэдий ч, яагаад энэ үнэ цэнэ бий болов гэдгийг ярихаасаа түрүүн, тунгааж нэг үзэх нь зүйтэй. Соёлын үнэт өвийг, хурдхан Монголын данстай болгож авахгүй бол өөр элэгтэнд алдах гээд байсан тул өндөр хүүтэй зээл, өгөөж ашгаа өөр нэгэнд өгөх хэлцэлийг үл тоон тэд зориглож хөдөлмөрлөсөнг сонсоод, өөр хоорондоо үгсийн гашууныг шидэлцэх бус, өвөр хооронд жийлцүүлэх болсон өнөөгийн нийгмийн уг сурвалжийг л шүүмээр бодогдож суулаа.

Нийтлэл үзэглэн суугаа надад, өдөр тутамдаа хэрэглээд байх бэл нь үгүй ч, өвсний шүүдэр цуглуулах дайны, сэтгэл шингэсэнг бодож өвгөн аавдаа бариж, шар тос хөвүүлэн хүртээж нэгэнтээ, хүндлэл сэтгэлээ илэрхийлье хэмээн бодогдлоо.

Монголоороо дайлая хэмээвэл “Шигүдэри” өргөж, ардын ухаанаараа алжаал юугаа тайлж, хий ядаргааг хөөе гэмээнэ сүүн сархадаа халаан хүртэж, эрхэм дээд буюу гэж хүндлэн талархая гэвэл жинхэнэ Монгол ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголтоо золгон барьж, Монгол агуулгаа түгээсэн сар шинэ байгаасай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.