Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп зэвсэгт хүчний парад зохион байгуулахыг Пентагонд тушаажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Вашингтоны гудамжаар цэргүүд алхаж, танкнууд цуврах нүсэр парадыг зохион байгуулахыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пентагоны удирдлагуудад тушаасан тухай өчигдөр Вашингтон Пост сонин мэдээлжээ.

Уг мэдээллийн дараа Трампыг эсэргүүцэгчид түүнийг “гадилын бүгд найрамдах улсын тэргүүн” хэмээн шүүмжилж эхэлсэн байна.

Трамп Парист болдог Бастилийн цайзыг чөлөөлсний ойн парадтай адил арга хэмжээ зохиох хүсэлтэй байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 18-нд зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзахдаа энэ санаагаа хэлж, даалгавар өгсөн тухай Пентагоны эх сурвалжаас мэдээлсэн юм.

Ерөнхийлөгчийн тушаал товчхондоо “Би Францад болдогтой адилхан парадыг хүсэж байна” гэжээ. Цагаан ордон ийм парад төлөвлөж байгааг үгүйсгээгүй байна.

Трамп өөрөө Вьетнамын дайнаас зугтаж, таван удаа цэрэг татлагаас бултаж байсан гэдэг. Гэхдээ тэр цэргийн сүр хүчээр гайхуулах дуртай, өөрийн удирдлагад байгаа генералуудыг “миний генералууд” хэмээн үг хэлэхдээ байнга дурддаг.

Өнгөрсөн оны долдугаар сарын 14-нд Трамп Парист айлчилж, Элисейн өргөн чөлөөнд болсон парадыг үзэж, ихэд сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Тухайн үед парадыг Францын үндэсний баярын өдөрт зориулахын хажуугаар Америкчуудын дэлхийн нэгдүгээр дайнд орсны 100 жилийн ойг давхар тэмдэглэж зохион байгуулсан юм.

Парисаас ирснийхээ дараа Трамп яг ийм том хэмжээний цэргийн парадыг Вашингтонд хийх тухай бодож байгаагаа сэтгүүлчдэд ярьж байв. Дээрх мэдээллийг гарсны дараа чөлөөнд гарсан генерал Пол Итон “Дональд Трамп дарангуйлагч болох хандлагатайгаа үргэлж харуулж байна. Энэ бол санаа зовмоор бас нэг жишээ юм” гэж хэвлэлд ярьжээ.

Тэр бас өмнө нь Трампыг Саддам Хусэйн, Владимир Путин зэрэг хүмүүсийг магтаж ярьдаг тухай шүүмжилж байсан юм. Зарим улс төрчид түүнийг Ким Жон Унтай барьцаж байна, Хойд Солонгос, Оросоос ялгаагүй болох нь гэх зэргээр дүгнэсэн байна.

Парад болох өдрийн хэд хэдэн хувилбар байгаагийн дотор тавдугаар сарын 28-ны дурсгалын өдөр, долдугаар сарын 4-ний тусгаар тогтнолын өдөр, арваннэгдүгээр сарын 11-ний ахмад дайчдын өдөр яригдаж байгаа гэнэ. Мөн энэ жил дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ой тохиож байгаа юм. Харин болох газрын хувьд Вашингтон хотын Пеннсилваний өргөн чөлөө гэгдэж байна. Энэ гудамжинд Трампын эзэмшлийн зочид буудал байдаг юм.

 

Эх сурвалж: The Guardian