Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баатарлаг нисгэгчийн шарилыг эх оронд нь хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Сирийн баруун хойд Идлиб мужид террористуудтай тулалдаж байгаад амьдаар олзлогдохгүйн тулд гар бөмбөг дэлбэлж амиа алдсан Су-25 нисэх онгоцны нисгэгч Роман Филиповын шарилыг эх оронд нь хүргэсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Оросын тагнуулынхан, Туркийн талтай хамтран ажилласны дүнд хоёрдугаар сарын 3-нд Сирид баатарлагаар амиа алдсан хошууч Роман Филиповын шарилыг ОХУ-д хүргэлээ” гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Нисгэгчийн шарилыг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр түүний төрөлх Воронеж хотод хоёрдугаар сарын 8-нд оршуулахаар болжээ.

Үүрэг гүйцэтгэж явсан Су-25 нисэх онгоцыг тус бүс нутагт хяналтаа тогтоогоод байгаа Аль-Нусра зэвсэгт бүлэглэлийнхэн гар пуужин харвагчаар сөнөөсөн юм. Нисгэгч нь шүхрээр бууж дайснуудтайгаа сумаа дуустал буудалцсаны эцэст өөр дээрээ гар бөмбөг дэлбэлж амиа алдсан нь батлагджээ.

34 настай Роман Филиповыг ОХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан юм. Тэрээр эхнэр, 4 настай охины хамт амьдардаг байсныг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Russia Today