Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш усанд унасан чулуу шиг уруудаж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Крипто валютын хамгийн том нь болох биткоины ханш сүүлийн 24 цагийн дотор 24 хувь унаж, $6,000 орчим болоод байна.

Сар гаруй хугацаанд үнэ ханшийнхаа гуравны хоёрыг алдаад байгаа юм. Бусад крипто валютууд ч мөн адил унасаар байна. Тухайлбал сар хүрэхгүй хугацааны өмнө $1,433 орчим ханштай байсан Этериум өнөөдөр 30 орчим хувь хүртлээ унаж $589 болжээ. Ripple өнгөрсөн нэгдүгээр сард $3.8 хүрч байсан бол өнөөдөр $0.59 орчим болоод байна.

Крипто валютын зах зээл ингэж унах болсон хэд хэдэн шалтгаан бий.

Саяхан АНУ-ын эрх баригчид Bitfinex арилжааны төвийг шалгаж эхэлсэн бол Энэтхэгийн эрх баригчид крипто валютыг бүхэлд нь хориглох магадлалтай байгаагаа мэдэгдсэн юм.

Өчигдөр Британий Lloyd Banking Group өөрийн зээлийн картаар крипто валют худалдаж авахыг хориглосон байна. Үүний өмнө АНУ-ын Bank of America, JP Morgan Chase, Citigroup банкнууд мөн адил шийдвэр гаргажээ.

Хятадын төрийн хэвлэл Financial News өнгөрсөн Ням гарагт гадаадад ажиллаж байгаа арилжааны төвүүд рүү иргэдийнхээ хандах эрхийг хаах тухай мэдээлсэн нь крипто валютын зах зээлд бас нэг цохилт болсон юм.

Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард дотоодын арилжааны төвүүдээ хааж байв.

Энэ мэт олон дарамт шахалттай тулгарч байгаа ч биткоины ханш ноднингийн мөн үеэс хэд дахин өндөр байсаар байна.

 

Эх сурвалж: Russia Today