Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд Японы өндөр настнуудын 80 хувийг роботууд асардаг болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Японы хүн амын дотор өндөр настнуудын эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, 2025 онд тэдэнд зориулсан 370,000 асрагч дутагдах тооцоо гарсан байна. Тиймээс энэ хомсдлоо технологийн хүчээр шийдэх зорилтыг Японы засгийн газар тавьжээ.

Зохион бүтээгчид ахмадуудыг орноосоо босох, тэргэнцэрт суух, эсвэл ариун цэврийн өрөөнд хүрэх, усны онгоцонд (ванн) орж суух зэрэг энгийн үйлдэл хийхэд нь туслах чадвартай робот зохион бүтээхэд анхаарах болсон байна. Саяхан тус улсын засгийн газар асрагч роботуудын нэн түрүүнд хийж чаддаг байх үүргүүдийг харуулсан жагсаалт гаргаж, зохион бүтээгчдэд тараажээ.

Өнөөдрийн байдлаар Японы өндөр настнуудын 8 хувьд робот үйлчилж байгаа гэнэ. Робот асрагч түгээмэл болохгүй байгаа нь үнэ өртөг өндөр, хүмүүсийн сэтгэлгээ хүлээж авахад бэлэн биш байгаатай холбоотой гэж эрх баригчид дүгнэж байгаа юм.

Нийтдээ 98 үйлдвэрлэгчийн асрагч робот бүтээж, турших ажилд нь зориулж засгийн газар сүүлийн таван жилийн турш дэмжлэг үзүүлжээ.

Тэдгээрээс 15 нь амжилттай болж, үйлдвэрлэлд шилжихээр болсон байна. Роботуудын өртгийг бууруулахын тулд тэднийг заавал хүн шиг үйлдэл хийдэг, ярьдаг байлгах шаардлагагүй, эхний ээлжинд зөвхөн өндөр настнуудтай хялбар ойлголцож, тусалдаг байх гол зорилготой гэнэ.

Цаашдаа үйлчлүүлэгчийн санаа бодлыг урьдчилж таамагладаг ухаалаг шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: The Guardian