Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлах гадаад иргэдийг 100-аас дээшгүй байхаар төсөлд тусгасан"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. 

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "2017 оны 12 дугаар сарын байдлаар 1,959 цагаач иргэн байна. Монгол Улсад 2018-2020 онд цагаачлах гадаад иргэдийн тоог 100-аас дээшгүй байхаар төсөлд тусгасан.

Үүний дотор Хятад, ОХУ-ын цагаач иргэдийн тоо 30-аас дээшгүй, бусад орны иргэдийн тоо 40-өөс дээшгүй байх саналыг төсөлд оруулж байна.

Энэ саналыг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Жил болгон зуун цагаачдыг аваад байвал аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Манай улс сүүлийн 7 жилийн дунджаар 51.6 хувийн цагаачлах зөвшөөрлийг олгосон байна. Гэтэл өнөөдөр орж ирж байгаа тогтоол нь дунджаасаа хоёр дахин илүү болчихоод байгаа юм. Ийм их иргэдэд цагаачлах зөвшөөрөл олгох зайлшгүй шаардлага байгаа юм уу? 

Хэдийгээр цагаачлал нь хүний эрх ч гэсэн цагаачлалаас болж асуудал их гардаг. Монгол Улс өөрөө хоёр том их гүрний дунд байдаг жижигхэн улс. Жил болгон зуун цагаачдыг аваад байвал аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй" гэв. 

Манайд бүртгэлтэй цагаач иргэний ихэнх нь Хятад иргэн

 

ГИХГ-ын дарга Д.Мөрөн "Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд цагаач гэдэг нь бусад гадаадын оршин сууж байгаа иргэдээс ангиллаараа өөр байдаг. Шалгуур өндөртэй. Цагаач иргэдийг орогнуулах хүсэлтэй байгаа юм биш.

Манайд бүртгэлтэй 1,959 цагаач иргэний ихэнх нь буюу 63.7 хувь нь Хятад ард улсын иргэн байна. Оросын цагаач иргэн 643 байна. Цагаач иргэний хүүхдүүд өөр улсад сурах юм бол цагаачийнхаа статусыг хураалгаад сургуулиа төгсөж ирчихээд цагаачийнхаа статусыг авдаг. 

Сүүлийн жилүүдэд долоон жилийн дунджаар шинээр цагаачлах статус өгсөн тохиолдол цөөхөн байгаа. Тухайлбал энэ эрхийг 2017 онд хоёрыг өгсөн.

Жилдээ бол үндсэндээ 4-5 цагаачлах эрхийг өгдөг. Түүнээс биш 100 хүнд бүгдэд нь цагаачлах эрх өгдөггүй. Цагаачилж байгаа иргэд өөрийнхөө улсын иргэний харъяалалтай байдаг. Гэр бүлээрээ цагаачлах асуудал сүүлийн үед байхгүй байгаа" гэв. 

Уг төслийг Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлжээ. Ингээд "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр боллоо.