Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Готтлийб: Банкны салбарын активын чанарын үнэлгээг Монголбанкнаас удахгүй танилцуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яамнаас ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийж байна.

ШУУД: 

https://www.facebook.com/iKonNews/videos/786448968207340/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "10 сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. 

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байна. 

2017 оны Гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 

Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан. 

Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг болсон байна. 

Засгийн газар 1.1 их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад хийсэн байсан. Өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч улсын төсвөөс гарах хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан. 

Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдог гэдгийг харуулж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. 

ОУВС-гийн талаар хүмүүс сөрөг зүйл яриад байдаг. Энэ удаа Монгол Улсад явуулсан хөтөлбөр үр дүнгээ өгсөн, эдийн засагт гэрэл асаасан, Монгол Улсын эдийн засагт үүр цайж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.

Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлнэ. 

Эдийн засагт эерэг үр дүн гарсан учраас зарим татваруудыг цуцалсан. 

Хоёрдугаарт тэтгэврийн насны асуудал байна. Тэтгэвэрт гарах насанд сонголт хийх боломжийг өгч байгаа. Энэ нь шударга ёсонд нийцсэн шийдвэр. 

Дараагийн нэг асуудал цалин нэмэгдүүлэх. 2018 оноос инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмнэ.

Огт нэмэхгүй бол үнийн өсөлт, ханшийн уналтад иргэдийн бодит орлого идэгдээд дуусдаг. 

ОУВС-тай хөтөлбөрөө Засгийн газар үргэлжлүүлнэ.

Бидэнд бий болсон энэ нөхцөл байдал, тогтвортой өсөлтийг цаашид үргэлжлүүлэх шаардлага байгаа гэдгийг онцолж хэлмээр байна" гэв.

Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа

ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб "Эдийн засгийн гүйцэтгэл бидний төсөөлснөөс хамаагүй сайн гарч байна. Үндсэн шалтгаан нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотой. Энэ өсөлтийг дагаад дотоодын эрэлт ч нэмэгдэж байна. 

2017 оны 4 дүгээр сард батлагдсан хөтөлбөр нийт 5.5 тэрбум ам.долларын багцтай. 

Хөтөлбөрөөс нааштай үр дүнгүүд хэдийнэ гараад эхэллээ. 

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш гарсан нааштай үзүүлэлээс гурван зүйлийг онцолмоор байна. 

Нэгдүгээрт, төлөгдөх ёстой бондуудыг төлсөн, хоёрдугаарт гадада валютын нөөц нэмэгдсэн, гуравдугаарт Засгийн газрын өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. 

Нааштай өөрчлөлтүүдийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарлаа.

Нэг жилийн өмнөх үетэй харьцуулбал Монголын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа. 

Эдийн засгийн гүйцэтгэл сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой хэдий ч Засгийн газрын зүгээс зөв бодлого хэрэгжүүлсэн гэж дүгнэж байна. 

Гэсэн хэдий ч цаашид энэ нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэсэн баталгаа байхгүй. 

Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байна. Тухайлбал экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдвэл Монголын эдийн засагт том цочрол болж болзошгүй. Тийм болохоор энэ эрсдэлээ харгалзаж үзээд Засгийн газар энэ бодлогуудаа цаашид үргэлжлүүлэх ёстой. 

Төсөв болон Мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлбэл эдийн засаг өндөр, тогтвортой өснө гэдэгт бүрэн итгэлтэй байна".

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байна

ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мега төслүүдээ хөдөлгөх боломж байгаа юу?

-Томоохон төслийг хэрэгжүүлэх цаг хугацаа нь ОУВС-гийн шийдэх асуудал биш. ОУВС бол хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг илүү таатай байлгах бодлогын зөвлөмж өгч ажилладаг. 

-Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах ямар байв?

-ОУВС-гийн хувьд цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна. Ялангуяа төсвийн бодлогын хүрээнд. 

-Рояалти татварыг тэнцвэржүүлж болох уу. Ялангуяа Оюу толгойн асуудал байна. Хэлэлцээрийн явцад энэ асуудал хөндөгдсөн үү?

-Хөрөнгө оруулалтын орчин эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой. Татварын орчин маш чухал. ОУВС-гийн хувьд олон улсын шилдэг туршлагыг бодлогын зөвлөмж өгөхөд бэлэн байна. 

Тодорхой татвар дээр ямар байхыг Засгийн газар шийднэ. 

-3 жил хөтөлбөр хэрэгжээд авсан зээл маань үр дүнд хүрэх үү. Энэ тал дээр тооцоо хийгдсэн болов уу?

-Ирэх хоёр жил маань өнгөрсөн нэг жилийнх шиг сайхан байж чадвал бид их баяртай байх болно. 

Зарим зүйлс бидний хяналтад байж чаддаггүй. Тиймээс ЗГ болон ОУВС хамтдаа өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх хэрэгтэй. 

Эрсдлээс  хамгаалах нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай.

-Халамжийн хөтөлбөрүүд дээр тодорхой шийдвэр гаргасан уу. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх боломжтой юу?

-Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. 

Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед ядуурлын түвшин нэмэгдсэн байсан. Тиймээс Засгийн газраас хамрах хүрээг нь нэмэгдүүлсэн нь зөв шийдвэр байж магадгүй.

Бидний зорилго бол ядуу иргэд шаардлагатай халамж, үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй.

-Банкны салбарт хийгдсэн Активын чанарын үнэлгээний үр дүн ямар байгаа вэ?

-Активын чанарын үнэлгээний үр дүнг ярилцсан байгаа. Монголбанкнаас удахгүй энэ талаар мэдээлэл өгөх байх. 

Бидний авсан мэдээллээр зохицуулж болох үр дүн гарсан гэж ойлгож байгаа.