Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

34 насандаа тулаанд алагдсан нисгэгчид ОХУ-ын баатар цол нэхэн олгов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын байлдааны Су-25 нисэх онгоц Сирийн баруун хойд Идлиб мужид үүрэг гүйцэтгэж яваад зэвсэгт бүлэглэлийн суманд оногдож сүйрсэн юм.

Онгоцны нисгэгч , хошууч Роман Филипов шүхрээр бууж чадсан ч террористуудад бүслэгдэн тулалдаж байгаад амиа алдсан байна. Идлиб мужийн томоохон хэсэг нутаг Аль-Нусра жихадист бүлэглэлийн хяналтад байгаа юм.

Онлайн сүлжээнд тархсан зурагнаас үзвэл хошууч Филипов гар бууныхаа хоёр дайзтай сумыг дуустал тулалдсан байна. Шархдсан нисгэгч эцэст нь дайснуудаа ойртох үед өөр дээрээ гар бөмбөг дэлбэлж амиа алдсан юм.

Тэрээр бөмбөг дэлбэлэхээсээ өмнө “Это вам за пацанов!” гэж хашхирсан нь жихадистуудын бичсэн дүрс бичлэгт үлдсэн байна.

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам хошууч Филиповт ОХУ-ын төрийн дээд шагнал болох баатрын одонг нэхэн олгохоор шийджээ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар баатарлаг нисгэгч нь 1984 онд Воронеж хотод төрсөн, Краснодарын Агаарын Хүчний Академийн төгсөгч юм байна.

Тэрээр эхнэр, охины хамт амьдардаг байжээ.

Сирийн ажиллагааны үеэр ОХУ-ын цэргийн алба хаагчдаас баатарлаг гавьяа байгуулсан хүн ганцхан Филипов биш. 2016 оны гуравдугаар сард Пальмирагийн дэргэдэх тулаанд ахлах дэслэгч Александр Прохоренко Исламын улсын террористуудад бүслэгдээд байхдаа өөрийн байрлал дээр агаарын цохилт өгүүлж, дайснуудтайгаа хамт амиа алдаж байжээ.

Филиповын нисэх онгоц нь Сирийн ажиллагааны үед үүрэг гүйцэтгэж байхдаа сүйрсэн ОХУ-ын хоёр дахь онгоц болж байна. 2015 оны арваннэгдүгээр сард Сири-Туркийн хилийн ойролцоо нисэж явсан Су-24М бөмбөгдөгч онгоцыг Туркийн F-16 сөнөөгч онгоц буудаж унагасан юм.

Онгоцны хоёр нисгэгчийн нэг нь орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэнд алагдаж, нөгөө нь аврагдаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today