Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын дэд ерөнхийлөгч Олимпийг Хойд Солонгост “ашиглуулахгүй”

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Хойд Солонгосын уран гулгалтын тамирчид

Ирэх Баасан гарагт болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлтэд дэлхийн зарим улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох гэж байгаа. Тэдгээрийн дотор АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс орж байна. Түүний туслах Ням гарагт хэвлэлд ярихдаа дэд ерөнхийлөгч Пэнс олимпийн наадмын сүр хүчийг Хойд Солонгос үзэл суртлын зэвсэг болгон ашиглахыг зогсоохын тулд ажиллана гэж мэдээлжээ.

Энэ удаагийн Олимпийн наадмаар хоёр Солонгосын тамирчид нэг тугийн дор жагсаж, хамтарсан хоккейн багаа тэмцээнд өрсөлдүүлэхээр болсон. Мөн олон жилийн дараа Пёньяны томоохон төрийн зүтгэлтэн Ким Ён Нам Өмнөд Солонгост айлчлахаар болсон юм. Хойд ба Өмнөд Солонгосын харилцаанд гарч байгаа энэ нааштай үзэгдэлд Вашингтоны эрх баригчид таатай хандахгүй байгаа нь дээрх мэдэгдлээс харагдаж байна.

Энэ бүхнийг АНУ-ын эрх баригчид олимпизмийн нэр хүндийг Хойд Солонгос өөрийгөө дэлхий дахинд сурталчлахад ашиглаж байна гэж үзэж байгаа. “Дэд ерөнхийлөгч бүх боломжоо ашиглан Хойд Солонгосын харгис бурангуй дэглэмийн бодит нүүр царайг илчлэх болно. Олимпийн нэр хүндийг Хойд Солонгосын дэглэм үзэл суртлын зэвсгээ болгож ашиглахыг бид зөвшөөрөхгүй” хэмээн Майк Пэнсийн туслах хэвлэлд ярьжээ.

Тэр бас “Ким Жон Уны дэглэмд хамгийн хатуу шахалт үзүүлэхээр бид олон улсын хамтын нийгэмлэгтэй урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хамтран ажиллаж байна. Дэд ерөнхийлөгч энэ шахалт улам эрчимжинэ гэдгийг тодорхой илэрхийлэх болно. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр долоо хоногийн турш Хойд Солонгост анхаарлаа хандуулахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй” гэсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian