Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өшөө авах шалтгаанаар Африкийн цагаачид руу буудсан хэрэг Италид гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Италийн Мачерата хотод нэгэн эр машин дотроос Африк цагаачид руу гал нээж, зургаан хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм.

Хэргийг үйлдсэн Лука Траини гэгч нь үндсэрхэг үзэлтэй нэгэн бөгөөд Гана, Мали, Нигери улсуудаас ирсэн таван эрэгтэй, нэг эмэгтэйг гудамжинд буудаж шархдуулжээ. Тэрээр халдлага үйлдэх болсон шалтгаанаа Итали эмэгтэйн амийг Африк цагаач хөнөөсөн хэргийн дараа өшөө авах сэдэл төрсөн гэж тайлбарласан байна.

Энэ хэргийн урд өдөр Мачерата хотод Нигерийн цагаач, хар тамхины наймаачин эр 18 настай хотын оршин суугч эмэгтэйн амийг бүрэлгэж, цогцсыг нь мөчлөн цүнхэнд хийсэн байсан хэрэг гарсан юм.

Италийн далбааг мөрөн дээрээ тохсон 28 настай Траини машинаасаа гарч ирэн фашист ёсолгоо хийсний дараа гудамжинд байсан цагаачид руу гал нээснийг гэрчүүд мэдээлжээ. Тэр энэ үеэр “Итали орон үүрд мөнх”, “Итали бол Италичуудынх” зэргээр хашхирч байсан гэнэ.

Цагдаа нар түүний гэрээс Адольф Гитлерийн “Миний тэмцэл”, фашист дарангуйлагч Бенито Муссолинигийн ном зэргийг олсон байна.

Гуравдугаар сарын 4-нд болох сонгуулийн өмнө болсон энэ хэрэг Италичуудыг талцуулж байгаа юм. Хэт барууны үзэлтэй улс төрийн хүчнүүд “цагаачлал бол Италид дэлбэрэх гэж байгаа бөмбөг” хэмээн нэрлэж, Лука Траингийн үйлдсэн хэргийг жишээ болгожээ.

Өнгөрсөн онд Италид 119,000 цагаач ирсэн нь 2016 оноос 35 хувь буурсан үзүүлэлт юм. Үүнд Европын Холбоо, Ливийн засгийн газрын хооронд байгуулсан дүрвэгчсдийн урсгалыг хязгаарлах гэрээ нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: AFP