Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эсэргүүцэл, дэмжлэгийн дунд Солонгосын хамтарсан хоккейн багийн эхний тоглолт болж өнгөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт хоёр Солонгосын хамтарсан эмэгтэй хоккейн баг олимпийн өмнөх анхны бие халаалтын тоглолтоо хийж, Инчеон хотод тэднийг дэмжигчид, эсэгүүцэгчид нэг дор цугларсан байна.

Хамтарсан багийнхан энэ удаа Шведийн багтай өрсөлдөж, 3-1 харьцаатай хожигджээ. Дэмжигчид хоёр Солонгосын нэгдлийн далбааг барьж, “Бид нэг Солонгос!” хэмээн уухайлж байсан ба тэмцээний дараа хэдийгээр баг нь ялагдсан ч “Солонгос яллаа!” хэмээн дэмжиж байсан юм.

 

Харин эсэргүүцэгчид тэмцээн болсон ордны гадаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хөргийг урж, дэвсэлж байсан гэнэ. Тэд нэгдсэн багийг дэмжиж байгаа хүмүүсийг “урвагчид” хэмээн цоллож, “Олимп бол Хойд Солонгосын дэглэмд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх цаг, боломж олгож байгаа явдал” гэж орилж байжээ.

 

Цагдаа нар эсэргүүцэгчдийг тэмцээний танхимд оруулаагүй байна.

Солонгосын хойгийн тогтвортой байдал, харилцааны уур амьсгалыг сайжруулахад Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг ашиглахаар Өмнөд Солонгос хичээж байгаа. Тиймээс энэ удаагийн арга хэмжээнд Хойд Солонгосын тамирчид, төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах, нэг тугийн дор жагсах, хамтарсан хоккейн баг өрсөлдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Баасан гарагт болох олимпийн нээлтэд Хойд Солонгосын засгийн газрын дээд албан тушаалтан Ким Ён Нам тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор болсон юм.

Эх сурвалж: Russia Today