Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын тамирчид хоригийн улмаас бэлэг авах эрхгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдад тулгарч байгаа нэг бэрхшээл нь Хойд Солонгосын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээ болж байна. Хориг ёсоор НҮБ-ын гишүүн орнууд Пёньянтай худалдаа хийх, бараа бүтээгдэхүүн солилцох хориотой.

Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд оролцох 3,000 орчим тамирчинд Самсунг компани $1,100-ын үнэтэй, хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсаа бэлэглэж байгаа билээ.

Харин хоригийн дагуу Хойд Солонгосын 22 тамирчин энэ үнэтэй бэлгийг авах эрхгүй болж байна.

Хэдийгээр Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын төлөөлөгчдөд найрсаг хандаж байгаа ч алхам тутамдаа хоригийн заалтыг зөрчиж байгаа эсэхдээ хяналт тавихад хүрч байгаа ажээ.

Тухайлбал олимпийн хотхонд Хойд Солонгосын далбааг бусад улсуудын далбаатай зэрэгцүүлэн мандуулахад хүртэл асуудал үүсч байгаа юм.

Гар утаснаас гадна хоёр Солонгосын хамтарсан хоккейн баг албан ёсны ивээн тэтгэгч Nike фирмийн хувцсыг өмсөх боломжгүй болж байна. Учир нь АНУ-ын тавьсан хориг үүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс хамтарсан багийнхан Финландын компанийн хувцсыг өмсөж оролцохоор болсон байна. Бас тэмцээнд Хойд Солонгосын тамирчдын хэрэглэсэн Финланд хийцийн цохиур, тэшүүр зэрэг хэрэгслийг “түрээсээр ашиглуулсан” болгож, олимпийн дараа буцааж авахаар болжээ.

Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгосын нисэх онгоц хоёр жил гаруй хугацааны дараа анх удаа Хойд Солонгос руу тусгай үүргийн нислэг үйлдсэн юм. Уг онгоц Хойдын цанын баазад хамтарсан бэлтгэл хийх Өмнөдийн олимпийн бус тамирчдыг хүргэж, буцахдаа Хойд Солонгосын тамирчид, төлөөлөгчдийг Өмнөдөд тээвэрлэж иржээ.

Тэгвэл хоригийн дагуу Хойд Солонгост нэвтэрсэн усан болон нисэх онгоцыг АНУ 180 хоногийн турш өөрийн нутагтаа нэвтрүүлдэггүй.

Энэ удаа Сөүл АНУ-аас зөвшөөрөл авч, онцгой нөхцөлтэйгээр уг нислэгийг үйлдсэн байна.

Мөн ингэхдээ Вашингтоны хоригийн улмаас Boeing онгоц ашиглалгүй, AirBus үйлдвэрийн нисэх онгоцыг ашиглажээ.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу уг онгоц нь өндөр хамгаалалтын дор оршдог Зэвсэггүй Бүсийн дээгүүр нисэлгүй, далайн дээгүүр тойрч ниссэн байна.

Хэдийгээр энэ мэтчилэн хүндрэл байгаа ч Өмнөд Солонгосын тал үндэс угсаа нэгтэй Хойд Солонгосын төлөөлөгчдөд дээд зэргийн хүндэтгэл үзүүлэн, тав тухыг нь хангахын төлөө ажиллаж байгаа юм.

Тухайлбал Хойдын 230 хөгжөөн дэмжигчийг ой модоор хүрээлэгдсэн Inje Speedium дөрвөн одтой зочид буудалд буулгахаар төлөвлөжээ. Энэ буудлын өрөөний хоногийн төлбөр хамгийн хямд нь 242,000 воноос ($226) эхэлдэг.

Хойд Солонгосын таэквондогийн үзүүлбэрийн багийг Сөүлийн таван одтой, Хан мөрний эрэгт байрлах Grand Walkerhill буудалд буулгахаар болжээ. Энэ буудалд Майкл Жексон, Парис Хилтон зэрэг алдартнууд хоноглож байсан юм.

2002 онд Өмнөд Солонгост болсон Зүүн Азийн Наадамд ирсэн Хойд Солонгосчуудад Сөүлийн засгийн газар 1.3 тэрбум воны зардлаар үйлчилж байсан гэдэг. Харин энэ удаа хэр хэмжээний мөнгө хөрөнгө гаргаж байгаа нь нууц байгаа юм.

Энэ нь НҮБ болон АНУ-ын тавьсан эдийн засгийн хоригтой холбоотой гарах асуудлуудаас болгоомжилсных гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters