Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Таканохана Сүмогийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдож чадсангүй

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол сүмо бөхчүүдийн зодооны хэргийн үеэр зохих арга хэмжээг авч чадаагүй гэж буруутгагдсан дэвжээний эзэн Таканоханаг өнгөрсөн сарын 4-нд Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүний суудлаас огцруулсан билээ.

Түүний дэвжээний бөх Таканойва ёкозуна асан Харумафүжид зодуулж, бэртсэн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан юм. Өнөөдөр Сүмогийн Холбоо удирдах зөвлөлийн гишүүний 10 суудалд суух хүнийг тодруулах сонгуулийн ажиллагааг явуулжээ.

Нийт 11 хүн нэр дэвшсэнийг Токиогийн Рёгоку Кокугикан ордонд цугласан сүмогийн ертөнцийн 101 нэр хүндтэй хүн сонгосон байна. Гэтэл тэднээс ердөө хоёрхон хүний саналыг Таканохана авч, сонгуульд ялагджээ.

Тэр өмнө нь дөрвөн удаа дараалан Сүмогийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдож байсан юм. Одоо 45 настай Таканохана нь 1990-ээд оноос 2000-аад оны эхэн үе хүртэл барилдахдаа ах Ваканоханагийн хамт ёкозуна цолонд хүрч, сүмогийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоож байв. Тэр 2003 онд зодог тайлсан юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun