Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлын хариуг өгөхгүй бол дараагийн тэмцэлд шилжинэ

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын үр дүн, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлэх шаардлага, мэдэгдэл, Эрдэнэт үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн​ С.Эрдэнэ "Бид өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр улс орон даяар эсэргүүцлийн жагсаал, цуглааныг амжилттай зохион байгууллаа. Энэ жагсаалд улсын хэмжээнд 60-70 мянган хүн оролцсон гэсэн статистик байна. 

Бид энэхүү жагсаал, цуглаанаараа Монгол Улсын Засгийн газар, УИХ-д холбогдох шаардлагуудыг тавьсан. Шаардлагын хариуг бидэнд уржигдар бичгээр ирүүлсэн. Харамсалтай нь, дурдагдсан хариу нь бидний шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас жагсаалаа үргэлжлүүлэн зохион байгуулсан. 

Мөн бид өчигдөр хуралдаж, өнөөдөр хариуцлагагүй ажиллаж байгаа энэ Засгийн газарт улстөрийн хариуцлага тооцох дараагийн шаардлагыг тавихаар болсон. Ингээд тавьж байгаа шаардлагаа бид өнөөдөр УИХ, Засгийн газарт гардуулна. 

Энэ удаагийн шаардлагад гол нь"Өмнөх шаардлагын хариуг бүрэн хангаж, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг тодруулж, гуравдугаар сарын 12-ны дотор хариу өгч шийдвэрлэхгүй бол улстөрийн тэмцлээ зогсоохгүй, өнөөгийн Засгийн газартай улстөрийн хариуцлага тооцох дараагийн тэмцэлд шилжинэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байгаа.

Өчигдрийн жагсаал бол эрх баригчдад анхааруулга өгөх зорилготой, сануулах цуглаан байсан. Харин цаашид шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, илүү их хүн хамарсан, үндэсний хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулахад бэлэн байгаа.

Мөн өчигдөр сэтгэл зовоосон, нэлээн ноцтой асуудал ХМХ-ээр гарлаа. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь өнөөдөр үндсэндээ алдагдсан байгаа. Английн арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх, өдөр 30 мянган долларын хүү торгууль ногдуулахаар шийдвэр гарсан. Стандарт банкны гурван удаагийн нэхэмжлэлийг Английн арбитрын шүүх гурван удаа хангасан шийдвэр гарсан байна. Тиймээс өнөөдөр Эрдэнэт үйлдвэр Засгийн газарт үлдэх үү, Стандарт банканд шилжих үү гэсэн асуудал тулгараад байна.

Эрх баригчид 51 хувийн луйвраа, 49 хувиар халхавчилж, иргэдийн тархийг угааж, анхаарлыг 51 хувиас холдуулах гэсэн явуургүй арга хэрэглэсэн гэж харж байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 болон 51 хувийг Монголын төр шударгаар шалгаж, тогтоох ёстой.  

Эрх баригчид Ардчилсан намын дөрвөн жил рүү уваагүй дайрч байгаа. Бид бүх тайлбарыг удахгүй гаргаж өгнө. 

Гэтэл өнөөдрийг хүртэл эрх баригчид 1.8 жилийн хугацаанд 2.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ?

2016 онд Монгол Улс 22.4 тэрбум долларын гадаад өртэй байсан, 2018 оны тоогоор 24.9 тэрбум долларын гадаад өртэй байгаа. Зөрүү мөнгө хаачив? Бид одоо бодит тоо баримтаар асуудлыг гаргаж тавина. 

Ардчилсан нам хариуцлага хүлээх шаардлагатай бол бид хүлээнэ. МАН шиг хэн нэгэн рүү булхайгаа тохож, гүтгэж, хариуцлагаас зугтахгүй. Бид ард түмний өмнө хариуцлага, үүргээ хүлээнэ. Ардчилсан нам Монголын ард түмний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ард түмэн биднийг тодорхой хөгжлийн бодлоготой бол, хүчирхэг улстөрийн хүчин бол гэсэн даалгаврыг өгсөн гэж харж байна. Тийм ч учраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ардчилсан нам дотоод шинэчлэлийг амжилттай хийсэн" гэв.