Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Кубын хувьсгалч Фидель Кастрогийн ууган хүү амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн ууган хүү Фидель Кастро Диаз-Баларт сэтгэл санааны хямралын улмаас амиа хорлосон тухай тус улсын төрийн мэдээллийн суваг дамжуулжээ.

68 настай Диаз-Баларт амьдралынхаа сүүлийн саруудад сэтгэл санааны гүн хямралд орж, эмчилгээ хийлгэж байсан юм. Тэрээр шинжлэх ухааны доктор, Кубын ШУА-ын дэд ерөнхийлөгч, төрийн зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөх байжээ.

Диаз-Баларт нь Кастрогийн олон хүүхдийн ууган нь бөгөөд долоон жил ханилсан эхнэр Мирта Диаз-Балартаас нь төрсөн цорын ганц хүүхэд юм.

Мирта Диаз-Баларт одоо 89 настай, амьд сэрүүн байгаа ажээ.

Кубын ард иргэдийн дунд “Фиделито” нэрээр алдаршсан Диаз-Баларт цөмийн физик, цөмийн эрчим хүч, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар 11 ном, 150 гаруй судалгааны өгүүлэл бичсэн хүн юм.

Хуучин ЗХУ-д цөмийн физикээр суралцаж, Кубад цөмийн цахилгаан станц байгуулах ажлыг удирдаж байжээ.

1980-1992 оны хооронд тэр Кубын цөмийн хөтөлбөрийг удирдаж байсан ч ЗХУ нуран унаснаар санхүүжилт нь зогсож, төсөл бүхэлдээ царцсан байна.

Түүний эцэг Фидель Кастро Кубыг коммунист дэглэмтэй улс болгож, 32 жил удирдсан бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сард 90 насандаа таалал төгссөн юм.

 

Эх сурвалж: Russia Today