Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогзолмаа: Би боловсролын салбарт ямар нэгэн шинэ төсөл, хөтөлбөрийн туршилт хийхгүй

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 2 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Боловсролын салбарт ажиллагсдын чуулга уулзалт Төрийн ордонд болж өнгөрөөд удаагүй байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийг хамруулж хэдэн өдөр үргэлжилсэн. Чуулганаас ямар ур дүн гарав?

-Засгийн газрын байгуулагдаад 100 гаруй хонож байна. Энэ хүрээнд миний хувьд хамгийн ач холбогдол өгч хийсэн томоохон ажил боловсролын салбарынхаа бүх багш нартай уулзаж үгийг нь сонсох байсан. Боловсролын салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч буй багш нарт өдөр тутамд нь ямар асуудал тулгамдаж байдаг. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн боловсролын салбарт туршилт хэлбэрээр явуулсан олон төсөл, сургалтын хөтөлбөрийн аль нь хүүхдийн мэдлэгийг дээшлүүлэхэд ил үү өгөөжтэй байгааг яг мэдэх хүн бол багш нар шүү дээ.

Тиймээ зөвлөгөөнөө сургуулийн өмнөх боловсрол буюу сууринаас нь эхэлсэн юм. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар хамт сууж байгаад шийдлүүдээ ярьсан. Боловсролын салбарын зөвлөгөөнүүд 10 жилийн дараа болж байгаа гэдэг утгаар цаг хугацааны хувьд хүлээлт үүсчихсэн байсан. Хоёрдугаарт, зөвлөгөөнийг бид Төрийн ордныг сонгож хийсэн нь санамсаргүй хэрэг биш. Багш нар маань төрийн шийдвэр гаргалцахад би оролцлоо гэдэг мэдрэмжийг аваасай гэж хүссэн. Учир нь төрийн боловсролын үйлчилгээг ард түмэнд хүргэж байгаа хүмүүс нь тэд шүү дээ.

Зөвлөгөөнөөс олон сайхан үнэтэй зөвлөмжүүд гарлаа. Бид зөвлөгөөн хийж, зөвлөмж гаргаад түүнийгээ цаасан дээр буулгаад тунхаглаад орхичихгүй. Манай яамны 2018 оны ажлын төлөвлөгөө энэ зөвлөмж дээр суурилж гарна. Тулгамдсан асуудлаа л шийдэх төлөвлөгөө гаргана гэсэн үг. Олон тулгамдсан асуудал байхад нөгөө талд нь өөр ажил хийнэ ээ гээд төлөвлөөд сууж байж болохгүй шүү дээ. Тиймээс яг тулгамдсан асуудлаа барьж аваад шийдээд явна. Зөвлөмж дээр суурилсан төлөвлөгөө, төлөвлөгөөн дээр суурилсан хөрөнгө оруулалт гээд цогц байдлаар шийдэх юм бол ажил маань шат ахина.

-Засгийн газар сургууль цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдэх зорилго тавьсан. Тэгэхээр хүрэлцээ, хангамжийн асуудал бүрэн шийдэгдэх юм байна гэж ойлгож байгаа. Боловсролын салбарын ажилтнуудтай уулзаж байхад өөр ямар тулгамдсан асуудлыг голлон нэрлэж байсан бэ?

-Боловсролын салбарыг олон хүн “Хүүхдүүдийн сурлага, сургалтын чанарт анхаарахгүй. Баахан тендертэй ноцолдож байна’’ гэж шүүмжилдэг. Би сайдын хувиар энэ удаагийн хөрөнгө оруулалтын асуудлын ихэнхийг орон нутагт нь шилжүүлэх талаар шинэчлэлийн шинж чанартай бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, 252.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 157 ажлыг орон нутаг руу шилжүүллээ.

Тухайлбал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу 54, Улаанбаатар хот руу 48, орон нутагт 55 ажил шилжүүлээд байна. Өвөрхангай аймагт 11, Баянхонгор аймагт найм, Өмнөговь аймагт тав гэх мэт сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг шилжүүлсэн. Өмнө нь орон нутагт ямар нэгэн байдлаар эрх шилжүүлсэн боловч ажлын гүйцэтгэлийн чадваргүй компани шалгаруулж хөрөнгө мөнгө үрэгдүүлсэн гашуун туршлагатай газрууд руу болгоомжтой хандаж шилжүүлэх асуудлыг харзнаж байна.

Ингэж ажилласнаар 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд үндсэндээ Монгол орны сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Зөвлөгөөнөөр барилга байшин, аятай тухтай сайхан орчноос илүүтэй тулгамдсан асуудал бол багш нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх юм гэдгийг тодорхойлсон. Багш нар маань мэргэжил, мэргэжлээрээ захиалгатай сургалтад байнга хамрагдах шаардлагатай байна.

Жишээ нь, цаг цагаар нийгэм өөрчлөгдөж, технологи сайжирч байгаа үед мэдээлэл технологийн багш түүнтэй уралдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байх шаардлагатай шүү дээ. Тэгэхээр тус чиглэлд БСШУСЯ энэ жил онцгой анхаарч ажиллана.

-Барилга байгууламжийн барих эрхээ шилжүүлж байна гэхээр та нэлээд том эрх мэдлээсээ татгалзаж байгаа юм байна даа?

-Ажлын үр дүн чухал шүү дээ. Энэ жил маш их ажил хийхээр төлөвлөсөн. Бүгдийг нь яам амжуулж чадахгүй. Бүх зүйлийг яам дээрээ авчихвал хүн хүч хүрэлцэхгүй учраас хайран сайхан ажлуудаа хугацаанд нь багтааж чадахгүйд хүрнэ. Гэхдээ орон нутагт барилгын ажлуудыг шилжүүлэхдээ бид шаардлагуудаа маш сайн тавьж байгаа. Наад зах нь санхүүгийн боломжтой, татварын ергүй, ямар нэгэн асуудал үүсэхэд өөрсдийнхөө чадлаар ажлаа дуусгачих чадвартай компаниудыг шалгаруулж байж хийнэ.

Эхлээд төсвийн мөнгийг авчхаад алга болчихсон гашуун туршлага байдаг шүү дээ. Хуваарилагдсан ажлуудад хяналт тавих групп гаргаад шаардлагатай бол зарим барилга, зургийн инженерүүдтэй гэрээт байдлаар ажиллаад бүсчлээд явна. Ажлаа зөв эхэлж үү, зургийнхаа дагуу явж байна уу гээд бүхнийг хянаж байж сайн үр дүн гарна гэж бодож байгаа.

-Боловсролын сайд өөрчлөгдөх бүрт ямар шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх бол гэсэн хүлээлт үүсдэг болчихжээ. Сүүлийн жишээ гэхэд л “Кембриж”, “Цөм” хөтөлбөр гээд байна. Таны хувьд төлөвлөсөн зүйл бий юу?

-Би боловсролын салбарт ямар нэгэн шинэ төсөл, хөтөлбөрийн туршилт хийхгүй. Харин “Цөм”, “Кембриж” гээд олон улсын магадлан итгэмжлэгдсэн олон хөтөлбөрүүд дээр дүн шинжилгээ хийнэ. Чанарыг нь сайжруулна. Хичээл бүр дээр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулж тэд аль нэг хөтөлбөрийн тэр, энэ хэсгийг хасах эсвэл нэмэх шаардлагатай гэсэн дүгнэлтээ гаргаж ирнэ. Түүн дээр нь шийдвэр гаргахдаа би анхааралтай хандана.

Өнөөдөр монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлийн цаг хасагдсан байна. Монгол хүүхдэд хамгийн хэрэгтэй ийм хичээлүүдийн цаг нь хасагдсан мөртөө ерөнхий эрдмийн бусад хичээлийн цаг нь нэмэгдсэн байх жишээтэй. Үүнийг зөв болгох ёстой. Өмнөх нь хэрэгжиж байсан зөв зүйлсийг авна. Хичээлийн хөтөлбөр нэг хүн ирээд сольдог, хурдан солигддог, тогтворгүй байж болохгүй. Үүнийг магадгүй хуульчилж, журамлах шаардлагатай бол эрхзүйн хувьд баталгаажуулж 10-15 жилд нэг хөдөлгөдөг болгох нь ч тулгамдсан асуудал болжээ. Тиймээс энэ талаар судалж, ажиллах бодолтой байна.

-Уран зохиолын хичээлийн цагийг таныг хассан мэт мэдээлэл нэг хэсэг гарсан. Ялангуяа сошиал орчинд нэлээд явсан санагдаж байна?

-Яах вэ, Ер нь өнөөдөр төрд ажил хийхэд хэцүү болчихсон тал бий. Юу хийх гээд юунд зориод яваа юм гэдэг мөн чанарыг ойлгох гэхээсээ илүүтэй ганц нэг үгэн дээр тоглож элдвээр харлуулах зүйл хүчээ авчхаж. Зорилготой дамжуулсан зүйлд бусад хүмүүс итгэж цааш нь түгээж байгаа юм ч бий. Би өнөөдрийг хүртэл хичээлийн нэг ч хөтөлбөрийг оролдоогүй байгаа. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хүүхдийн хувь заяагаар тоглох ухамсар надад байхгүй.

Би өөрөө багш мэргэжилтэй хүн, хоёрдугаарт ямар шийдвэрийг өдөрт нь, аль шийдвэрийг урт хугацаанд судалж гаргах ёстой вэ гэдгээ ялгаж салгана. Тийм болохоор миний хувьд өөрийн чинь ярьсан шиг тийм ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Харин түүх, монгол хэл, уран зохиол, биеийн тамир, эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Сургалтын хөтөлбөрийг зохиодог сургалтын менежер, мэргэжлийн багш нарынхаа тусламж дэмжлэгтэйгээр ирэх оны хичээлийн жил эхлэхэд түүнтэй уялдсан сурах бичгийн асуудлыг давхар шийднэ. Ингээд ирэх жилийн хичээлийн жил эхлэхэд ямар ч байсан цаашдаа хэдэн жил тогтвортой, хөдлөхгүй байх хэмжээний сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргахын төлөө мэргэжлийн багш нар, яамныхаа мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана.

-Сургууль, цэцэрлэг нэмэгдүүлэх 157 барилгын ажил байгаа гэж та хэллээ. Энэ хэрээр ажлын байр бий болох уу. Эсвэл байгаа нөөцөө ашиглах юм уу?

-Нэг сургууль эсвэл цэцэрлэг баригдлаа гэхэд хүүхдийн тооноос хамаараад хэдэн багш, туслах ажилтан хэрэгтэй вэ гэдэг өөрөө батлагдсан норм нормативтай. Яг тэр утгаараа олон ажлын байр нэмэгдэнэ. Ажилгүй байгаа олон багш нарт том боломж болно гэж харж байгаа. Өнөөдөр яг албан ёсоор бүртгэлд орчхоод багшийн орон тоо гарах юм бол ажиллах хүсэлтэй 8,500 орчим хүн бий. Энэ олон багш нарт маань баталгаатай ажлын байр нэмэгдэх сайн талтай

. Өөрийг чинь энэ асуудлыг хөндсөн дээр хэлэхэд бид хоосон байшин бариад байхгүй шүү дээ. Анги болгонд ширээ сандал, дуу хөгжим, биеийн тамирын зааланд нь хичээлийн зохих хэрэглэгдэхүүн, хүүхдийн гал тогооны танхимд нь тоног төхөөрөмж хэрэгтэй. Тийм учраас боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төлөвлөлт гэдэг цоо шинэ ойлголтыг оруулж ирсэн. Тэгэхгүй бол шинэ сайхан сургууль есдүгээр сарын 1-нд нээчихдэг.

Гэтэл хүүхдүүд сууж хичээл хийх сандал, ширээгүйгээс болоод хайран сургуулиа ашиглахгүй байгаа тохиолдол гарч байсан би энэ барилга байшингийн төлөвлөлттэй тоног төхөөрөмж, хүний нөөцийн төлөвлөлтийг урсгал зардалтай нь хамт хийх ийм зүйл рүү үүрэг даалгавар өгөөд ажиллаж байгаа.

-Цэцэрлэг, сургуулийн барилга, багш нарын зөвлөгөөний хувьд ийм байдаг байж. Таныг тойрсон сенсаацийг харж байхад та сургуулиудын захирлуудыг халж солиход их анхаараад байгаа мэт харагдаад байгаа?

-Нэг л зарчим бий. Ажлаа аваад гурван cap болох хугацаанд ажлаа шаардлага хангах төвшинд хийж байгаа ямар ч хүнтэй би асуудал яриагүй. Цаащдаа ч ярихгүй. Тэгэхээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдсөн, мэдэгдэл авсан, мэдээлэл сонссон хүмүүс алдаа дутагдал гаргасан хүмүүс юм. Хамт олон дотроос нь санал нь ирдэг. “Энэ хүнийг өөрчлөхгүйгээр ажил сайжрахгүй. Сайд аа та энэ асуудлыг судлаач ээ" гэхэд нь би тэр дор нь зурчихгүй шүү дээ.

Судална, баримт нотолгоог нь үзнэ. Үнэхээр ямар алдаа, зөрчилтэй байгааг нь тодруулна. Үнэхээрийн ажлын байран дээр тавигдаж байгаа өндөр шаардлагыг биелүүлж чадахгүй байгаа хүн дээр л халаа, сэлгээний асуудал яригдаж байгаа. Энэ боломжийг ашиглаад иргэддээ хэлэхэд ажил хийж чадахгүй, шаардлага хангахгүй бас ёс зүйн хувь төлөвшөөгүй хүмүүс төрийн албанд ажиллах үнэхээр хүндрэлтэй. Ирж байгаа иргэдийн өргөдөл гомдолд хариу өгдөггүй, ойшоодоггүй.

Тэр байтугай гурав, дөрөв дамжаад сайд нь энэ асуудлыг анхааралтай судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гээд цохчихсон байхад дэмжлэг үзүүлэх боломжгүй ээ гээд албан бичгийг нь хаачихдаг ийм мэргэжилтэнтэй хамтраад сууж байх хэцүү шүү дээ. Эцсийн эцэст яам руу өөрөө асуудлаа шийдэж чадах боломжгүй хүмүүс аргаа бараад л ханддаг. Тэд хүсэлтээ өгөөд асуудлынхаа хариуг хүлээдэг байхгүй юу. Тэгэхэд нь үл ойшоосон байдлаар хандаж байгаа хүмүүсийг ажлын шаардлага хангаж байна гэж үзэх үү.

-БСШУСЯ-нд хүсэлт, өргөдөл гаргасан бол хаашаа цохогдож байгааг нь харж болдог болсон байна лээ?

-Нэг байшин дотор байж дөрөв дамжиж нэг хүний асуудал шийдэгддэг. Төрийн нарийн нь газрын даргад, газрын дарга нь мэргэжилтэнд цохоод дамжаад байдаг. Ийм байж болохгүй. Тэгэхээр нэлээд сайн шинэчлэлийн асуудлыг яамандаа очоод хийсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэчхээд техник технологийн дэвшигч яаманд үнэхээр байгаагүй. Зарим компьютер нь гацдаг. Ажлын шаардлага хангадаггүй. Бага багаар асуудлыг нь үе шаттайгаар шийдээд явж байна.

Одоо бол Сүхбаатар дүүргийн иргэн Наранцэцэгээс ирсэн бичиг хэдэн сарын хэдний өдөр сайд руу ороод хэн рүү цохогдсон бэ гэдгийг шууд компьютер дээр харж болно. Тэгээд хариу нь өгөгдсөн эсэхийг нь харчихдаг хяналтын систем сайжирснаар өнөөдөр ахиц дэвшил гарна гэж бодож байгаа. Ийм хэлбэрт ажиллаад сарын хугацаа өнгөрч байна. Бүр сонирхолтой нь яамандаа хандахаар хариу өгөхгүй мөртөө бичгийг нь хаачихдаг.

Эзэн нь ирээд би сарын өмнө бичгээ егсөн хариу нь алга байна гэхээр бичиг хэргээс нь хайгаад олддоггүй. Тэгээд дахиад би бичгээ өглөө шүү гэхээр дахиад хоёр дахь бичигт нь хариу байдаггүй зүйл байсан. Ажлын шаардлага, зарчмын үүднээс ингэж иргэдийг чирэгдүүлж байгаа ямар ч мэргэжилтэнтэй би эвлэрч чадахгүй. Нэг зүйлийг анзаарахад өөрийгөө өөрчлөх, бусдын төлөө ямар хариуцлагатай байгаагаа ухамсарлах, мэргэжлийн ёс зүй гаргах, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлээд сууж байгаа гэдгээ ойлгож ажиллах ухамсар бол үнэхээр төрийн албан хаагчдын маань дунд суларсан юм байна.

Яаманд ажил хийдгээ би дарга хийж байна гээд бодчихдог. Тэгээд иргэн орж ирээд асуудлаа танилцуулахаар загнадаг, бухимдуулдаг, бүр уйлуулаад суулгаж байгаа хүнтэй би таарсан. Өрх толгойлсон, хохирсон эмэгтэй хэдэн удаа ирсэн байхад нь асуудлыг нь шийдэж өгдөггүй. Аль болохоор надтай уулзуулахгүй хөөгөөд гаргачих гээд байгаа байхгүй юу.

Өнөө хүн нь хөөрхий уйлаад “Та нар шийддэггүй юм бол сайдтай чинь уулзана” гээд үүдэн дээр уйлаад хүлээж байгаа юм. Шийдэх бололцоотой л асуудал байсан. Түүнийг нь шийдээд өгсөн. Үүний цаана юу хэлэх гээд байна гэхээр төр иргэндээ үйлчлэхийн төлөө байдаг юм аа. Төрийн байгууллагууд иргэнд ямар нэгэн хүнд сурталгүй, ялгаварлан гадуурхалтгүй хандах учиртай. Тэр иргэн орлоготой юу, орлогогүй байна уу, гаднаас нь харахад ядарсан, зовсон хэн ч байсан бүх л хүнд тэгш үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл өнгөн талаас нь асуудалд ханддаг хандлага бол үнэхээр алхам тутамд харагдаж байгаа учраас үүнтэй би тэмцэж байгаа гэж хэлэхийг хүсэж байна.

-Гэхдээ та сургуулиудын захирлуудыг солино гэдгээ та эхэлж зарлаад байх юм. Зүгээр өрөөндөө дуудаад ч юм уу асуудлыг шийдчихгүй яагаад зарладаг юм бэ. Бусад ажлаа хийж байгаа хүмүүст дарамт болж байна гэсэн шүүмжлэл бий?

-Би зарлая гээд зарлаад явахгүй шүү дээ. Хэвлэлийнхэн хүрч ирээд та, түүнийг солих гэж байна уу гэж асуухад нь хариулж байгаа. Өөрөө сэтгүүлч хүн мэднэ дээ. Гараад ирэхээр бүчиж байгаад ажилд чинь ямар урагш байна гэхээс илүүтэй дандаа л хүний асуудал, та ингэсэн, тэгсэн юм уу гэж асуудаг шүү дээ. Асуусанд нь хариулахаар дахиад сенсаац болдог. Хариулахгүй бол хариулсангүй гэж бичдэг тал бий.

-Боловсролын салбарынхаа зөвлөгөөнийг хийчихлээ. Бусад чиглэлийнхээ зөвлөгөөнийг хийх үү?

-Ажлаа аваад мөн л арав гаруй жил завсарласан байсан соёлынхоо үндэсний зөвлөгөөнийг хийсэн. Тийм учраас соёлын талаар хийх ажлын маань чиг шугам бол гарчихсан. Одоо спортын салбарынхны зөвлөгөөн үлдсэн байгаа. Бид дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж байна. Спортын тухайд ярихад сая өөрийн чинь хэлдгээр амжилт гаргаад ирсэн тамирчныг тойрч спортоо ойлгож болохгүй. Олимп болдог төрлүүдээр болон мэргэжлийн спортын агуулгаар спортын бодлогоо хардаг байж таарахгүй.

Ер нь хүн болгонд хэрэгтэй бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх нь чухал. Монгол хүнийг эрүүл байлгах, урт наслуулах асуудал тулгамдаж байна. Өнөөдөр таргалалт, хөдөлгөөний хомсдол, үүнтэй холбоотой зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчин, сахарын өвчин гээд олон дуулддаггүй байсан өвчнүүд хотжилттой холбоотойгоор олонхыг хамрах боллоо. Эдгээртэй биеийн тамир спортоор хичээллэж тэмцдэг юм. Энэ бүх зүйлүүдээ нэлээд сайн ярилцана гэж бодож байгаа. Уг асуудал дээр онцгойлон анхаарах боломжууд бий.

Зураг