Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон Хойд Солонгост түрүүлж цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаа нь тодорхой болов уу?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Цагаан ордон Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайдаар нэртэй солонгос судлаач Виктор Чаг томилох гэж байснаа гэнэт больсон юм.

Энэ явдлыг ажиглагчид Пёньяны дэглэмийг хэлэлцээрийн ширээний ард хүчээр суулгахын тулд Вашингтон хүч хэрэглэхээр бэлдэж байгаатай холбон тайлбарлаж байна.

Виктор Ча бол Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн хэрэг хариуцсан захирлаар ажиллаж байсан, ерөнхийлөгч Жорж Бушийн Солонгосын асуудал хариуцсан гол зөвлөгч байсан хүн юм.

Шинжээчдийн дүгнэлтээр тэр ерөнхийлөгч Трампын зэвсгийн хүч хэрэглэх стратегийг дэмжихгүй байгаагийн улмаас Сөүлд суух элчингийн албан тушаалд суухгүй болж байгаа гэнэ.

Тиймээс Трамп өөрийнх нь санааг дэмжих хүнийг Өмнөд Солонгост илгээхээр болсон байна. Дональд Трампын стратегийг мэргэжилтнүүд “хамраас цус гаргах” гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь дайн дэгдээх хэмжээний биш, Пёньяныг цочролд оруулах хязгаарлагдмал хэмжээний гэнэтийн цохилт байх ажээ.

Ийм цохилтоор Ким Жон Уныг хэлэлцээрийн ширээний ард хүчээр суулгана гэж Цагаан ордон тооцоолж байгаа бололтой.

Гэвч Виктор Ча “хамраас цус гаргах” аргыг дэмжихгүй, энэ нь Өмнөд Солонгос, Японд амьдарч байгаа хэдэн зуун мянган Америкчуудыг эрсдэлд оруулна гэж үзэж байгаагаа саяхан илэрхийлж байжээ.

Нэг үгээр хэлбэл тэр Вашингтоны гэнэтийн цохилт Ким Жон Уны хариу цохилтгүйгээр хэрэгжихгүй гэж үзэж байгаа юм.

Гэхдээ Виктор Ча “АНУ цэрэг дайны ажиллагаанд бэлэн байх ёстой. Хэрвээ Хойд Солонгосын зүгээс түрүүлж цохилт өгвөл энэ нь хэрэгтэй. Харин бид түрүүлж цохилт өгвөл цөмийн дайн эхлүүлэх аюултай” гэж бичиж байжээ.

Одоогоор Цагаан ордон Сөүлд суух элчин сайдын дараагийн нэр дэвшигчийг хайж байгаа тухай дипломат эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post