Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп ногоон картыг зогсоохоо амлаж, Орос, Хятадыг гол дайснаараа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн орой Дональд Трамп жил бүр АНУ-ын ерөнхийлөгчийн Конгресст танилцуулдаг илтгэлийг анх удаа тавилаа.

Уг илтгэлдээ Америкийн төрийн тэргүүн тухайн онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ зөвхөн конгрессийн гишүүдэд төдийгүй ард иргэдэд мэдээлдэг юм.

Трамп хэлсэн үгэндээ дотоодын болон гадаадын өрсөлдөгчид рүүгээ чиглэсэн хэд хэдэн хатуу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Хойд Солонгосыг “харгис, дампуу дэглэм” гэж нэрлээд “Хойд Солонгосын цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал удахгүй манай эх оронд аюул учруулна. Бид ийм аюулаас сэргийлэхийн тулд дарамт шахалтаа дээд зэргээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Аюулыг үл тоох, найр тавих нь байдлыг улам хурцатгадаг гэдгийг бидний өнгөрсөн түүх харуулж байна. Биднийг өнөөдрийн байдалд хүргэсэн өмнөх засаг захиргаануудын алдааг би давтахгүй” гэж хэлсэн юм.

Дараа нь тэр Орос, Хятад улсуудыг “манай ашиг сонирхол, эдийн засаг, үнэт зүйлд аюул учруулагч өрсөлдөгчид” гэж нэрлэжээ. “Ийм аюултай нүүр тулахдаа бид сул дорой байх нь гарцаагүй мөргөлдөөнд хүргэнэ, харин илүү хүчтэй байх нь цорын ганц өөрийгөө хамгаалах арга гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж Трамп хэлжээ. Тэр энэ үгээрээ ирж буй онд батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх санаагаа Конгресст илэрхийлсэн бололтой.

Трамп цагаачлалын бодлогодоо дөрвөн суурь зарчимд тулгуурлан шинэчлэлт хийхээ мөн танилцууллаа.

Эдгээр зарчмууд нь “Dreamer” (цагаачдын АНУ-д төрсөн үр хүүхэд) ангиллын 1.8 сая цагаачид иргэншил авах боломж олгох, өмнөд хил дагуу хана хэрэм босгох, ногоон картны сугалааг бүр мөсөн зогсоох, “гинжилсэн цагаачлал”-ыг төгсгөл болгох ажээ.

“Гинжилсэн цагаачлал” гэдэг нь нэг цагаач хязгааргүй тооны төрөл төрөгсдөө АНУ-д татах боломж юм байна. Трамп энэ үзэгдлийг цэгцэлж, зөвхөн цагаачийн гэр бүлийн хүн, бага насны хүүхэд гэсэн хязгаарлалт тогтоохоо амласан юм.

Тэрээр АНУ-ын нутаг дэвсгэрт гарах болсон террорист халдлагуудад замбараагүй цагаачлалын бодлогыг буруутгажээ.

Трамп энэ удаагийн илтгэлдээ саяхан хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт, Исламын улс бүлэглэлийг бут цохисон ялалт, Америк дахь үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээлийн сэргэлт, ажлын байрны нэмэгдэлт зэрэг бүрэн эрхийн эхний нэг жилдээ гаргасан эерэг өөрчлөлтүүдийг дурдсан байна.

 

Эх сурвалж: CNN