Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүд хүчингийн хэрэг гэх мэт ёс зүйн асуудлуудад холбогдох болоод байна.

Уг нь бол тэдэнд ёс зүйн дүрэм гэж бий. Энэхүү дүрмээр албаны үйл ажиллагаанд баримтлах болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. 

УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмээс дараах 9 хэм хэмжээг онцлон хүргэж байна. 

Албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ 

  1. Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална.
  2. Бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, 
  3. Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
  4. Ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх.       

Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ёс зүйн хэм хэмжээ

       5.Гишүүн нь нийт иргэн, төр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх,

       6.Албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх;

       7.Гишүүн аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон санхүүгийн нөлөөнд автахгүй байх,

       8.Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн нэр хүнд, эрх мэдлийг  ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олж авах,  давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах, бусдад нөлөөлөх оролдлого хийх, 

       9.Бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэх болон хууль ёсны шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлөхгүй байх гэж заажээ. 

Олон нийтийн дунд анхаарал татаад байгаа бас нэг асуудал бол Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандсан тухай юм. Хуульчид Б.Наранхүү гишүүнийг хурлаа тасалж, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул огцруулах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. 

2017 оны хаврын чуулганы нэгдсэн мэдээнээс харахад Б.Наранхүү таслалтаараа тэргүүлсэн бөгөөд 25 хуралдааны 21-д нь л суусан талаар бид мэдээлсэн. 

2016 оны намрын чуулганаар ч таслалтаараа тэргүүлсэн гишүүн бол Б.Наранхүү байсан юм. Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд нэг ч удаа үг хэлж, асуулт асуугаагүй УИХ-ын хэсэг гишүүдийн эгнээнд тэрбээр багтаж байгаа. 

Б.Наранхүү гишүүн хуралдаанд суудаггүй, идэвх оролцоо муутай зэргээр нь тооцож үзэж "УИХ-ын гишүүн нь нийт иргэн, төр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд заасан "Ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх" гэдгийг ч бас зөрчсөн байх магадлалтай болоод байна.   

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан Б.Наранхүүгийн асуудлаарх гомдлыг хариуцаж байгаа бөгөөд маргаан үүсэх эсэхийг хоёрдугаар сарын 05-ны дотор шийдвэрлэнэ.