Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Сүмогийн холбоо бүх бөхчүүдээс байцаалт авахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Японы Сүмогийн Холбооны ерөнхийлөгч Хаккакү бөхчүүдийн хамт үзэгчдээс уучлал гуйж байгаа нь

Бөхчүүдийг тойрсон хэд хэдэн удаагийн зодоон цохионы хэргийн дараа Японы Сүмогийн Холбоо бүх бөхчүүдээс байцаалт авахаар болсноо өчигдөр зарлажээ.

Бие биенээ дарамтлах, хүч хэрэглэх явдал өмнө нь тохиолдож байсан эсэхийг бөх нэг бүрээс асууж тодруулах юм байна. Сүмогийн Холбооны ерөнхийлөгч Хаккакү Япон улсын спортын сайд Ёшимаса Хаяашитай уулзахдаа энэ шийдвэрийг гаргажээ.

Байцаалтад сүмогийн салбарын гадна ажилладаг экспертүүдийг урьж оролцуулах ба ирэх хоёрдугаар сард зохион байгуулахаар болсон байна.

Хаяаши сайд уулзалтын дараа “Дуулиант хэргүүдийн дараа сүмогийн нэр хүнд унасан гэж би бодож байна. Дахин ийм явдал гаргахгүйн тулд Сүмогийн Холбоо өөрийгөө түргэн шинэчлэхийг би хүсэж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард ёкозуна Харумафүжигийн оролцсон зодооны хэрэг дэгдэж, тэрээр арваннэгдүгээр сард зодог тайлсан. Саяхан, нэгдүгээр сарын 24-нд мөн 2014 онд гарсан зодоон, дарамталсан хэрэг дэлгэгдсэн юм.

Тухайн үед бөх байсан хүн хохирогч гэдгээ зарлаж, шүүхэд хандсанаар өөрийг нь зодсон ахмад бөх, хэргийг дарагдуулсан дэвжээний багш нараас нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Өчигдөр нэгдүгээр сарын барилдаан өндөрлөж, Рёгоку Кокугикан ордонд цугласан үзэгч олонд Хаккакү тэргүүн хандаж уучлал гуйсан юм. Тэр бас энэ үеэр залуу засуулд бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэж байгаа ахлах засуул Шикимори Иносукэг гурван тэмцээн дараалан шүүх эрхийг нь хассан, энэ хугацаа дуусмагц огцрох болсныг дуулгасан байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun