Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сарантуяа: Өнгөрсөн онд Баян-Өлгий, Дундговь, Завхан аймгийн зарим суманд гэмт хэрэг гараагүй

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны нэгдсэн дүн мэдээг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр танилцууллаа. 

"Нийт гурван аймгийн 5 суманд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Дундговь аймгийн Өндөршир, Завхан аймгийн Ургамал, Тэлмэн, Нөмрөг сумуудад гэмт хэрэг гараагүй" талаар ШЕЗ-ийн хэргийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа мэдээлсэн юм. 

Тэрбээр "Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй гарсан.

Үүнд: 

  • Хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,
  • Хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар, 
  • Дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар, 
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 2.4 дахин,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 97 хэргээр буюу 15.3 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна. 

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурсан. Тухайлбал олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 162 хэргээр буюу 29.9 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 1 хэргээр буюу 50%-иар тус тус буурсан. 

Монгол Улсын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар тус тус өссөн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувиар өссөн дүнтэй байгаа. 

Өсвөр насны хүний тоо 65-аар буюу 18 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 204 буюу 11.5 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 115 хүнээр буюу 8.3 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 527 хүнээр буюу 30.4 хувиар тус тус өссөн байна. 

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 3,852 байна. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 42.7 хувийг эзэлж байна" гэлээ. 

Ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 18.1 хувиар өссөн

 
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах "Дампуурлын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 18 хэргээр буюу 2.8 дахин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 3 хэргээр буюу 0.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Захиргааны хэрэг Төрийн албаны маргааны тoo өсч, газрын маргааны тoo буурсан. Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 58.3 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 34.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 21.1 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа юм. 

Ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 18.1 хувиар өссөн.  Харин сонгуулийн маргаан 77.2 хувиар, татварын маргаан 39.4 хувиар, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 30.7 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 12.5 хувиар, газрын маргаан 11.2 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 3.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо нэмэгдсэн. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 8.2 хувиар, иргэний хэрэг 19.7 хувиар, захиргааны хэрэг 14.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2017 онд эрүүгийн 432 хэрэг, иргэний 1,829 хэрэг, захиргааны 716 хэрэг, нийт 2,977 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 3.6 хувиар буурсан бол иргэний хэрэг 10.5 хувиар, захиргааны хэрэг 30.7 хувиар тус тус өссөн" гэв.