Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн захиргаа Мин улсын хаадын бунхнаас 15,000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын сүүлчийн эзэнт гүрэн гэгддэг Мин улсын 13 хаан, 23 хатныг оршуулсан Дэлхийн Соёлын өвд тооцогддог газраас 15,000 орчим иргэнийг Бээжингийн захиргаа нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Түүхэн дурсгалыг хамгаалж, сэргээн босгохын тулд түүний орчмын 87 км.кв талбайд орших 16 тосгоны иргэдэд шинэ газар олгон нүүлгэх юм.

Сэргээн босгох ажиллагаа дууссаны дараа Мин улсын 13 хааны бунхан олон нийтэд нээлттэй болох гэнэ. Одоогоор жуулчид зөвхөн гурван хааны бунхныг үзэх боломжтой байдаг.

Бээжин хотоос баруун хойд зүгт 50 км зайд оршдог хаадын оршуулгын газрыг 2003 онд Юнеско  дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ. Зөвхөн хаад, хатад бус мөн хоёр ханхүү, 30 гаруй татвар эмсийн шарил энд хадгалагддаг гэдэг. Тэд бүгд 1409-1644 оны хооронд амьдарч байжээ. Хамгийн сүүлд Мин улсын сүүлчийн эзэн хаан Чонжэнь дотоодын тариачдын бослого, нүүдэлчин Манж аймгийн довтолгооны үеэр амиа хорлож, энд оршуулагдсан юм.

Бунхныг тойрон амьдардаг 15,000 иргэний ихэнх нь булшийг хамгаалагчдын үр удам бөгөөд газар тариалан эрхлэн амьдардаг ажээ. Тус газраас сүүлчийн хаан Чонжэний бунхны 200 кг жинтэй хоёр чулуун бойпор 2016 онд хулгайд алдагдсаныг орон нутгийн албаныхан нууцалж байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард илрүүлж байжээ.

Үр дүнд нь нутгийн захиргааны дөрвөн албан хаагч ажлаасаа халагдаж, хулгайч нарыг илрүүлсэн юм. Чулуун бойпоруудыг ч буцаан байрлуулжээ.

Тариачдыг шинэ нутагт шилжүүлэн суурьшуулж, нийгмийн асуудлыг нь шийдэхээр төлөвлөсөн байна.

Харин бунхныг сэргээн босгосны дараа дотоод, гадаадын жуулчдыг татах нэгэн томоохон дурсгалт газар болох юм.

 

Эх сурвалж: South China Morning Post