Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын яамны удирдлагууд ард түмэнд учрах аюулыг бий болгож байна

С.Уул
2018 оны 1 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Барилга хот байгуулалтын яамны сайдын Орон тооны бус зөвлөх, Конструктор инженер Б.Баасантай ярилцлаа.

-Барилгын тухай хууль батлагдсан. Та 1998, 2008 онд хууль боловсруулахад оролцсон. 2016 онд батлагдсан хуулийг та шинэчлэн боловсруулсан. Үүний онцлог юу вэ?

-Барилгын тухай хууль анх 1998 онд батлагдсан. Дэд бүтцийн салбарын бусад Автозам, Эрчим хүч, Хот байгуулалтын хуулиуд ч тэр үед анх батлагдаж мөрдөгдсөн. Энэ үеэс салбарууд өөрийн хэрэгжүүлэх чиг үүрэг, бодлогоо тодорхойлсон хуультай  болж байсан үе л дээ. Барилгын тухай анхны хуулийг боловсруулахад би Зураг төслийн болон төрийн хяналтын хэсгийг бичихэд оролцсон. Тэр үед Дэд бүтцийн улсын хяналтын албанд байцаагчаар ажиллаж байсан юм.

2008 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулийг боловсруулахад оролцож түүнийг дагалдан гарах 20-иод дүрмийг боловсруулж батлуулсан. Энэ үед 2016 онд батлагдсан хуулийн үндэслэл, суурь тавигдсан гэж үздэг. Учир нь хууль дагаж гарах олон дүрэм бичиж байхад салбарын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын чиг үүрэг, салбарын олон талт ажиллагааны уялдаа холбоо, хамаарлыг хуульд тусгах чиглэлүүд тодорхой болдог юм байна гэж санагдсан. Ер нь салбарын хууль бичихэд олон жилийн судалгаа, шинжилгээ их хэрэгтэйг тэгэхэд ухаарсан даа.

Би манай барилгын салбар үүсэж бий болсон 1926 оноос хойших барилгын салбарын төр, аж ахуйн байгууллагуудын тогтолцоог болон түүний хэрэгжүүлж байсан чиг үүргийг ямар байгууллагаас хариуцаж хэрэгжүүлж байсныг судалсан. Үндсэндээ 13 төрлийн хэлбэр маягийн тогтолцоог туулж өнгөрүүлсэн байна гэж үзсэн. Судалгаагаар ямар байгууллага аль чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа оноо, эерэг сөрөг талуудыг гаргахыг оролдсон юм.

Энэ нь 2016 оны шинэчлэн найруулсан барилгын хуулийн үндсэн үзэл баримтлал нь болсон. Гэвч энэ хуулийг дагаж гарах дүрэм, журмыг боловсруулахад оролцож байхад бас дутуу, дулимаг бодож тусгасан зүйл байна. Ер нь хуулийн үг, заалт бүр салбарын жаргал зовлонг тээж явдгийг мэргэжлийн хүмүүс, салбарын удирдлага мэдэж баймаар юм билээ.

2016 онд шинэчилсэн Барилгын тухай хууль 9 бүлэг 50 зүйлтэй. Хуульд барилга байгууламжийг төвөгшлөөс нь хамааруулан ангилж, үүнийг барилгын ажлын зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах, тусгай зөвшөөрөл өгөх, ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, зэрэг дэв олгох, магадлал хийх зэрэг үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зохицуулалтыг тусгасан.

Тухайн байгууллага, ажилтны үзэмжээс шалтгаалан хүнд суртал гаргадаг явдлыг зогсоох зорилгоор барилгын ажлын зөвшөөрөл, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох процессыг хуульд нарийвчлан зохицуулсан бөгөөд тодорхой хугацаа тогтоож өгсөн болно. Мөн барилгын үйл ажиллагааны мэргэжлийн оролцогчдын эрх үүргийг тогтоох, даатгалд хамруулах, барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэж гэрчилгээ олгох, барилгын компанийг бүртгэх, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага тооцох харилцааг зохицуулах зорилго тавьсан.

-Хууль дагаж гарах 30-аад журам бий. Үүнийг боловсруулж батлагдсан байдал хэр байна вэ?

-Хуулийг дагалдаж 34 дүрэм, журам батлагдахаас Засгийн газрын тогтоолоор найм, сайдын тушаалаар 24, Шадар сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга тус бүр нэг нэг дүрэм, журам боловсруулж, батлуулах юм.

Засгийн газрын тогтоолоор Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм, Барилгын ажлын захиалагчийн дүрэм, Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг батлуулаад байна.

Сайдын тушаалаар 15 дүрэм, журам батлуулсан гэсэн тайлан байгаа бөгөөд бусад нь одоогоор батлагдаагүй, зарим нэг Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, Барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, Инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, барилга техникийн нэгдсэн бодлого, Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн бодлого, Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацааг тогтоох дүрэм зэргийг боловсруулж эхлээ ч үгүй байгаа юм.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, хэрэгжүүлэх, бүртгэх журмууд одоо хүртэл батлагдаагүй нь хуучин журмууд шинэчилсэн хуулийн агуулгатай нийцэхгүй, хэрэглэж байгаа салбарынханд түвэгтэй л байна. Үндсэндээ хууль даган гарах дүрэм, журмын 50 хувь орчим нь батлагдсан ч зарим дүрмүүдийн уялдаа, шаардлага хангахгүй, хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүйгээс дахин засагдах хэмжээнд хүрчхээд байна.

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаад улсын барилгын норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам бол нэн чухал нэг өдөр ч алдахгүй батлуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхээ хамгаалуулахад ач холбогдолтой юм.

Хуучнаар ЗХУ-ын норм, дүрмийг 1960-аад оны үеэс шууд авч хэрэглэх, нэмэлт өөрчлөлт оруулах, үндэсний, норм дүрэм боловсруулах гэсэн хэлбэрүүдээр авч хэрэглэн өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүдийн суурийг тавьж, боловсронгуй болгосоор ирсэн. Одоогоор барилгын салбарт нийтдээ 486 барилгын норм, дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, 561 стандартыг тус тус мөрдөж байна.

Хэдийгээр жил бүр барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүдийг шинээр боловсруулах, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулдаг ч боловсруулах хурд шинэ техник, технологи, олон улсын туршлагыг нэвтрүүлэх хэрэгцээнээс хоцорч байна.

Иймд Монгол Улсын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр зохицуулаагүй асуудлыг олон улс, гадаадын барилга байгууламжийн норм, дүрмийг бүртгэх, хэрэглэх замаар барилгын салбарын техникийн бодлогыг хөгжүүлэх, гадаадын барилгын норм, дүрмийг цаг алдалгүй дотооддоо хэрэглэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, норм, дүрэм боловсруулах хугацаа болон зардлыг бууруулах зорилготойгоор Барилгын тухай хуульд барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрмийг бүртгэх, хэрэглэх журмыг батлуулахаар тусгасан юм. Нөгөөтээгүүр энэ нормативын баримт бичгүүд дэд бүтцийн салбарт хүлээлт үүсгээд байна.

Хууль батлагдаад хоёр жил өнгөрч байхад даган гарах дүрэм журмын боловсруулалтын байдал ийм байгааг барилгын салбарын эрх зүйн орчны баримт бичгүүд иж бүрэн болоогүй гэх үндэслэл байна.

-Дагаж гарч байгаа дүрэм журмуудад хуулийн үзэл санаа хэр тусч байна вэ?

-Одоогоор Засгийн газрын тогтоолоор дөрөв, Шадар сайдаар нэг, Барилга, хот байгуулалтын сайдаар 15 дүрэм, журам батлагдаад байна гэж би өмнө дурдсан. Батлагдсан журам, дүрэмд хуулийн үзэл санааг тусалгүй яах вэ. Гэхдээ салбарын жаргал зовлонг төдийлөн мэдэхгүй, мөрдөж эхэлж байгаа хуулиа олигтой судлаагүй, уншаа ч үгүй шахуу дарга, мэргэжилтнүүд дүрэм, журам боловсруулж бичих болж байгаа юм. Шинээр орж ирж төв байгууллагад ажиллаж эхэлж байгаа дарга, мэргэжилтнүүд танил талын хүрээгээ өргөжүүлэх, төв байгууллагад ажилласан нэр зүүх, аж ахуй болон төрийн бус байгууллагын эрх ашгийг хамгаалахаа, гарч буй дүрэм, журам, хуульд тусгах хандлага ихээхэн газар авч байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах, барилгын ажпыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм Засгийн газраар хоёр дахиа засагдаж батлагдсан ч барилгын хууль болон бусад дүрмийн заалттай уялдаагүйгээс гурав дахиа засагдаж батлагдахаас өөр аргагүй болоод байна.

Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм Засгийн газраар батлагдахдаа Авто замын тухай хуулиар "Барилга байгууламж” гэсэн нэр томьёоноос “авто зам” гэснийг хассан байхад уг хуулийг ашиглалтын дүрэмд хамааралтай мэтээр тусгаснаас гадна барилга байгууламжид хийх үзлэгийн төрөл, гүйцэтгэгчийг зөв тодорхойлоогүйгээс технологийн зөрчил ашиглагч этгээд зайлшгүй гаргах нөхцөлийг дүрмээр буй болгожээ. Дүрэмд ашиглагч этгээд барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх, зүгшрүүлэх тохируулах хугацаа дуусах үед эзэмшигч, ашиглагчийн авах арга хэмжээг тусгалгүй орхигдуулсан байна.

Ядахдаа ХЭГ-ын манай яамыг хариуцсан референт яамнаас батлуулахаар хүргүүлсэн дүрэм, журмуудыг дураараа засаж батлуулдгаас дүрэм, журмууд уялдаагүй болох, хуулийн үзэл баримтлалаас зөрөх, салбарын үйл ажиллагааны технологи зөрчигдөх нөхцөл буй болж байна.

Төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхдээ Сайдын тушаалаар батлагдсан дүрмийг Хууль зүйн яамаар Захиргааны хэмжээ тогтоосон актыг бүртгүүлэх явцад нь Төрийн бус байгууллагын захиалгаар дүрмийг засуулах үйлдлийг БХБЯ-ны зарим удирдлага хийдэг боллоо.

Ийм маягаар дүрэм, журам батлагдах хандлагатай болж байна. Энэ байдлыг гаргаж хэлэхээр төрийн байгууллагын хүмүүс дургүйцэхээс биш тэд засаж залруулахыг хүсэхгүй бололтой.

Одоо цаашид батлагдах дүрэм, журамд ийм байдлыг бага гаргавал салбарын үйл ажиллагаанд тус дэмтэй юм даа.

-Өмнө гарсан хуулиуд болон түүний журмуудын хоорондын уялдаа тааруу байсан. Энэ хэрхэн засагдаж байна?

-2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн шинэчлэгдсэн зүйл, заалт бүр 2008 оны хуулийн сул тал гэж үзэж болох байх. 2008 оноос хойш Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Түүнд тусгагдсан Зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бодитойгоор буй болсон.

Нөгөө талаар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэхэд нь таатай нөхцөл буй болгож, элдэв зөвшөөрлийг цөөлөх, үйлчилгээг иргэдэд ойртуулах төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг өмнөх хуульд тусгагдаагүй томоохон шийдлүүдийг хуульчилж өгсөн болно.

2016 оны хуульд Барилга, байгууламжийг барьж босгох явцад хяналт хийх эрхгүй, орон нутгийн захиргааны байгууллага газар олгох, орон нутгийн төсвийг баталж (зарим яамдуудын улсын төсвөөс санхүүжигдэж байгаа барилга, байгууламжийн санхүүжилт орон нутагт шилждэг), гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж барилга, байгууламжийн ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож, барьсны эцэст хүртэл авч байгаа нь ёстой эрх ашгийн зөрчил үүсэж авлигын төсөв буй болох үндэслэл буй болж байна.

Энэ нь болохгүйг олон практик үйл ажиллагаагаар нотолж байгаа юм. 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулийн хамгийн муу, буруу шийдэл энэ болсон доо. Үүнийг хууль боловсруулахын эхнээс нь дуустал яриад шийдүүлж чадаагүй. Намайг мэргэжлийн хяналтын газраар барилга байгууламжийг улсын комиссоор хүлээж авхуулах сонирхолтой гэсэн яриаг хүртэл гаргасан даа.

Салбарын олон талт үйл ажиллагааны хоорондын шүтэлцээ, уялдааг хуульд зөв тусгахаас гадна түүнийг даган гарах дүрэм, журмыг хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр боловсруулах нь чухал бололтой. Ийм баймааж салбарын бодлого, төлөвлөлт техникийн шийдлүүд хэрэгжиж олон түмэнд үр өгөөжөө өгөх боломж бүрддэг юм байна. Дээрх байдлуудаас харахад 2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулинд эерэг, сөрөг зүйл байгаа боловч салбар болон олон түмэнд сайнаар нөлөөлөх зүйл, заалт нь дийлэнх нь болсон гэж мэргэжилтний хувьд үзэж байна.

-Барилгын хуулийг дагаж гарах журам, дүрэм хууль батлагдсанаас хойш хоёр жил өнгөрч байхад төдийлөн жигдэрч хэрэгжсэнгүй. Үүний шалтгаан юу байна, яам, агентлаг болон холбогдох байгууллагуудын ажилчдын чадвар, чансаа, тэдний ажил төрлийн хоорондын уялдаатай холбоотой юу?

-2008 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр мөн 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Барилгын тухай хууль шинэчлэн батлагдсан. Сонин тохиолдол шүү. Байгаль, дэлхий дэлгэрэх сайн цаг дөхсөн үе. Би барилгынхаа салбарыг эдгээр хуулиудын үед улс орны хөгжлийг тодорхойлж түлхэц өгсөн томоохон салбар болтлоо хөгжих байх гэж бэлгэшээж боддог юм. Барилгын салбар чинь дэд бүтцийнхээ салбарын хувьд тэргүүлэх салбар.

Эрчим хүч, зам, тээврийн салбарт мөрдөгдөж байгаа норм, нормативын баримт бичгийн 90 шахам хувийг Барилгын салбарынхан мөрдөж байгаа. Манай улсад болон олон улсад ч ийм л байгаа.

Эдгээр салбаруудын хуулиуд тусдаа ч хууль дагасан журам, дүрмүүдийн ихэнх нь барилгын хуулийг үндэслэж боловсруулсан. Одооноос л тухайн салбарын онцлог, технологийг тусгасан журам, дүрэм гарах хандлагатай боллоо. Гэхдээ эдгээр салбаруудын хоорондын шүтэлцээ, уялдааг салгаж ойлговол том сөрөг үр дагаварт хүрэх байх гэж би ойлгодог.

Одоо таны асуултад чиглүүлж ярья. Шинэчилсэн хууль батлагдсан 2016 оны хоёр сараас хойш даган гарах дүрэм, журмуудыг боловсруулах асуудлын төлөвлөгөөг 18 сарын дараа Мөнхбаяр сайд томилогдонгуутаа тушаалаар шийдсэн байдаг юм. Эдгээр журам, дүрмүүдийн боловсруулагдсан, батлагдсан явцын талаар би сая нэлээд тодорхой ярилаа.

Одоогийн байдлаар хууль батлагдаад 24 cap өнгөрч байна. Хууль, түүнийг даган гарах дүрэм, журмууд батлагдаж, түүгээр дамжиж хэрэгжих үйл ажиллагаа жигдэрсэн байх хугацаа л даа. Хараахан ийм нөхцөл байдал буй болж чадсангүй.

Ийм нөхцөл үүсэхэд сайдуудын өөрчлөлт солигдолт ихээхэн нөлөөлсөн байх. Сайдуудаа дагаад яам, агентлаг төвүүдийн дарга, мэргэжилтний бараг 50 хувиас дээш нь солигдсон. Хууль боловсруулж байх үед ажиллаж байсан мэргэжилтэн, газар, хэлтсийн дарга яаманд бараг ажиллахгүй байна. Энэ нь дүрэм, журам боловсруулагдаагүйн нэг учир шалтгаан.

Нөгөө нэг шалтгаан нь яаманд шинээр орж ажиллаж байгаа албан тушаалтан тухайн салбарын олон талт үйл ажиллагааг мэдэх битгий хэл төрийн байгууллагад яаж ажиллах хэм хэмжээг ч мэдэхгүй хүмүүс байна. Тэд нэг зүйлийг их асууна. Тендерийг юунд зарлах, тэрний өртөг хэд, гүйцэтгэгч шалгарсан эсэхийг л их албархуу шалгаана даа. Жаалхан удаад эвээ олоод ирэхээрээ тусгай зөвшөөрлийг сонирхож, түүний комисс гишүүнд орохыг хичээнэ. Бүүр нэлээд удаад онгорхой цоорхойг мэдээд ирэхээрээ томорч, шүүхийн маргаантай асуудалд яамны бие төлөөлөгчөөр оролцож өмгөөлөгч, хамгаалагчтай нь учир эвээ олж эхэлнэ. Энэ ажилд мэргэжлийн хүн биш хуульч голдуу оролцдог юм. Шүүхийн дээрх асуудлуудад төрийн байгууллага ялсан тохиолдол ховор.

Иймэрхүү төлөв байдалтай яаманд хууль дагасан журам дүрэм түргэн боловсрох уу. Гэхдээ яам болон төвд мэргэжлийн чадвар чансаагаа гаргаж ажиллах сонирхолтой, чадвартай залуучууд байна. Гагцхүү тэднийг мэргэжил, арга зүйг нь зөв, оновчтой өгөөд ажиллуулах удирдлага хараахан буй болж өгөхгүй байна.

-Шинэ хуулийн нэг том үзэл баримтлал нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагад өгөх. Энэ асуудал хэрхэн хэрэгжиж байна вэ?

-2016 онд шинэчлэн баталсан Барилгын тухай хуулийн яах аргагүй нэг том үзэл баримтлал нь Төрийн зарим чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагаар 14 төрлийн чиг үүргийг гүйцэтгүүлэхээр хуульчлагдсан. 2010 онд Засгийн газрын шийдвэрээр Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд, 2017 онд Архитектурын чиглэлээр давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг Монголын Архитектурын эвлэлд шилжүүлсэн. Засгийн газраас төрийн чиг үүргийг засгийн газрын биш байгууллагад шилжүүлэх тухай 2014 онд 250, 251 тоот тогтоол гарсан юм байна лээ. Эдгээр тогтоол шийдвэр төдийлөн хэрэгжээгүй.

Барилгын зураг төсөлд магадлал хийх, барилгын ажилд тусгай зөвшөөрөл олгох, норм-нормативын баримт бичиг боловсруулах түүнийг хэрэгжүүлэх, сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, үйл ажиллагаанууд цогцоороо нэгдээд үндсэндээ барилгын салбарын бодлого, чиглэл болж байдаг юм. Үндсэндээ эдгээр үйл ажиллагаа хоорондоо нарийн уялдаа шүтэлцээтэй, салгах боломжгүй зүйл л дээ.

Эдгээр үйл ажиллагаа салж уялдахаа байвал барилгын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангасан олон зарчим алдагдахад хүрнэ. Барилга байгууламжийн бат бэх тогтвортой байх, гал болон хүрээлж буй орчин, ашиглагчийн аюулгүй байдал, зэрэг 10 гаруй чиглэлийн нөхцөлийг хангасан зарчмууд байдаг.

Нөгөө талаар норм, нормативын баримт бичгийн чанар-аюулгүй байдлын шаардлага дээр дурдсан үйл ажиллагаанууд уялдаж байж хангагдана.

Барилга байгууламжид тавих зарчим, шаардлагууд биелж байж Үндсэн хуульд заагдсан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл хангагдах боломжтой болно. Иймээс төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ дээр дурдсан нөхцөлийг хангуулж, барилгын олон талт үйл ажиллагааны уялдаа-холбоо, шүтэлцээг алдагдуулахгүй өгөх л чухал. Эдгээр нөхцөлийг алдагдуулахгүйгээр чиг үүргийг шилжүүлэх нь төрийн зүгээс өгөх албан тушаалтны, авах төрийн бус байгууллагын удирдлагуудын барилгын ажлаа хэр мэдэж гүйцэтгэж байгаагийн, мөн эрх ашгаа яаж эрэмбэлдгийн үндсэн шалгуур үзүүлэлт болох байх аа.

-Өмнө нь зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад өгсөн. Үүний хэрэгжилт, үр дүн юу байв?

-Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2012 онд Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд Сайдын тушаал гарч шилжүүлсэн.

2017 онд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулж, “Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргахад шаардагдах бэлтгэх ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-гоор гүйцэтгүүлэх Сайдын тушаал гарч, гэрээ байгуулсан байна.

Архитекторын болон хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь зохион байгуулах, Барилгын салбарын хот төлөвлөлт, архитекторын чиглэлийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын чиг үүргийг “Монголын Архитекторуудын эвлэл”-д гэрээлж шилжүүлсэн байгаа юм.

Гэрээний үр дүн хэрэгжилтийг ямар хугацаанд дүгнэх вэ гэсэн агуулгатай заалт гэрээнд байхгүй, гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд захиргааны гэрээг хэрхэн дүгнэх, гэрээнээс үүссэн хариуцлагыг яаж зохицуулах талаар хуульчилсан байдаг.

Захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд захиргааны гэрээг хэрэглэнэ гэсэн байдаг. Мөн захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага гэж ойлгохоор хүртэл энэ хуульд заасан байдаг.

Тэгэхээр энэ хоёр төрийн бус байгууллага “захиргааны байгууллага”-ын хэмжээнд хүртэл хийж буй ажил нь нийтэд олгогдож явах нь ээ дээ. За тэгээд энэ хуулийн дагуу захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан байхад ийм зүйл хийгдээгүй байдаг.

Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын дагуу яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж гэрээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэгтэй байдаг боловч одоогоор хийгдээгүй байна.

Энэ хугацаанд Барилгын үйл ажиллагаанд бусад оролцогч болон яам, барилгын хөгжлийн төв, төрийн бус байгууллагууд өөр хоорондоо харилцан шүтэлцээ, хамааралтай ажлуудын талаар ямар нэг бодлогын чиглэлтэй мэдээлэл солилцоогүй нь эдгээр ажил уялдаагүй хэрэгжиж байгаагийн том илрэл, нотолгоо болж байна.

-Өмнө нь өгсөн чиг үүргийн биелэлт, үр дүнг судалсны үндсэн дээр дараагийн төрийн бус байгууллагад өгөх биш үү. Энэ талаар ямар ажил зохион байгуулагдсан бэ?

-Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудал хууль тогтоомжийн хүрээнд манай улсад хэрэгжиж жигдрээгүй, хууль эрхзүйн орчин зөрчилтэй, яаж хэрэгжүүлэхийг тэр бүр ойлгоогүй л байх шиг байна.

Гэхдээ хоёр иргэн хоорондоо гэрээ байгуулсан ч тэр, тэр дундаа төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлсэн гэрээний үр дүнг бол зайлшгүй дүгнэж, ололттой үр ашигтай байвал улам илүү дэмжиж, зөрчил дутагдалтай байвал түүнийг нь засаж залаад явах нь зүйн хэрэг юм. Миний мэдэхээр одоогоор тийм зүйл хийгдээгүй байна. Яам гэрээгээ сайн хийгээд, хариуцлага тооцох механизмаа тодорхой бөгөөд чанга хийх хэрэгтэй.

Гэхдээ нэг нэгээр нь салгаад бялуу хуваах маягаар авах сонирхолтой төрийн бус байгууллагад өгөөд байх нь ямар үр нөлөө авчрах вэ. Одоо барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 30-аад төрийн бус байгууллага нэг нэг зөвшөөрөл аваад алга болбол үүнийг чинь сүүлд нь нэгтгэж барьж чадахаа болино. Техникийн салбар салаад, жижгирээд сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг 1991 оноос хойш өнгөрсөн хугацаанд бид хангалттай харж амслаа.

Энэ талаарх ажлын явц, байдал, үр дүнг яам, салбарын нүд, чих болсон хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар юу ч хийсэнгүй. Үүний үр дүнг судалж сайн муу талуудыг нь мэдэж байж гэмээн дараагийн ажлаа эхлэх баймаар юм.

Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад өгөх нь өнөөгийн яамны удирдлагын сонирхол байгаагаас биш өмнөх өгсөн ажлын чанар, цаашид өгч байгаа нь яаж хэрэгжих нь эдэнд хамаагүй бололтой. Салбарын биш явуулын хүмүүс тодорхой хугацааны дараа зорилгоо биелүүлээд явах биз. Салбарын үйл ажиллагаа л зайлшгүй дордож тэнхээрэх нь их болох байх даа.

-Одоо сайдын шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг ассоциацид, мэргэжлийн зэрэг олгох, сургалтын асуудлыг Барилгачдын холбоонд өгөхөөр боллоо. Энэ хэр нийцтэй ажил болсон гэж үзэж байна вэ?

-Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад өгөх шаардлага бодитой буй болжээ гэж итгэл үнэмшилтэй байна. Энэ бодол надад 2005 оноос төрж эхэлсэн. Тэгээд 2009 оноос Барилга, хот байгуулалт, зам тээврийн яаманд ажиллаж эхлэхэд энэ нөхцөл байдал бодитой болсон байсан. Яамны удирдлага тэр бүр мэргэжлийн биш, түүнийг дагаж газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд солигдох, тогтвор суурьшилгүй үймэх, өөрчлөгдөх байдал буй болсон. Салбарын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага хувьчлагдсан, түүний ажиллах чиглэл өөрчлөгдсөн. Салбарын бодлого чиг үүрэг бүдгэрсэн, яам бодлогын биш аж ахуйн үйл ажиллагааг зонхилон эрхэлдэг болсон байсан.

Үндсэндээ яам бодлогын үйл ажиллагаа эрхлэх ажлаасаа хөндийрч, аж ахуйн өдөр тутмын аар саархан ажлаар цаг нөхцөөж, улс төр дагаж үймсэн байгууллага болсон. Энэ байдлыг 2030 он хүртэл үргэлжлэх байх гэж мэргэжилтнүүд ярилцдаг байлаа. Харин Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэж энэ жил батлагдсанаар дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх нь ээ гэсэн итгэл төрж байна.

Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ийм төлөв байдлыг орлож, нөхөж шаардлагын түвшинд хүргэж ажиллах байгууллага шаардагдах болсон.

Энэ үед мэргэжлийн, төрийн бус байгууллагууд өөр өөрийн чиглэлүүдээр буй болсон байлаа. Тэд зураг төсөл, барилгын ажил, өргөх механизм, барилгын материал, хот байгуулалт гэх мэт чиглэлүүдээр хоорондоо уялдаа холбоогүйгээр ажиллаж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд үнэн чанартаа дээрх чиглэлийн ажлуудын хоорондын уялдаа холбоо, шүтэлцээг нарийн түвшинд ойлгохгүй ч хамтарч ажиллах зайлшгүй технологийн шаардлага байгааг сайн мэдэж байгаа юм.

Барилгын салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллаж чадахгүйн үндсэн шалтгаан нь шол хийсэн хувийн эрх ашиг, сандал ширээ, эрх мэдлийн төлөө юугаа ч худалдахаас буцахгүй байдалтай байж, бодлого, зарчмаа тодорхойлж, эрх ашгаа эрэмбэлж чадахгүй байна. Нөгөө талаар салбарын мэргэжлийн биш удирдлага тэдний аж ахуйн бодлого эрх ашиг нь төрийн бус байгууллагын дээрх ойрхны ашиг сонирхолтой нягт уялдаж нийцэх болсон.

Ийм учраас Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Барилгачдын холбоонд, мэргэжлийн зэрэг олгох сургалтын асуудлыг Монголын архитектурын хэвлэлд өгсөн нь барилгын салбарын олон талт үйл ажиллагааны уялдаа холбоо, шүтэлцээ тасарч чанар, аюулгүй байдлын шаардлага алдагдах үндсэн нөхцөл бүрдэнэ.

Барилгын олон талт үйл ажиллагааг төрийн бус байгууллагад шилжүүлсэн шийдвэрийг хоорондоо технологийн уялдаагүй үйлдвэрүүдийг хувьчлахтай адилтгаад үзээд байна уу гэж өөрийн эрхгүй бодогдох боллоо. Ийм маягаар хувьчлагдсан үйлдвэрүүд тэр бүр үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүйг барилгын салбарын удирдлагууд ойлгож байгаа байх. Түр ажиллаад буцах тэдэнд ашиг бодсон бизнесүүдэд салбараас дээш өөр эрх ашиг байх шиг байна.

Дээрх шийдэл нь Барилгын салбар л улам бүдгэрч, нийгэмд гүйцэтгэх чадамж доройтож, олон түмэнд ирэх аюул бодитой болж байна даа. Иймээс энэ нийцтэй ажил яавч биш гэж мэргэжлийн хүний хувьд бодож байна.

-Өмнө өгсөн барилгын материалын тусгай зөвшөөрөл Барилгын материалын холбооны ТББ-д, Архитектурын сургалт, зэрэг дэвийг Монголын архитектурын эвлэлд өгсөн. Үүнийг одоо өгч байгаа хоёр байгууллагад нэгтгэхгүй юм шиг байна. Ийм шийдлийн цаашид гарах ур дагавар ямар байх бол?

-Би бараг энэ тухай ярьчихлаа гэж бодож байна. Төрийн бус байгууллагад үйл ажиллагааг нь өгсөн ажлуудыг нэгтгэхгүй бол салангид болж сөрөг үр дүн гарах болно. Салбар болон олон түмний эрх ашгийг дээдэлж нэгтгэх нь зүйтэй байх.

Олон төрийн бус байгууллагад нэгдмэл, хоорондын уялдаа шүтэлцээгээ алдагдуулан байж үйл ажиллагаануудыг шилжүүлэх нь яамны удирдлага, ашиг хөөсөн бизнесменүүдэд л хэрэгтэй байгаа бололтой.

-Дээрх хоёр ТББ-тай байгуулсан гэрээнд төрийн хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа хэвийн байх талаар хэрхэн туссан гэж үзэж байна вэ?

-Гэрээний талаар асуусан болохоор би хариулах л болж байх шиг байна. Нэгэнтээ би энэ чиглэлийн өрнөж байгаа үйл ажиллагааг ярья гэж зөвшөөрсөн юм чинь.

БХБЯ-ны сайдаар Х.Баделхан УИХ-ын гишүүн томилогдож ирээд эхний ээлжинд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудлыг шийднэ гэж барилгын салбарынханд, яам, харьяа байгууллагын хамт олонд танилцуулсан. Хүмүүс, хамт олон янз бүрээр л хүлээн авч байх шиг байсан. Миний хувьд талархалтай хүлээн авч, хэрэгжүүлэх арга зам, чиглэлийн талаар сайдын зөвлөл, яамны удирдлага, сайдын шуурхай зэрэг хурал цуглаанд санал бодлоо чадах чинээгээрээ танилцуулсан. Сайд холбогдох хүмүүстэйгээ Төрийн бус байгууллагуудын ажлын байр, үйл ажиллагаатай танилцсан.

Тэгээд төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж тендер зарлаж материалуудыг нь хүлээн авсан. Комиссын таван хүний дөрөв нь мэргэжлийн биш, нэг гишүүн нь төрийн бус байгууллагын ерөнхийлөгч. Ёстой л салбарын үйл ажиллагаа, түүний харилцан уялдаа, чанар чансааг мэдэж шалгаруулмаар бүрэлдэхүүн байгаа биз.

Комисс тусгай зөвшөөрлийг ассоциацид, сургалт, мэргэшлийн зэрэг дэвийг өгөх үйл ажиллагаануудыг Барилгачдын холбоонд өгөхөөр шалгаруулж ажлын хэсэгтэй танилцуулж зөвшилцсөн байдаг. Энэ хоёр байгууллагын тухай товч дурдъя.

Монголын барилгын үндэсний ассоциаци гэж байгууллага төрийн бус байгууллага 160 барилгын салбарын компанийг гишүүнчлэлээр бүртгэсэн, эдгээр компанийн гишүүнчлэлийн татвараар санхүүждэг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Энэ төрийн бус байгууллагад өөр найман төрийн бус байгууллага хамтарч ажиллахаар санамж бичиг зурсан ч нэгдэж ажиллах дотоод дүрэм байхгүй, хуулийн этгээдээр бүртгүүлсэн гэрчилгээгүй байна. Энэ зүйл зөвхөн ассоциацид л байна.

Иймд Барилга хот байгуулалтын яам нь зөвхөн ассоциацид дөрвөн чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах эрх олгожээ. Барилгын салбарт дөрвөн чиглэлээр 5,000 гаруй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг энэ гэрээгээр ассоциацийн зөвхөн 160 гишүүн байгууллага л эзэмших болж байна. Учир нь яам зөвхөн гишүүнчлэлтэй байгууллагуудаа үйлчлэхийг зөвшөөрөөд гэрээ хийсэн юм чинь.

Нөгөөтээгүүр ассоциаци гишүүн компанийн эрх ашгийг хамгаалж, бусад салбарын компанийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх, гишүүн биш бол дэмжихгүй гэж гишүүнээр элсүүлж, гишүүнчлэлийн татвар авах, цаанадаж ямарваа нэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл эрх хэмжээтэй болж байгаа юм.

Барилгын тухай хуулийн 34.1.9-д заасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох чиг үүргийг мөн гэрээгээр гүйцэтгүүлэхээр заачихсан байгаа. Энэ нь ассоциацийн гишүүн 160-аад компани, тэдний охин компанийг ямарваа нэгэн хэлбэрээр төрөөс дэмжиж, бусад компанийн эрх ашиг зөрчигдөх, зах зээлийн шударга өрсөлдөөнд харш, шууд сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа болж байна гэж дүгнэхэд хүрч байна.

Монголын Барилгачдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллага нь Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерийн холбоо, Монголын барилгын инженер, геологийн холбоо, Барилгын төсөвчдийн холбоо, БГБХолбоо /Ц.Эрдэнэбат/ нар хамтарч ажиллана гэсэн хурлын тэмдэглэл үйлдсэн байна. Эдгээр төрийн бус байгууллага нэгдсэн ямар нэгэн зохицуулалтад ороогүй, нэгдсэн дүрэмгүй, хуулийн этгээдийн гэрчилгээгүй байна.

Иймээс Барилга, хот байгуулалтын яам зөвхөн Барилгачдын нэгдсэн холбоотой гэрээ хийсэн байна. Мөн л гишүүддээ үйлчилдэг дүрэмтэй, Барилгачдын холбоо гишүүддээ инженерийн мэргэшлийн зэрэг дэв олгох асуудлыг шийдвэрлэх болж байна. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх дээрх үйл ажиллагаа комисс байгуулахаасаа эхлээд гэрээ байгуулах хүртэл зөвхөн ассоциаци, Барилгачдын холбоонд өгөхөөр байжээ гэж ойлгогдохоор байна.

Бусад 30 гаруй төрийн бус байгууллага энэ хоёр байгууллагад хадаг барьж очих (очсон ч ямагт 2-оос хойш эрэмбэлэгдэнэ), эсхүл барилгын салбараас холдох л үлджээ. Ийм шийдвэрийг өнөөгийн Барилга, хот байгуулалтын яамны удирдлага гаргалаа даа.

Барилгын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх зарим чиг үүргийг төрийн бус хоёр байгууллагад салгаж, уялдаагүй шилжүүлсэн, барилгын салбарын олон талт үйл ажиллагааны уялдаа холбоо шүтэлцээг алдагдуулсан, салбарын төрийн бус байгууллагад өөр хооронд нь ялгавартай хандсан нь өнөөгийн Барилгын яамны удирдлагууд энэ том эрх ашгийг хувийн шол хийсэн эрх ашгаар солилоо. Ингэхээр Барилга, хот байгуулалтын яамны удирдлагыг үйл ажиллагаа гүйцэтгэх чадамжгүй гэж үзэхээс өөр аргагүй байна.

-Барилгын компани, зарим ТББ, мэргэжилтэнтэй уулзахад барилгын хууль, түүний дүрэм журмыг БХБЯ-наас янз бүрийн хүн өөр өөрөөр тайлбарлаад байгаа гэсэн яриа, ажилчдын бухимдал их байна. Үүний талаар ярихгүй юу. Ер нь хууль сурталчлах талаар хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Өмнө нь яам батлагдсан хуулиа сурталчлах зардал хүртэл улсын төсвөөс өгдөг байсан. Ер нь хуулийг сайн сурталчилж, ойлгуулж таниулж байж, тэр дундаа дэд бүтцийн салбарын үндсэн хууль гэгддэг Барилгын тухай хуулийг салбарынханд ойлгуулж, технологийн баримт бичигтэй уялдуулж дүрэм, журмыг боловсруулж батлуулж байж л нэг бүхэл тогтолцоо болж хэрэгжих юм.

Гэтэл яамнаас энэ талаар хийсэн дорвитой ажил энэ хоёр жилийн хугацаанд байхгүй байгаа нь харамсалтай. Иймээс салбарынхан тэр бүр ойлгож хуулийг хэрэглэх тал дээр учир дутагдалтай байна. Мэдээлэл авах иргэдийн эрх ч зөрчигдөж байна гэж хэлэхээр байна. Төрийн бус байгууллагууд мөн яамны хуулиа бүрэн ч ойлгоогүй, мэддэггүй зарим хүмүүс хуулийг гол концепцийг буруу, зөрүү ярьж байгаа нь эргээд асар их хор уршигтай юм.

Дээр нь батлагдсан дүрэм, журмууд нь хуулийнхаа агуулга, үзэл баримтлалтай зөрүүтэй учраас өөр өөрийнхөөрөө ойлгож, хэрэглэх боломжийг дунд шатны албан тушаалтнуудад олгож байна. Ингэснээр эцсийн бүлэгт хэн хохирох вэ гэхээр өнөөгийн ороо бусгаа цагт чадан ядан үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, инженер техникийн ажилтнууд, эцсийн дүндээ ард түмэн л хохирч байна.

Хууль, дүрмийг бичиж боловсруулах үед оролцох хүн олдохгүй байдаг мөртөө, тэдгээрийг батлагдсаны дараа мэдэгч болж олонд ярих дарга, мэргэжилтнүүд миний нэрийг нь цээжилсэн хууль, дүрэм, журам, норм, норматив, баримт бичгээс олон бололтой.

Хууль түүнийг даган гарах дүрэм, журмыг иж бүрнээр нь иргэд олон түмэнд танилцуулж ойлгуулбал ажлын үр дүн, мэдээж сайн байх болов уу. Барилгын салбарын үйл ажиллагаа суларч доройтохоор түүний явц, үе шат бүрт сөрөг үр дагавар нь мэдрэгддэг бололтой юм байна.

-Барилгын хөгжлийн төв гэсэн байгууллага бий. Энэ байгууллагын үйл ажиллагаа цаашид хэрхэн хэрэгжих байх гэж үзэж байна. Зарим чиг үүргийг ТББ-д өгчихлөө?

-Барилга хөгжлийн төв хуучин Улсын Барилгын Зургийн төв институтийн сууринд үндэслэгдсэн байгууллага юм. Цагийн явцад Дэд бүтцийн мэргэжил дээшлүүлэх институт, нийтийн аж ахуйн газар, захиалагч зэрэг байгууллага нэгдэж олон шат дамжлага, бүтэц, зохион байгуулалтад орсны эцэст одоогийн Барилгын хөгжлийн төв гэсэн нэртэйгээр ажиллаж байна.

Энэ байгууллага үндсэндээ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж байна. Мөн барилгын ажлын захиалагчийн хяналт, сорил шинжилгээний лабораторийн асуудлуудыг нэмж хариуцан ажиллаж байна.

Үндсэндээ Барилгын салбарын харилцаа шүтэлцээ хамааралтай олон талт үйл ажиллагаа энэ байгууллагад төвлөрч зохион байгуулагдан хэрэгжиж байна.

Үр дүн нь сайн, муу алаг цоог л байх. Ямар ч байсан энэ байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажил төрөл ярилцахаар очиход хариуцсан чиглэл бүрээр яриад, зангидсан цогц нэг шийдэл сонсоод гарах боломжтой. Уг байгууллагад боловсон хүчний чадвар, чансаа сул, дадлага туршлага багатай байгаагаас гадна төв байгууллагаас ажиллах чиглэл, удирдамжаар хангаж ажиллаж чадахгүй, ажиллах эрх зүйн орчин нь тодорхой биш байгаа нь үйл ажиллагааны хэрэгжилтэд сөрөг үр дагавар үүсгэж байна.

Энэ байгууллагад дээрх үйл ажиллагааг энэ мөрт нь эрхлүүлэн үлдээж болохгүй юу? Мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэхгүй байж болохгүй юу гэдэг асуудал зайлшгүй гарна.

Өөр нэг асуудал ярьж байхдаа дурдсан даа. Барилгын салбарт судалгаа хайгуул, хийдэг, боловсруулдаг эрдэм шинжилгээний институт, хүрээлэнгүй болсон. Мөн техникийн норм, нормативын баримт бичиг судалж боловсруулж хийдэг байгууллагагүй байна. Эдгээрээс хамаараад Барилгын салбарын бодлого оновчтой тодорхойлогдохгүй, гарсан ч үндэслэл, үр дүн муутай байгаагаас өнөөгийн газар хөдлөлтийн үйлчлэлд тэсвэрлэхгүй, ашиглалтын шаардлага хангахгүй, эдийн засгийн үр ашиг муутай барилга олноор бодитойгоор бий боллоо.

Иймээс Барилгын хөгжлийн төвийг эрдэм шинжилгээ судалгаа, захиалагчийн хяналт, шинжилгээний лаборатори гэсэн үндсэн чиглэлээр ажиллуулах шаардлага байна. Мөн үүний хамт төрийн бус байгууллагад шилжсэн үйл ажиллагааг өөрийн үндсэн үйл ажиллагаатай уялдуулан зангидуулж нэгтгэн ажиллуулмаар байгаа юм.

Бусад үйл ажиллагааг нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр хадгалан мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлбэл бодитой үр дүнд хүрнэ. Гэхдээ үйл ажиллагааг өмнөх асуудлуудад дурдсан шиг салган өгөх боломжгүй юм. Төрийн бус байгууллагад шилжсэн бүхий л үйл ажиллагааг нэг хуулийн этгээдтэй гэрээлж ажиллуулах нь үйл ажиллагааны нэгдмэл цогц байдал хангагдах болно.

Зураг