Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Жонатан Яром: Бага идэж, их хөдөлж, амьдралд эрч хүчтэй байвал ямар ч хүн эрүүл амьдарна

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Израйлийн спортын их эмч, Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлийн гишүүн Жонатан Яром манай улсад энэ сарын 24-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Доктор Яром нь спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүсийг эмчлэх тал дээр гол анхаарлаа хандуулдаг байна. Тэрээр мөн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл аж төрөх ёсоор дамжуулан урьдчилан сэргийлэх анагаах ухааныг практикт хэрэгжүүлдэг аж. Herbalife компанид 2010 оноос ажиллаж эхэлжээ.

Доктор Жонатан Яром “Монгол Улсад айлчилсандаа маш баяртай байна. Herbalife Nutrition компанийн Эрүүл Амьдралын Хэв Маягийн клубуудын тоо жилээс жилд өсөж байгаагаас харахад монголчууд эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болжээ.

Herbalife Nutrition компани эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд тогтмол дасгал хөдөлгөөнтэй хослуулсан тэнцвэржүүлсэн шим тэжээлийг чухалчилдаг. Тэнцвэржүүлсэн шим тэжээл нь илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр бие махбодыг зохистой хэмжээний аминдэм, эрдэс бодис, уураг, эслэг, нүүрс ус, эрүүл өөх тосоор хангаж байдаг” хэмээн онцлов.

Мөн тэрбээр айлчлалынхаа үеэр нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгүүлчдэд “Дасгал хөдөлгөөн", "Эрүүл амьдралын хэвшил", “Сайн шим тэжээлийн үндсэн зарчим” гэсэн сэдвүүдээр сургалт, семинар хийснийг та бүхэнд хүргэе.

Өнөөдөр та хоол идэхийн тулд 2 хуруугаа хөдөлгөхөд л хангалттай болж

Идэвхтэй дасгал хөдөлгөөн болон зөв зохистой хооллох нь эрүүл урт удаан амьдрах гол үндэс нь юм. Тийм ч учраас би энэ чиглэлээр маш их судалгаа хийж, 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. 

Дэлхий асар хурдацтай хөгжиж, шинэ технологиуд бидний амьдралд ихээр нэвтэрч орж ирж байна. 

Өнгөрсөн зуунд хоол хүнс хүний амьдралын хамгийн чухал асуудал байсан бол одоо тийм ч том асуудал байхаа больсон. 200-300 жилийн өмнө хүн хоолтой хонохын тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг байсан. Тэр үеийн хүмүүс нь ихэнх нь туранхай, шөрмөслөг байдаг байв. Учир нь тэд хоолоо олж идэхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай байдаг байсан. 

Харин одоо технологийн хувьслаар бүх зүйл шинэчлэгдэж, хялбар болж байна. Өнөөдөр та хоол идэхийг хүсвэл заавал босож явах шаардлагагүй болж, 2 хуруугаа хөдөлгөөд л утсаараа хоолоо захиалаад идэх боломжтой болсон байна.  

Дэлхий дээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маш олон том компаниуд бий болсон. Ихэнх орнууд хоол хүнсний асуудалгүй байгаа ч, зарим орнуудад, тухайлбал Африкт өлсгөлөнгийн асуудал байсаар байна.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд мөнгө олохын тулд хоол хүнсийг маш амттай үйлдвэрлэж байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүнд өөх тос, чихэр, давс орсон байгааг илэрхийлнэ.

Гэтэл ДЭМБ-аас 20 гаруй жилийн өмнө өөх тос нь хүний эрүүл мэндэд муу гэдгийг тогтоон, өөх тосны хэмжээг багасгахыг уриалсан.

Ингэснээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ амттай болгохын тулд чихрийн хэмжээг ихэсгэсэн. Чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн нь хүний биед өөх болон хуримтлагддаг. Өөх тос нь хүний биед хэрэгтэй зүйл биш юм.

Монгол Улсын хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй байна

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс хөдлөх нь багасаж, хөдөлгөөний дутагдалд орж байна. 

Сүүлийн үеийн Европт хийсэн судалгаагаар нийт хүүхдүүдийн 6-18 хувь нь л тогтмол хөдөлгөөнтэй байна. Тухайлбал, манай Израйль улс Европтоо идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хамгийн сүүлд орсон. 

Учир нь Израйльд ихэнх хүүхдүүд ухаалаг утас, компьютертэй харьцдаг. Ингэснээр анхаарал дутагдлын өвчтэй болж, эм хүртэл уудаг болсон байна. Хэрэв тэр хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөн хийдэг байсан бол эм ууж, мөнгө үрэхгүй л байсан.

Харин АНУ-д нийт хүн амынх нь 25 хувь нь л идэвхтэй хөдөлдөг гэсэн судалгаа байдаг.

Тиймээс дасгал хөдөлгөөн хийхгүй байх, чихрийн өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэснээр хүн амын дунд хэт таргалалт маш их болж байна. Хэт таргалалт нь олон сөрөг нөлөөтэй. Эрт нас барах, чихрийн шижин өвчтэй болох гэх мэт. 

Монгол Улсын хувьд 4 жилийн өмнө хүн амын 40 хувь нь илүүдэл жинтэй гэж байсан бол одоо 50 хувь болж нэмэгдсэн байна. Дэлхий даяар хэт таргалалт нь асуудал болж байгаа нь харагдаж байна.

Хамгийн сүүлийн үеийн зөвлөмжөөр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр хорт хавдрын өвчлөлийг 38 хувь бууруулж чадна.

Долоо хоногт 1,500 ккал илчлэгийг дасгал хөдөлгөөн хийж шатаах ёстой

Дасгал хөдөлгөөн хийх нь үнэгүй зүйл. Гараад алхах, гүйх, шатаар явах нь л өөрөө дасгал шүү дээ.

Олон улсын жишгээр хүн долоо хоногт 1,500 кКал илчлэгийг дасгал хөдөлгөөн хийж шатааж байх ёстой. Ингэснээр өвдөхгүй, эрүүл байна. 

Хүн гараад нэг цаг алхахад 300 ккал шатаадаг. Тэгэхээр та долоо хоногт 1,500 ккал шатаахын тулд 5 хоногийн турш өдөр бүр нэг цаг алхаж байх хэрэгтэй гэсэн үг юм.

Нэг цаг гүйхэд 600-700 ккал, дугуй унахад 500 ккал, фитнессээр хичээллэхэд цаг 400 ккал шатаана.  Эдгээрээс үндэслээд та долоо хоногт ямар дасгал хөдөлгөөн хэдэн цагаар хийх вэ гэдгээ тооцож болох юм.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээд эхлэхэд аяндаа хүний хооллолтын хэв маяг ч өөрчлөгддөг. Ингэснээр идэвхтэй дасгал хөдөлгөөн болон зөв зохистой хооллох нь цогцоороо хэрэгжих юм.

Эцэст нь хэлэхэд, эрүүл биед саруул ухаан оршино. Бага идэж, их хөдөлж, амьдралд эрч хүчтэй байвал ямар ч хүн урт удаан, эрүүл амьдрах боломжтой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.