Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: 2018 оны агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN

НИТХ-ын ээлжит XIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх танилцуулгыг сонслоо. 

Түүхий нүүрсийг үе шаттайгаар хязгаарлана

 
Гэрэл зургийг mpa.mn

НЗД-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "2018 оны агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоохоор БОАЖЯ-руу санал хүргүүлэн ажиллаж байна. Цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг нэмэгдүүлэх хүрээнд хотын зургаан дүүрэгт 63 агаарын дэд станц шинээр барьж, 600,363  хэрэглэгчийг цахилгаан эх үүсвэрт холбосон.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 202 мянган өрх амьдарч, 11-100 квт хүртэлх хүчин чадалтай усан халаалтын 200,724 зуух 105-аас дээш квт-ын хүчин чадалтай 321 зуух ажиллаж байгаа. 2017 оны улсын төсвийн тодотголоор 68 халаалтын зуухыг буулгах ажил өрнөж байгаа. Ингэснээр жилд хэрэглэж байгаа 60 орчим мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлана. 

Агаар орчны бохирдлыг бууруулах бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт эдлүүлэх үүднээс дулаан нацос, уян цахилгаан халаагч зэрэг 15 нэр төрлийн тоног төхөөрөмж, техникийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Түүхий нүүрсийг үе шаттайгаар хязгаарлах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын зорилтот бүлгийн 1,200 өрхийг боловсруулсан түлшээр, 390 өрхийг цахилгаан халаагуураар хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна " гэлээ. 

Зүрх судасны өвчний 20, уушгины хавдрын 40 % нь агаарын бохирдлоос үүдэлтэй

НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал "Дэлхийн 7 сая орчим хүн дотоод болон гадаад агаарын бохирдлоос болж нас барж байна. Мөн нийт хүн амын 92.2 хувь нь агаарын бохирдлын сөрөг нөлөөнд амьдарч байгаа. 

2013 онд ДЭМБ агаарын бохирдлыг албан ёсоор хавдар үүсгэдэг ангилалд оруулсан. Бид ийм их бохирдолтой нөхцөлд амьдарч байна гэдэг нь хавдар үүсгэдэг бодисоор амьсгалж байна гэсэн үг. 

Улаанбаатар хотын амьсгал болон зүрх судасны өвчлөлөөр нас барж байгаа иргэдийн 10 орчим хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. 

Агаарын нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ жил бүхэн тодорхой хэмжээгээр буурч байгаа. Гэхдээ жижиг ширхэгт тоосонцорын агаарын чанар дахь стандарт 50 м.куб байдаг. Агаарын бохирдлын хэмжээ буурч байгаа хэдий ч ДЭМБ-ын зөвлөмж болгож байгаа хэмжээнээс доошоо буугаагүй байна. 

Дугуй шатаах юм уу ямар нэгэн зүйл шатаахад хавдар үүсгэдэг бодис ялгардаг. Энэ бол манай улсын хэмжээнд байгаа. Харамсалтай нь хавдар үүсгэдэг энэхүү бодис ямар хэмжээтэй байгааг хэмжиж чадахгүй байна. 

Өвлийн улиралд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл нэмэгддэг нь агаарын бохирдолтой холбоотой. Мөн ургийн гажигт агаарын бохирдол нөлөөлдөг. 1980,1990-ээд оноос судлаачид агаарын бохирдол амьсгалын замын өвчлөлийн шалтгаан болж байгааг судлаж ирсэн.

Өвлийн улирлын амьсгалын замын өвчлөлийн 52.2 %, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 % , зүрх судасны өвчний 20 %, уушгины хавдрын 40 % нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна гэдгийг судлаачид тогтоогоод байна" гэв.