Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: “Тэжээмэл”

МОНСУДАР
2018 оны 1 сарын 26
Монсудар
 

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Утга зохиол” цувралын XVII дэвтэр болж хэвлэгдсэн Японы алдарт зохиолч Оэ Кензабүрогийн “Тэжээмэл” туужийн тухай товч танилцуулгыг хүргэж байна.

Японы орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, зохиолч Оэ Кензабүро 1935 онд төржээ. Тэрээр Япон улсаас утга зохиолын төрөлд Нобелийн шагнал (1994) хүртсэн хоёр дахь зохиолч төдийгүй оюутан ахуй үедээ л өөрийн авьяас чадвараараа Японы утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн нэгэн ажээ. 

Оэг бүр залууд нь “гоц авьяастан оюутан зохиолч” хэмээн үнэлэн хэлэлцдэг байв. Учир нь тэрээр дөнгөж хорин гурван насандаа өдгөө бидний танилцуулж буй “Тэжээмэл” хэмээх алдарт зохиолоо бичсэн юм. Энэхүү зохиол нь Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг (1958) хүртсэн бөгөөд зохиол бүтээл эхлэн бичиж буй залуу зохиолчийн хувьд ийм нэр хүндтэй шагналыг авсан нь нэг талаар авьяас чадварыг нь гярхай үнэлж, үнэн зөвөөр дүгнэсэн явдал байсан бол, нөгөө талаар түүнийг уран зохиолын ертөнцөд зохиолч хэмээн хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан юм.

Тухайн үед Акутагавагийн шагналыг олгох хорооны гишүүдээр Японы анхны Нобелийн шагналт зохиолч Кавабата Ясүнари тэргүүтэй нэр нөлөө бүхий зохиолч, шүүмжлэгчид томилогдсон байсан бөгөөд тэд санал нэгтэйгээр түүнийг шагналын эзнээр тодруулсан ажээ. 

 

Энэ үе бол Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээн, асар их хохирол, уй гашуу амссаны дараах үе байв. Тиймээс дайны дараах үеийн япон зохиолчид тэрхүү уй гашуу, зовлон шаналлыг зохиол бүтээлдээ тод томруун дүрслэн харуулж байв. Оэ Кензабүрогийн “Тэжээмэл” хэмээх энэхүү зохиолд ч дайны төгсгөл үеийн Япон орны алс бөглүү тосгоны амьдралыг “би” хүүрнэгч болох арваад настай хүүгийн нүдээр харж, дүрслэн өгүүлжээ. 

Номын арын нүүрэнд байх “Би аль хэдийн хүүхэд байхаа больсон гэх бодол бурхны сургаал мэт сэтгэлд цуурайтна” гэх өгүүлбэрээс л “хүн төлөвшлийн” уран зохиолын шилдэг төлөөлөл болохыг харж болно. Үнэхээр ч туужийн эцэст гол дүрийн хөвүүнд амьдралын утгыг ойлгож ухаажсан мэт сэтгэгдэл төрдөг билээ.

Түүнчлэн уг номд Оэ Кензабүрогийн Нобелийн шагнал авахдаа уншсан “Хоёрдмол Япон орон бид хоёр” хэмээх илтгэлийг багтаажээ. Ингэснээр Оэ Кензабүрог дан ганц зохиолч гэдгээр нь бус хувь хүнийх нь үүднээс харж, хорвоо ертөнцийг үзэх үзэл хийгээд түүнийг хэрхэн мэдэрч ойлгодгийг нь мэдэх боломжийг уншигчдадаа олгохыг хичээсэн юм.

Оньсого мэт учир битүүлэг ярьж бичдэг энэ хүний ухаж ойлгоход төдий амаргүйн дээр, өргөн их мэдлэгийг нь тусгасан эшлэл, түүхэн хүн, зохиолын нэр арвинтай уг илтгэлийг уншигчдад ойлгомжтой болгох үүднээс нэлээд олон тайлбар зүүлт нэмснийг шаардлагатай үед арын хуудаснуудаас харж болохоор нийтэллээ.

Номын тухай бусад мэдээллийг ЭНД-ээс авна уу.