Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын байлдааны хөлгийг Хойд Солонгос олзолж авсны 50 жилийн ой болж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ түүхэндээ ганцхан удаа зэвсэгт хүчний байлдааны хөлгөө гадаад орнуудад олзлуулсан байдаг. Энэ явдал одоогоос 50 жилийн өмнө болж байжээ.

USS Pueblo нэртэй АНУ-ын тэнгисийн флотын тагнуулын хөлөг онгоц 1968 оны нэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгосын усан хилд нэвтэрсэн шалтгаанаар олзлогдсон юм. Хойд Солонгосын тал хөлөг рүү гал нээсний улмаас нэг усан цэрэг алагдаж, бусад 82 усан цэрэг баривчлагдаж байжээ.

Тэднийг бараг жил орчим шоронд хорьсны дараа 1968 оны арванхоёрдугаар сарын 21-нд генерал Гилберт Вүүдвард “Хойд Солонгосын усан хилийг зөрчсөн”-ийг хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурснаар суллаж байв. Суллагдсан цэргүүдийг хуурай газрын хилийн зурвасаар Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн байна.

Тухайн цаг үе нь Хүйтэн дайны оргил үе байсан тул “USS Pueblo” хөлгийн хэрэг явдал талуудыг зэвсэгт мөргөлдөөн хийхэд хүргэх шахсан юм. АНУ усан цэргүүдээ чөлөөлүүлэхийн тулд байлдааны хөлгүүдийг Японы тэнгист илгээж байв. Харин Хойд Солонгос олзогдогсдыг байнга зодож жанчиж, олны өмнө бурууг нь хүлээлгэх ажиллагаа явуулдаг байсныг усан цэргүүд сүүлд дурссан байдаг.

Дээрх хэрэг явдлын 50 жилийн ойд зориулж Хойд Солонгосын төв телевиз олзлогдсон USS Pueblo хөлөг дээрх аялалыг саяхан үзүүлжээ.

Одоо уг хөлөг Потон голын зогсоолд байрлаж, “Эх орноо чөлөөлөх дайны ялалтын музей”-н үзмэрийн нэг хэсэг болдог юм.

Өдөр бүр энд мянга мянган Хойд Солонгосчууд ирж, Америкийн империалистуудыг хэрхэн ялсныг үзэж сонирхдог. Онгоцон дотор хөлгийн багийнхны гэрэл зураг, АНУ-ын далбаа зэрэг эд зүйлс байрлаж байгааг, мөн хөлгийн эх биед гарсан сумны нүхнүүдийг улаан будгаар тодруулан тэмдэглэсэн байгаа нь дээрх нэвтрүүлгээр харагджээ.

 

Эх сурвалж: Associated Press