Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Манай улсаас гадаадад дипломат төлөөлөгчийн 42 газар байгаа

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тогтоолын төсөлд тусгагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын талаар иргэдэд зөв ойлголт өгөхгүй бол газраа зарах гэж байгаа мэтээр худал ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ олон улсын гэрээ конвенцид заасны дагуу харилцан адил тэгш байх зарчмыг хэр баримталж байгааг ажлын хэсгээс тодруулсан.

Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу  манай улс өөрийн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад газар ашиглуулах, байр, барилга байгууламж барихад нь бүх талын туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг.

Энэ үндсэн дээр Хятадын талаас тавьсан хүсэлтийн дагуу БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэгдэж, энэ талаар Хятадын талтай тохиролцсон. Харилцан адил тэгш байх зарчмыг баримталж байгаа. Одоогоор манай улсаас гадаад улсад дипломат төлөөлөгчийн 42 газар байгаагаас 23 нь өөрийн байртай, 18 нь түрээсийн байранд байдаг бол 4 нь хоёр талын харилцан хүлээсэн үүргийн дагуу байраар хангагдсан байгаа гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү тухайн газрыг ямар хугацаатай ашиглуулах гэж байгааг тодруулахад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм.

Тухайн газрыг 70 жилийн хугацаатай ашиглуулах юм, асуудлыг олон улсын гэрээ конвенци, манай улсын зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг тодотголоо. Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байгаа аж.

Тяньжины боомтод 10 га газрыг манай улсад ашиглуулах асуудал арваад жилийн өмнө яригдаж байсан

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва манай Засгийн газар 10-аад жилийн өмнө БНХАУ-ын Тяньжин боомтод 10 га газар ашиглахаар болсон тухай яригдаж байсан ч одоо хүртэл бодит ажил болсон юм алга, энэ асуудал ямар шатанд байгааг тодруулсан юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Тяньжины боомтод 10 га газрыг манай улсад ашиглуулах асуудал арваад жилийн өмнө яригдаж байсан.

Хятадын тал уг газрыг 50 жилийн хугацаатай ашиглуулах, гэхдээ газрын түрээсийн төлбөрийг урьдчилж төлөх санал тавьсан юм билээ. Тиймээс газрын түрээсийн асуудлыг шийдвэл газар ашиглах боломжтой юм гэлээ.  Түүнчлэн Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 биш 11 га газар, үүнээс нэг га нь оффисын, 10 га нь гүн боловсруулах үйлдвэр барьж байгуулах зориулалттай байхаар, 50 жилийн хугацаатай ашиглуулах энэ газрын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх асуудал яригдаж байсан. Одоо үүнийг хөөцөлдөх боломж бий гэдгийг нэмж тодотгосон юм.  

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах боломжтой эсэх талаарх асуултад Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Хөшигийн хөндийд аэросити хот байгуулах ерөнхий төлөвлөгөө гарсан, энэ зориулалтаар 12 мянган га газар олгогдсон байгаа. Нийслэлийн газрны алба, Төв аймгийн удирдлагууд хамтарч хотын ерөнхий төлөвлөгөөн дээр ажиллаж байна, газар чөлөөлөх ажил ч хийгдэж байгаа. Ер нь чөлөөт бүс байгуулах боломжтой гэдгийг хэллээ.

Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан төслийн 1 дэх заалтыг "1 .Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт гадаад улсын Ерөнхий консулын газрын зориулалтаар олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай" гэж, төслийн 2 дахь заалтыг “2.Газар ашиглуулах гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. 

Мөн төслийн хавсралтын гарчгийг "Гадаад улсын Ерөнхий Консулын газарт олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ ” гэж, хавсралтын “Сүлд баг" гэснийг “Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын- Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар” гэж тус тус өөрчлөх санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. 

Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.