Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосоос оргосон цэрэг хүний амь хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хойд Солонгосын нэгэн цэрэг хэд хэд буудуулсан шархтайгаар Өмнөдийн хилийг давж ирсэн билээ.

Тэрээр удаан хугацаанд эмнэлэгт эмчлүүлсний дараа Өмнөд Солонгосын тусгай албаныханд байцаагдаж байгаа юм. 24 настай Чун Сун О гэх оргодол цэргийн мэдүүлгийн талаар тагнуулын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллийг Дон А Илбо сонин өчигдөр мэдээлжээ.

Тус мэдээнд өгүүлснээр оргодол цэрэг нь Хойд Солонгосын армид жолоочийн ажилтай байсан ба хэрэг гардаг өдөр согтуу замын хөдөлгөөнд орж яваад осол гаргаж, хүн дайрч амийг нь хөнөөсөн гэнэ.

Улмаар шийтгэлээс айсан цэрэг тэр дороо хилийн зүгт давхиж, Өмнөд Солонгосын нутагт дүрвэж ирсэн байна. Үүнтэй адил мэдээллийг Чосун Илбо сонины сэтгүүлч бас сурвалжилж бичсэн ажээ.

Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол оргодол цэргийг гэмт хэрэгтэнд тооцож, тэрээр Хойд Солонгосоос ирсэн дүрвэгчдийн эдэлдэг халамжийг хүртэж чадахгүй байх магадлалтай гэнэ. Гэхдээ хоёр Солонгосын хооронд гэмт хэрэгтэн солилцох гэрээ байхгүй тул Хойд Солонгос руу илгээгдэх аюул байхгүй ажээ.

 

Эх сурвалж: Business Insider