Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрдэмтэд анх удаа сармагчинг хувиллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Урт сүүлт макака сармагчинг хоёр хувилж чадсанаа Хятадын эрдэмтэд өчигдөр анх удаа дэлхийд зарлажээ.

 Зон Зон, Хуа Хуа гэсэн нэртэй сармагчингийн моншнууд зургаа, найман сарын өмнө тус тус төрсөн байна. Тэднийг Шанхай дахь Хятадын Нервологийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд SCNT (Somatic Cell Nuclear Transfer) аргаар анх удаа гарган авчээ.

Энэ аргыг 20 орчим жилийн өмнө анх ашиглаж Долли хэмээх хонийг хувилж байсан юм.

Хоёр моншны нэрийг холбовол Зонхуа буюу “Хятад үндэстэн” гэсэн нэрийг бүтээж байгаа гэнэ. Ингэснээр лабораторийн нөхцөлд генетикийн хувьд яг ижил сармагчингийн сүрэг гарган авч болохоор болж байна.

Эрдэмтэд хувилсан амьтад дээр илүү үр дүнтэй туршилт судалгаа хийх боломжтой болно.

Тухайлбал нэгнийх нь тодорхой генид өөрчлөлт оруулж, үр дүнг нь ижил хувилбарынх нь өөрчлөгдөөгүй генитэй харьцуулж судлах гэх мэт.

Тархины бүх төрлийн өвчин, хорт хавдар, дархлааны системийн согог, бодисын солилцооны эмгэг гээд ер нь бүх өвчнийг ийм аргаар эмчилж турших юм.

Сармагчингуудыг өмнө нь “үр хөврөлийг хуваах” аргаар хувилж байсан боловч энэ тохиолдолд ердөө дөрвөн эд эрхтэн нь л яг ижил хувилагддаг байжээ.

Харин энэ удаа ашигласан SCNT арга нь амьтныг бүхэлд нь яг ижил хувилж чадна. Мөн онолын хувьд хязгааргүй тоогоор хувилах боломжтой юм.

Сармагчингуудыг хувилах бэлтгэлийг хангахын тулд сүүлийн гурван жил ажилласнаа Хятадын эрдэмтэд мэдээлсэн байна.

Гэхдээ амьтныг ингэж хувилан туршилтад ашиглахыг зарим судлаачид шүүмжилж, ёс зүйн хэм хэмжээний асуудал яригдах нь гарцаагүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна.

 

Эх сурвалж: Quartz