Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдмаа: "Улаанбаатар Сонгдо" эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар элэгний С вирус үнэ төлбөргүй тоолж байна

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 1 сарын 26
СОНГДО зөвлөж байна
 

Эрт илрүүлэг үзлэгээр вирустэй гарсан тохиолдолд идэвхжил нь ямар болохыг тоолуулж байж мэдэх шаардлагатай байдаг. 

Тэгвэл "Улаанбаатар Сонгдо" эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар элэгний С вирус үнэ төлбөргүй тоолж байгаа юм байна. Энэ талаар тус эмнэлгийн эпидемиологич эмч Г.Болдмаа "Манай эмнэлэг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газартай 5 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд дандаа хэвтэн эмчлүүлэх төрлөөр эрүүл мэндийн даатгал авдаг байсан.

Манайд хэвтэж байгаа өвчтөн оношноосоо хамаараад эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг юм.

2017 оноос эхлээд бид "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд С вирусийн ачаалал тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийдэг болсон. Уг шинжилгээнд нас харгалзахгүй бөгөөд С вирусийн халдвартай гэж оношлогдсон хүн болгон хамрагдаж болно.С вирус үнэгүй тоолуулахад С вирусийн халдвартай гэсэн бичиг, Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирэх хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалаас тухайн ондоо нийт хоёр удаа вирусийг үнэгүй тоолдог. Хэрвээ вирусээ тоолуулахад идэвхжилтэй байх юм бол вирусийн эсрэг эмээ уусныхаа дараа дахиад үнэгүй тоолуулж болно. С вирусийн Ledvir эмийг манай эмч эрүүл мэндийн даатгалаар үнэгүй авахаар бичиж өгч байгаа.

Ингээд эмчийн хяналтанд яваад С вирусээ идэвхжилгүй болгох, цаашлаад элэгний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. "Элэг бүтэн Монгол хөтөлбөр" 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд ганцхан С вирусээр тогтохгүй цаашлаад В вирусийн ачаалал тоолох шинжилгээ нэмэгдэхээр байгаа. Гэхдээ сангаас төсөв батлагдсаны дараа ажил хэрэг болно.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас эм үнэгүй авах бичгийг олгодог 201 эмч байдаг. Үүнээс тав нь манай эмнэлэгт ажилладаг. Эдгээр эмч нар нь элэгний чиглэлээр нарийн мэргэшсэн учраас өөрсдөө хүмүүсээ хянаад эмчилгээгээ заах бүрэн боломжтой. Цаашлаад бид гадаадад хийгддэг өндөр өртөгтэй хагалгаануудыг хийж эхэлнэ" гэв.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.