Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ олимпийн нээлтэд оролцож, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохоо өнөөдөр мэдэгдлээ.

Түүнийг Япон-Өмнөд Солонгосын хооронд үүссэн дайны үеийн сэкс боолын асуудлаарх маргааны улмаас олимпийн наадамд оролцохгүй гэсэн мэдээлэл тараад байсан юм.

Хоёр улсын харилцаанд нэгэн эмзэг асуудал байдаг нь 1910-1945 оны колоничлолын үед Солонгос эмэгтэйчүүдийг Японы эзэн хааны армид сэкс боол болгон ажиллуулж байсан гашуун түүх билээ.

Абэ энэ удаагийн айлчлалаараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзаж, сэкс боолын асуудлаар Японы байр суурийг илэрхийлнэ гэж мэдэгджээ.

Хоёр улс 2015 онд уг асуудлыг эцэслэн шийдэж, Японы засгийн газар уучлал гуйн, амьд сэрүүн байгаа хохирогсдод 1 тэрбум иений ($9 сая) тусламж үзүүлэхээр болсон юм. Гэтэл энэ сараас эхлэн Сөүлийн одоогийн эрх баригчид гэрээгээ эргэж харах, Японы талаас илүү их тусламж авах талаар ярьж эхэлсэн.

Япончууд үүнийг эсэргүүцэж, 2015 оны гэрээг хэвээр хадгалах хүсэлтэй байгаагаа хариу илэрхийлээд байгаа юм.

“Дээд хэмжээний уулзалтад оролцож, сэкс боолын асуудлаар Японы байр суурь хөдөлшгүй байгааг би хэлэх болно” хэмээн Абэ өнөөдөр мэдэгджээ.

Мөн хэлмэгдсэн эмэгтэйчүүдэд зориулсан дурсгалын хөшөөг Сөүл болон Бусан дахь Японы элчин сайд, консулын газруудын ойролцоо босгосныг Токио буулгах хүсэлтэй байгаа юм. Харин Өмнөд Солонгосын тал эдгээр хөшөөг иргэний байгууллагуудын санаачилга тул буулгах боломжгүй гэж мэдэгдэж байгаа.

Мөн Абэ Мүүн Жэ Интэй уулзахдаа Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэх гэнэ. Пёнчаны Өвлийн Олимпийн хүрээнд хоёр Солонгосын харилцаа сүүлийн өдрүүдэд сайжирч байгаад Токио санаа зовж байгаагаа нуухгүй байгаа юм.

Японы засгийн газар Хойд Солонгосын гаргаж байгаа түр зуурын найрсаг харилцааг заль мэх гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Japan Today