Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Улсын бүртгэлийн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.22/  хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болоод цаг үеийн тулгамдаж буй асуудлаар гишүүдийн байр суурийг сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Шатахууны үнийн өсөлт Онцгой албан татварын нэмэгдэлтэй шууд холбогдож байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Улсын бүртгэлийн багц хууль олон асуудлыг хөндөж байгаа учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ.  Хамгийн энгийн жишээ дурьдахад, өмнөх хуулийн шинэчлэлээр цахим хэлбэрт шилжүүлсэн хэдий ч иргэний бүртгэл давхарддаг зэрэг асуудалтай зүйл сонгуулийн үеэр олон гарсан. Сонгуулийн үеийн зөрчил маргаан, гомдлын ихэнх асуудал бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байсан. Тиймээс үүнийг хуулиар нарийвчлан эргэж харах шаардлага байгаа" гэдгийг мэдээллийн эхэнд хэллээ.

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа хуулиар Улсын бүртгэлд оюуны өмчийн эрхийн тухай асуудал нэгтгэгдсэн. Тэгвэл оюуны өмчийн эрхийн тухай асуудал олон улсын болон НҮБ-ын конвенцоор зохицуулагддаг. Мөн энэ хуулийн хүрээнд олон байр түрээслэгчдийн асуудал,эд хөрөнгийн үнэлгээг дагасан хураамж, цахим бүртгэлд оруулсны давуу болоод сул тал нь юу болох гээд нухацтай ярилцах сэдэв өргөн байгаа" гэдгийг дуулгав. Тиймээс УИХ Ардчилсан намын бүлэг Улсын бүртгэлийн, Иргэний бүртгэлийн, Эд хөрөнгийн эрхийн тухай хуулиудыг багцад нь ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.  

ОУВС-ийн шаардлага гэдэг нэрээр иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татварыг эрх баригчид нэмсэн нь өнөөдөр сөрөг үр дагавар  бий болгож байна. Шатахууны үнэ болоод хомсдол бий болсон нь нийгмийг бүхэлд нь бухимдуулж байна. Гэтэл энэ удаад шатахууны зохиомол хомсдлыг үүсгэсэн. Шатахууны үнийг нэмсэн. Үндсэн шалтгаан нь онцгой албан татварыг нэмсэнтэй холбоотой. Уг нь Эрх баригчдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлт нь байгаад, шатахууны 41 хоногийн, валютын дөрвөн тэрбум долларын нөөцтэй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан" Тийм ч учраас Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд татваруудын нэмэгдлийг цуцлах асуудлаар нэгдүгээр сарын 03-нд хугацаатай шаардлага хүргүүлсэн.

Татварын нэмэгдлүүдээс болж өргөн хэрэглээний барааны үнийн өсч буйтай  холбоотой асуудлуудыг хоёрдугаар сарын 01-ны дотор шийдэхийг шаардсан. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй болохыг тэрбээр онцлов.

Мөн тэрбээр "Өнөөдрийн бодит байдлыг харахад шатахууны үнийн өсөх зохиомол гурван нөхцөлийг буй болгосон байна. Нэгдүгээрт, ШТС-ууд шууд хаалгаа хаагаад явчихсан. Хоёрдугаарт, шатахууны үнийн хязгаарлалтыг хийсэн. Шатахуун түгээх дээд хэмжээгээ өөрсдөө тогтоож, 20 мянган, 100 мянган төгрөгт багтааж өгч байгаа. Гуравдугаарт, талоны хэлбэрт орсон гэдгийг шалтаг хэлж байна. Шатахууны үнийн өсөлт Онцгой албан татварын нэмэгдэлтэй шууд холбогдож байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Онцгой албан татварыг нэмсэн нь бодит байдлаа судлаагүй, цагаа олоогүй гэдэг нь өнөөдөр шатахууны үнийн нэмэгдлээр нотлогдож байна. Бодит байдал дээр шатахууны үнэ 300 гаруй төгрөгөөр нэмэгдэхээр болж байна. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь 100 гаруй төгрөгийн нэмэгдэл нь цэвэр дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байхад бид угтуулаад татвараа нэмчихсэн чинь энэ нь манай дотоодын үнийг шууд хөөрөгдчихсөн байна.

Харин 200 гаруй төгрөг нь цэвэр татварын нэмэгдлээс болоод өсч байна. Тэгэхээр Засгийн газар богино хугацаанд үнэ өсгөж байгаа үндсэн шалтгаанаа ярилцаад зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Шатахууны үнийн асуудлаар Д.Загджав дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг гарсан юм байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан  ч тийм оновчтой биш байна. Илүү нарийвчилсан судалгаа хийж, бодит арга хэмжээ авах хэрэгтэй.

Түүнээс хүчиндсэн, захиргаадсан аргаар энэ зах зээлийн үнийг удаан хугацаанд барьж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Эцэст нь хэлэхэд зөв цагт нь зөв судалгаанд үндэслэж, бодлого гаргахгүй бол эдийн засагт ямар их хор хөнөөлтэй байдаг гэдгийг шатахууны үнийн өсөлт харуулж байна.

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлгийн ХМА