Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 22: Эдийн засаг нийгмийн хэмжүүр болох нь

ikon.mn
2018 оны 1 сарын 22
iKon.MN
 

 -Кэйнс бараа бүтээгдэхүүний төлөв байдлыг сонирхож байсан бол, би хувь хүний зан төлвийг сонирхож байсан-

Би хэзээ ч эдийн засгийг гол үндэс сууриа болгож, эдийн засаггүйгээр оршин тогтнож чадахгүй гэдэг үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би эдийн засгийг бие даасан үйл ажиллагааны талбар, тэр тусмаа голлох хүчин зүйлийн шинжтэй гэдэг үзлийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Мэдээж эдийн засаг бол чухал хүчин зүйл.

Бэртолт Брэхтийн хэлснээр "Эхлээд ходоод, дараа нь ёс суртахуун" бөгөөд ходоодыг нь дүргэх нь эдийн засгийн гол ажил юм. Би нийгмийн болон улс төрийн бүхий л салбарт ямарваа нэг шийвэр гаргахдаа эдийн засгийн зардлаа тооцон үзэх хэрэгтэйг дахин сануулъя. Зөвхөн "ашиг тустай" талаас нь харахыг би хариуцлагагүй, бас сүйрэлд хүргэх зүйл гэж боддог. Бас би бусад хувилбаруудыг ч харж хаширсан учраас чөлөөт зах зээлд итгэдэг.

Гэхдээ миний хувьд эдийн засаг "гол" ажлын талбар биш зүгээр л нэг "хэмжүүр" юм. Зөвхөн эдийн засгийн хүрээнд бодох нь хязгаарлагдмал. Эдийн засгийн хэрэгцээ болон тэдгээр хэрэгцээгээ хангах хэрэгтэй ч хамгийн чухал зүйл биш. Хамгийн чухал нь эдийн засгийн үйл ажиллагаа, эдийн засгийн байгууллагууд, эдийн засгийн зөв бодлогууд зэрэг нь эцэстээ хүний төлөө болон нийгмийн төлөө байдаг болохоос  эдийн засгийн өөрийнх нь төлөө байдаггүй.

Тиймээс би эдийн засгийг бие даасан "шинжлэх ухаан" гэж үздэггүй. Товчхондоо, хэдийгээр би эдийн засгийн талаар 1934 онд арилжааны банкны залуухан ажилтан байхдаа сонссон, Жон Мэйнард Кэйнсийн Кэмбрижэд тавьсан илтгэлээс хойш мэдэх ч би өөрийгөө эдийн засагч гэж боддоггүй. Кэйнс бараа бүтээгдэхүүний төлөв байдлыг, харин би хүмүүсийн зан төлвийг илүү сонирхдогоо ойлгосон юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Санхүүгийн болон стратегийн томоохон шийдвэр гаргахаас өмнө 30 минутыг энэ шийдвэр танай байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт хэрхэн нөлөөлөх талаар тунгаан бодоход зарцуулаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.