Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй элэгний С вирусын халдварын голомтыг 2020 он гэхэд устгаж, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр эх орондоо хийх зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлан, хөтөлбөрийг дараах зургаан чиглэлээр хоёр үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил зэрэг юм.
Хөтөлбөрийн эхний шатанд эрсдэлт бүлгийн хүн ам болох 40-65 насны иргэдийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд, вирусийн халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамрууллаа.
Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий олон салбарын оролцоотойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Олон салбарын төлөөлөл бүхий Ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж, тулгамдсан олон асуудлыг аймаг, дүүргийн болон бусад холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж байна.
Юуны түрүүнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.
Үүний тулд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах журам” боловсруулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор хепатитийн В, С вирусийн шинжилгээ, С вирусийн идэвхжлийг тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн.
Өрх, сумын эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээг, сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторид С вирусийн идэвхжлийг тодорхойлох шинжилгээг тус тус хийсэн.
Хепатитийн В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнийг мөн хамрууллаа.
Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчлөлөөс эмчлэн эдгэрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Тухайлбал Эрүүл мэндийн сайдын төсөв энэ онд 760.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 9.5 хувиар нэмэгдэж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өрхийн төсөвт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эх орондоо хийгдэж байгаа өндөр өртөгтэй мэс засалд зарцуулах төсвийг 2018 онд 44.6 тэрбум төгрөгт хүргэж, 17.4 хувиар нэмэгдүүлж байна.
Үүний дотор эрхтэн шилжүүлэх мэс засалд шаардагдах төсвийг 4 дахин нэмэгдүүлж 2.8 тэрбум төгрөгт хүргэлээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг хангах зорилгоор олон улсын түншлэгч байгууллагад хүсэлт гарган ажилласны дүнд центрафуг, сорьц зөөвөрлөх сав зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.
Вируст хепатитийн илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээг сайжруулах төслийг боловсруулж, санхүүжилтийн дэмжлэг авахаар Азийн хөгжлийн банкинд хандан хүсэлтээ тавьж, хэлэлцэж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүллээ.
Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн мэдээний цахим санг үүсгэж, зорилтот бүлгийн хүн амын мэдээллийг оруулж байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүрч байгаа эхний үр дүнгийн талаар зарим тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя. 2017 оны 12 дугаар сарын байдлаар эрт илрүүлэг үзлэгт 353.4 мянган хүн хамрагдаж, хамрагдалт 47.1 хувьтай байна.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 8 хувьд нь В вирус эерэг, 16.5 хувьд нь С вирус эерэг үр дүн илэрсэн байна.
Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хепатитийн холбоо, Бразил улсын Засгийн газрын хамтран зохион байгуулсан “Дэлхийн хепатитийн дээд хэмжээний чуулган”-д танилцуулан туршлага солилцож, Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Хепатитгүй ирээдүйн төлөө Манлайлагч” улсаар зарлагдсан.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсээр харьцангуй багахан хугацаа өнгөрч байгаатай холбоотойгоор зарим алдаа дутагдал, бэрхшээлтэй зүйл гарч байгааг үгүйсгэхгүй.
Иймээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн төлөө чармайн ажиллах болно.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг цаашид улам эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүргэхийн тулд дараах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд:
Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа олон талын цогц бодлого, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч ард иргэдийн маань эрүүл мэнд, амьдралын чанар сайжирч, монголчуудын дундаж наслалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.