Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг компанид тогтвортой ажиллахгүй бол жолооч нар НД-аа өөрөө төлөх асуудлыг БНХАУ-ын талаас тавиад байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 1 сарын 19
iKon.MN
 

БНХАУ-ын талаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар албан бичиг Зам Тээвэр Хөгжлийн Яаманд ирүүлсэн байна. 

Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд "Энэ сарын 08-наас эхлээд Хятадын Ганцмод боомт дээр хятад тээвэрчид хилээр Монгол руу орох талын урсгалыг хааснаас болж эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн.

Үүнтэй холбоотой бид Хятадын Элчин сайдын яам болон тээврийн яаманд хандсан юм. Харин БНХАУ-ын тал юу болж байгаа талаар судлаж байна гэж хэлсэн байдаг. Мөн бид энэ асуудлыг яаралтай шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг Гадаад Харилцааны Яамнаас хүссэн.

Нэгдүгээр сарын 15-нд Хятадын Элчин сайдтай Гадаад Хэргийн дэд сайд уулзсан. Ингээд ГХЯ-нд Ганцмод боомтод үүсээд байгаа асуудалтай холбоотой  БНХАУ-ын талаас албан бичиг ирсэн бөгөөд бидэнд ирүүлсэн юм. 

Хятадууд дараах асуудлуудыг шийдвэрлүүлэхээр тавьж байна. Саяхан Ганцмод, Гашуунсухайтын боомт дээр дараалал үүссэн байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас түр зохицуулалт хийгээд байгаа.

 Энэ шийдвэр нь Хятадын тээвэрчдэд хохиролтой шийдвэр байна гээд үүнийг өөрчилж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл уурхайгаас шууд хил гардаг байсныг зогсоогоод уурайгаас Цагаан хадан дахь гаалийн хяналтын талбай, хил гэсэн байдлаар зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасныг хуучин хэвэнд нь оруулж өгөх хүсэлт тавиад байгаа.

Мөн хил дамнасан тээвэр эрхлэлтийн зөвшөөрөл олгох асуудлыг Хятадууд тавиад байна. Хоёр улсын хоорондын хэлэлцээрээр хилээр тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгодог. Тэр зөвшөөрлийн бичгийг бүх машинд олгооч гэсэн.

Бичгийн нөөц хүрэлцээ муу байгаа учраас бүх машинд олгож чадахгүй байна. БНХАУ-ын талд зөвшөөрлийн бичгийнхээ хүрэлцээг нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг тавиад байгаа.

Цалин өгч байгаа бол нийгмийн даатгал төлөх ёстой гэсэн зарчмаа барина

БНХАУ-аас тавьж байгаа дараагийн асуудал бол Монгол жолооч нарын нийгмийн даатгалын тухай юм. Тэд хэрвээ жолооч нар байнгын нэг компанид ажиллавал нийгмийн даатгалыг төлж болно. Харин орон гаран ажиллавал жолооч өөрөө төлнө гэсэн байна.

Тэгэхээр нэг компанидаа жолооч нар тууштай ажиллахад жолооч нарын сахилга хариуцлага, компанийн дотоод зохион байгуулалт зэрэг нөлөөлж байна гэж харж байгаа. Харин бид жолооч нарыг аль болохоор тогтвортой ажиллуулах тал дээр анхаарч ажиллая. Гэхдээ манай хуулиар бол цалин өгч л байгаа бол нийгмийн даатгал төлөх ёстой гэсэн зарчмаа барьж байгаа. 

Монгол-Хятадын тээврийн үйл ажиллагааны хүрээнд тээврийн тэгш бус байдал үүсээд байна гэж БНХАУ-ын талаас манайд хандсан. Талууд тэгш байх зарчмын дагуу хил дамнасан нүүрс тээвэрлэлтэд зохицуулалт хийж, Таван толгой-Ганцмод хооронд тээвэрлэлт хийхэд хөдөлмөрийн болон визний зардлыг 0 болгох, тээврийн хэрэгслийн хувьд Монгол машин Хятад машин 50, 50 хувь байхаар үйл ажиллагаа явуулахыг санал болгосон.

Бид БНХАУ-аас тавьж байгаа эдгээр асуудлыг ЗТХ-ийн сайдад танилцуулаад байна" гэлээ.

Харин тэрбээр нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа тухайд "Одоо бол хил дээр ямар нэгэн дараалал үүсээгүй. Цаанаас нүүрс ачаад гарсан машинууд энэ сарын 7-ноос хойш орж ирэхгүй байсан. Харин өчигдөр 450 хоосон машин хилээр орж ирсэн.

Тэнд нийтдээ 1,300 орчим машин байгаа. Засгийн газраас хязгаарлалт хийснээс хойш гарц нэмэгдээгүй. Бүх боомтоос өдөр бүр мэдээлэл авдаг. Жишээ нь Шивээхүрэнгээр өчигдөр 634 машин гарсан байна. Өнөөдөр хилээр хэдэн машин гарах вэ гэдгээс төлөв байдал харагдана" гэсэн тайлбарыг өгсөн юм.