Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Зээлийн хүүг хязгаарлах ганц өгүүлбэрээр ард түмний хүлээлтийг аргалахгүй

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-аар Банкны хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн байр суурийг сонслоо.

–Их хурлаар батлагд­сан банкны хуулиудад ямар суурь өөрчлөлт орсон бэ?

-Их хурал банк санхүүгийн системийн үндсэн хоёр гол суурь хууль болох Төвбанк болон Монголбанкны тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн банкны хуульд орсон агуулгын хамгийн том өөрчлөлт бол Төвбанкнаас арилжааны банкуудад тавих хяналт шалгалтын тогтолцоог цоо шинэ шатанд гаргаснаараа онцлогтой. Өмнө нь Төвбанкнаас хяналт шалгалт хийхдээ банкны гүйцэтгэл дээр хяналт шалгалт тавьдаг байсан бол үүнээс хойш урьдчилсан болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо руу шилжиж байна.

Ингэснээр банканд гарах аливаа хүндрэлийг урьдчилж тогтоож түүнээс сэргийлэх бүрэн чадамжтай болж байна. Өөрөөр хэлбэл, банкууд дампуурах, банкуудаас болж хадгаламж эзэмшигчид иргэдийн мөнгөн хуримтлал хадгаламжид эрсдэл учрах, татвар төлөгчдийн хөрөнгөд халдах эрсдэлгүй болно. Тэр эрсдэлийг урьдчилж хааж өгч байна гэсэн үг.

–Хуульд банкууд охин компани байгуулахгүй гэж тусгасан. Одоо байгуулчихсан нь ямар зохицуулалтаар явах вэ?

-Хараат болон охин компанитай холбоотой зохицуулалт хуульд 2010 онд орсон. Тухайн үеийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор санхүү болон хөрөнгийн зах зээл дээр банкуудын ажиллах боломжийг нээж өгөх зорилготой бай­сан. Найман жилийн хугацаанд энэ зохицуулалт үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Энэ удаад банк өөрөө байгуулах охин компанийн асуудлыг хязгаарласан.

Одоо нэгэнт байгуулсан бизнесийн загварыг огцом эвдэх нь банканд өөрт нь эрсдэлтэй. Тиймээс бизнесийн нэг жилийн хугацаа буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож охин компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой. Банкны байгуулдаг  охин компанийг хязгаарлаж байгаа боловч банкны нэгдэл буюу дээд компаниас байгуулдаг банктай зэрэгцээ охин компанийн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжууд нээлттэй.

–УИХ-ын гишүүд арилжааны банкуудын захирлуудын лоббид автаж банкны зээлийн хүүд хязгаар тогтоох заалтыг унагасан гэх мэдээллийг зарим эдийн засагч хэлж байна. Зээлийн хүүд хязгаар тогтоох боломжгүй гэсэн үг үү?

-Энэ удаагийн банкны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 150 гаруй зүйл заалт өөрчлөгдөж байгаа. Тэр дотор шууд утгаараа зээлийн хүүтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Хууль санаачлагчдын санаачилгаар Банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуульд Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн нэг өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирснийг Байнгын хорооноос буцаасан.

Төр ард түмнийг хуурч болохгүй. Зээлийн хүү бууруулахыг бүх нийтээрээ хүсэж байна. Ганц өгүүлбэр оруулж өгөөд ард түмний хүлээлтийг аргална гэж хуурч болохгүй. Харин УИХ, Засгийн газар, Монголбанк ч тэр зээлийн хүү өндөр байгаа онош бүтцээ зөв хараад зөв зүйлээ барьж авч тэмцэх хэрэгтэй. Түүнээс халгаж хуульд ганцхан өгүүлбэр оруулж, тойруулж зугтаж, хийрхэж болохгүй.

Ганцхан өгүүлбэр оруулаад Монголбанк зээлийн хүүг бууруулж барьж тогтоож чадахгүй. Ямар ч боломж байхгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь 1990 оноос хойш 30 жил босгосон нийгэм эдийн засгийн тусгал, өртөг нь. Харин Монгол орныг эдийн засгийн хүндрэлд оруулаад байгаа гадаад өрийн менежмент зээлжих зэрэглэлийг сайжруулж  иргэдийн мөнгөн хуримтлалыг дэмжих хэрэгтэй. Үүний төлөө ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэрэгтэй. Тэгэхгүй эндээс халгаж ганцхан өгүүлбэр оруулж ирээд Монголбанкны ажил гээд сууж болохгүй.

–Ажлын хэсэгт хувьдаа банктай УИХ-ын гишүүн орсон уу. Цаашид зээлийн хүүг хэрхэн зохицуулах вэ?

-Зээлийн хүүг УИХ, Засгийн газар үеийн үед ярьж байгаа. Шийдвэртэй  оносон арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний мэдэхээр Засгийн газар, Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах урт болон дунд хугацааны хөтөлбөр гэж тунхгийн шинжтэй зүйл ярьж ирсэн. Байгаа оносон нь ховор. Энэ удаа ажил хэрэгчээр асуудлыг нэг бүрчлэн тодорхойлж, эдийн засгийн шалтгаан бүтэцтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй.

–Банкны хууль батлагдсанаар арилжааны банкуудад шалгалт хийх үү?

-Хууль батлагдсантай холбоотойгоор нэмэлт хяналт шалгалт хийхгүй байх гэж бодож байна. Өмнөх жишгээрээ явах байх. Харин чанар нь сайжирна гэж хэлж болно. Мөн банкуудын удирдлагуудыг халах солих ажил явагдахгүй байх гэж бодож байна. Харин ТУЗ-д зайлшгүй шаардлага тавих ёстой. Илүү мэргэжлийн байх ёстой.

–Зөрчлийн хуульд ямар өөрчлөлт орсон бэ?

-Банкны хуулиар хараат болон охин компанийн үйл ажиллагааг хязгаарласан учраас хараат болон охин компани гэсэн үгийг цөөнгүй хуулиас хасах зохицуулалт хийсэн.

Зураг