Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Хавдрыг эрт илрүүлэхийн тулд иргэдийн хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй

Б.Энхрийлэн, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт ажиллаж буй Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж. Чинбүрэнгээс тодрууллаа.

-Эрүүл мэндийн тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хорт хавдрын оношилгоог хуульчилъя гэж байна. Ингэх-дээ эхний жилд 70 гаруй тэрбум төгрөг, хоёр дахь жилээс 38 орчим тэрбум төгрөг төсөвт тусгана гэж оруулж байгаа юм байна. Мэргэжлийн хүний хувьд ямар өөрчлөлт оруулах нь үр дүнтэй гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд хорт хавдрын өвчлөлд анхаарал хандуулж байгаад баяртай байна. Бид хорт хавдрыг эмчилж байгаа боловч үр дүн гарахгүй байна. Яагаад гэвэл хожуу оношлогдож байна. Тиймээс улс орон даяар системтэй эрт илрүүлэг, үзлэг хийх боломж бүрдүүлэхгүй бол болохгүй. Уг нь 1998 оноос эхлээд Хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Таван жил, арван жилээр ажиллалаа. Гэвч санхүүжилт, систем нь бүрдээгүй учир ажил явсангүй.

Хамгийн чухал нь хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатар хот, ХСҮТ-ийг зорихгүйгээр эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг байх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бидний оруулж байгаа санал бол иргэн хүн өөрөө хариуцлагатай оролцооч гэж байгаа юм. Үзлэгт ор гэхээр орохгүй байгаа хүнийг яах вэ. Хавдар нь томорчихсон эмчлэх боломжгүй болчихсон хойно нь ирвэл яах вэ. Энэ бол тухайн хүнд, ар гэрт нь, бидэнд ч харамсалтай зүйл. Энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн иргэний хариуцлагын асуудлыг ярих ёстой.

Тиймээс тухайн иргэнд хариуцлага тооцохын өмнө төр өөрөө үнэ төлбөргүй үзлэг хийж байна гэдэг мэдээллийг байнга өгдөг байх хэрэгтэй. Хэрэв иргэн ирээгүй бол дараагийн үзлэгт өөрөө мөнгөө төлж үзүүлдэг байхаар хариуцлагажуулах хэрэгтэй шүү дээ. Төр нь өөрөө эмчлэх системээ бүрдүүлээгүй байж хариуцлагатай бай гэвэл буруу. Тийм учраас төр эхлээд эрт илрүүлгийн тогтолцоогоо бий болгочих.

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх тогтолцоог бий болгоход үнэтэй тоног төхөөрөмж шаардахгүй. Жишээлбэл, элэгний хорт хавдрыг илрүүлэхэд эхо аппарат хэрэгтэй. Дээрээс нь хавдрын маркер үздэг эммунологийн шинжилгээний аппарат, ходоодны хорт хавдрын оношилгоог хийх дурангийн аппарат, уушгины хавдрыг үзэх чээжний рентген аппарат бараг бүх аймагт байна.

-Салбарын сайдын хувьд Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг ийм байдлаар зарцуулах нь буруу. Ерөнхий бодлогод тусгасан гэдгийг хэлж байсан. Зайлшгүй энэ дөрвөн төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх шаардлага нь юу вэ?

-Би өөрөө хавдар судлалын эмч хүн. Хавдартай хүмүүс ихэвчлэн хожуу үед ирж байна. Даатгалын сангийн хөрөнгөөр аймаг, дүүрэгт тоног төхөөрөмж худалдаж авч өгөхгүйгээр зөвхөн тусламж үйлчилгээнд зориулах хэрэгтэй. Бид 2017 оны эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт даатгалын сангаас 10.2 тэрбум төгрөг гаргасан. 40, 45, 50, 55, 60 настай хүмүүсийг элэгний хавдар, умайн хүзүүн хавдар, хоол боловсруулах замын гэх зэрэг өвчнийг оношлуулж болно.

Оношлуулсан тохиолдолд даатгалын сангаас мөнгө өгнө гэсэн. Ингэж системийг бий болгож чадаж байна. Үүнийг илүү хөгжүүлэх ямар гаргалгаа байна. Эцсийн үр дүнд систем Монгол Улсад бий болж, эрт илрүүлдэг болчихвол сайхан.

-Гишүүд чуулганы үеэр эрт илрүүлгийн тусгай аппарат манай улсад байхгүй. Үүнийг оруулж ирэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага байна гэдэг санал хэлж байлаа. Энэ аппарат үнэхээр байдаггүй юм уу?

-Цацраг идэвхт бодисыг сахарын уусмалтай хольж, хүний судсаар тарьж, хавдрын эс байвал сахарыг өөртөө наалдуулдаг чанарыг нь ашиглан хавдрын тархалт хэр байна гэдгийг тодорхойлдог юм. РЕТ скан нь эрт үеийн хавдрыг оношлоход зориулагдаагүй. Харин эсрэгээрээ хавдрын тархалт буюу хавдар хожуу үедээ байна уу, үгүй юу гэдгийг үздэг. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд баригдаж байгаа "Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д РЕТ скан суурилуулахаар төсөвт суутгасан байна лээ.

Үүнээс гадна энэ сканд ашиглагддаг радео идэвхт бодисыг үйлдвэрлэдэг реактер гэж байдаг. Бараг цөмийн жижиг реактор гэсэн үг юм. Энд бодисуудаа үйлдвэрлэж, ашиглана. Бүгд цогц системээр хийгддэг болно.

Зураг