Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаатар: Улсдаа жишиг болсон оюутны хотхон бариулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж байна

Б.Баяр, Зууны мэдээ
2018 оны 1 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Манай улсад анх удаагаа жишиг болж их сургуулийн хотхон барих томоохон бүтээн байгуулалтыг АШУҮИС-ийн хамт олон өөрсдийн санал санаачилгаар эхлүүлэн гадны зээл тусламжийн дэмжлэгтэйгээр хийж байна. Энэ талаар АШУҮИС-ийн захирал анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа.

–Анагаахын их сургуулийн оюутны хотхонд нийт хэчнээн барилга барьж, ямар үйл ажиллагаа явуулах вэ. Хэрэгжүүлж буй төслөө танилцуулахгүй юу?

-Дэлхийн их, дээд сургуулиуд тэр дотроо эмч бэлддэг их сургуулиуд  дэргэдээ сургалтын эмнэлэгтэй байдаг. АШУҮИС байгуулагдаад 75 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч дэргэдээ эмнэлэгтэй болж чадсангүй. Энэ нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дадлагажихад асуудал байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Манай сургуулийн үе үеийн удирдлагууд эмнэлэгтэй болох хүсэлтээ гадны донор байгууллагуудад удаа дараа илгээж байсан юм билээ.

Би 2013 онд АШУҮИС-ийн захирал болоод хамгийн түрүүнд хөөцөлдсөн ажил бол их сургуулийн эмнэлэгтэй болох байсан. Эхний ээлжинд газрын асуудлыг шийдвэрлэж, Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт 8 га газрыг эмнэлгийн зориулалтаар авсан. Төсөл батлагдсанаар 2016 онд барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй эмнэлгийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу явж байна.

–Та АШУҮИС-ийн захирал болоод таван жил хүрэхгүй хугацаанд их сургуулийн эмнэлэг сургалтын цогцолбор хотхон байгуулах томоохон төслийг хэрэгжүүлсэн. Ажил хийхэд хугацаа богиноддоггүй бололтой?

-Би 1985 онд АШУҮИС-ийн оюутан болж сургуулийнхаа хаалгаар орсноос хойш энэ байшингаас буцаж гарсангүй. Өөрөөр хэлбэл, миний амьдралын 33 жилийн амьдрал сургуультай маань холбоотой. Би сургуулиа төгсөөд багш, тэнхимийн эрхлэгч, судалгааны ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн захирал, их сургуулийн захирал гээд бүхий л шатанд ажиллаж байна. Тийм учраас манай сургуулийн юу нь болохгүй байна, юуг яаж сайжруулах ёстой вэ гэдгийг сайн мэднэ.

Тиймээс сургуулийн захирал болоод шийдвэр гаргах түвшинд хүрээд сургуулиа хөгжүүлж шинэчлэх их хүслийн дор өдөр шөнөгүй зүтгэж ажиллаж байна. Бидний аз болоход Японы Засгийн газраас 175 тэрбум орчим төгрөгийн буцалтгүй тусламжаар их сургуулийн эмнэлгийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн барьж эхэлсэн. Японы Засгийн газрын буцалтгүй тусламж гэдэг маань Японы ард түмний татварын мөнгө.

Бидэнд итгэж мөнгөө хандивласан хүмүүс энэ эмнэлгийг цаашид яаж ажиллах бол гэдэгт санаа зовнино шүү дээ. Хотын захад ганцхан эмнэлэг байгаад ажиллаж чадах уу. Их сургууль нь болохоор хотынхоо төвд байх юм гэх мэт асар олон хэлэлцүүлэг болсны эцэст Япон түншүүдтэйгээ ярьж байгаад 8 га газарт их сургуулийн цогцолбор баръя гэдэг төлөвлөгөөг хамгийн анх хамтран гаргасан.

Эхлээд зураг төслийг гаргаж, хотын ерөнхий төлөвлөгөөгөөр батлуулж, үйл ажиллагаагаа төлөвлөсөн ёсоор шат дараатай явуулж байна. Ер нь Японы Засгийн газраас өгдөг буцалтгүй тусламж дээд тал нь 30 сая ам.доллар байдаг. Манай хэрэгжиж буй буй төсөл 78 сая ам.долларын төсөл. Тэгэхээр энэ мөнгөний тусламж авчхаад дахиад мөнгө гуйна гэдэг болохгүй зүйл учраас бид өөрсдийн нөөц боломжид тулгуурлан мөнгө босгохоор шийдсэн.

Японы ард түмэн бидэнд ингэж сэтгэл харамгүй тусалж байхад бид өөрсдөө бас зүтгэнэ ээ гэж талархлаа илэрхийлээд их сургуулийнхаа үйл ажиллагааны зардлаас болон сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр сургалтын цогцолборын эхний хэсэг буюу Анагаах ухааны сургууль, Уламжлалт анагаахын сургууль, эмнэлгийн барилгыг 2016 оны наймдугаар сард эхлүүлж чадсан.

Монголын уламжлалт анагаахын 60 ортой эмнэлэг, сургуулийн 4,200 метр квадрат талбайтай барилга, Анагаах ухааны сургуулийн хичээлийн 8,000 метр квадрат талбайтай барилга нийлээд 12 мянга гаруй метр квадрат долоон давхар байр энэ дөрөвдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Барилгын ажлын гүйцэтгэл нь 95 хувьтай явж байна.

–Тоног төхөөрөмжөө яаж шийдэв?

-Уламжлалтын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бидний сайн харилцаатай Өвөр Монголын Тунляо хотын Монгол Үндэстний их сургуулийнхан маань хандивлаж байгаа. Харин Их сургуулийн сургалтын эмнэлэг маань ирэх долоодугаар сард ашиглалтад орно. JICA олон улсын байгууллагад дахин хүсэлт гаргаж сургалтын эмнэлгийг шилэн хүзүүвчээр сургуулийн барилгатай холбохоор болсон.

Одоо хагас жил хүрэхгүй хугацаанд манай төслийн эхний үр дүнгүүд гараад ирнэ. Цогцолборын дараагийн хэсэг буюу Эм зүйн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургуулиа барих шаардлага гарч ирж байгаа. Бид улсын төсөв хэлэлцэхээс өмнө төслөө холбогдох газруудад таниулж улсын төсөвт суугдахаар яригдсан ч сайн үр дүнд хүрээгүй. Гэсэн ч бид хөрөнгө, мөнгө босгож Энэ онд барилгын ажлыг эхлүүлнэ.

Нэгэнт сургууль, эмнэлэг маань ашиглалтад орчих учраас юуны түрүүн 1,200 резидент эмч, оюутнуудын байрыг энэ дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болсон. Бид барих мөнгөө босгочихсон. Япончууд 176 тэрбум төгрөгөөр эмнэлэг барьж байна. Бид өөрсдийн боломжоор 25 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үлдсэн гурван сургуулийн байр болон спорт комплекс, оюутны соёлын төв, номын санг барина. Мөн багш, ажилчдын 240 айлын орон сууц баригдана.

Төлөвлөгөөний дагуу бид бүхий л боломжоо ашиглан мөнгө босгож, түрүүчээс нь амжилттай барьж дуусаж байна. Хэрэв хэн нэгэн саад болохгүй бол бидний төлөвлөгөө ёсоор 240 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил 2020 онд бүрэн ашиглалтад орно. Үүнд багш, эмч нарын орон сууцыг барих төсөв ороогүй. Хувийн хөрөнгө оруулалтаар барина гэж тооцож байгаа. Магадгүй бидний хувьд ахадсан том зорилт хэдий ч өнөөдрийг хүртэл улсын төсөв болоод хотын төсөвт ямар нэг дарамт үүсгэлгүй нэлээн их ажлыг хийж ирлээ.

Бид хотын зүүн зах руу оюутны хотхон руугаа нүүчих аваас долоон объектын 21 мянган метр квадрат хотын төвийн байрыг улсдаа хүлээлгэж өгнө. Тухайлбал, III эмнэлгийн наана байгаа 5,800 метр квадрат байр Сувилахуйн сургууль, хойно нь байгаа Эм зүйн сургууль, цөм лаборатори, 32-ын тойрог дахь Нүүр, ам зүйн сургууль, Шүдний эмнэлэг, Арслантай гүүрний зүүн талд байгаа нийт 800 оюутны байрыг төрд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгнө. Ингэхдээ ширээ сандлаас өгсүүлээд тавилгатай нь хүлээлгэж өгөхөөр тооцоолж байгаа.

–Оюутны хотхон руу нүүснээр нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэсэн. Энэ талаар …?

-8 га газарт 1,000 гаруй багш ажилтан, 10 мянга гаруй оюутан ажиллаж, амьдарч суралцана. 2020 онд Их сургуулийн хичээлийн байртай, оюутны байр, номын сан, бие бялдраа хөгжүүлэх спортын төвтэй, Соёлын төвтэй, орчин үеийн эмнэлэгтэй, уламжлалтын эмнэлэгтэй, шүдний эмнэлэгтэй, эмийн үйлдвэртэй, сургалтын лабораторитой иж бүрэн цогцолбор бий болно. Тэгэхээр анагаахын их сургуульд оюутан болж ирсэн залуус энэ найман га газраас гадагш гарах хэрэгцээ багасна.

Суралцах бүх боломжийг бид энд бүрдүүлнэ. Энэ төслийн нийгэм эдийн засгийн гол ач холбогдлыг гурван зүйлээр хэлье л дээ. Нэгдүгээрт, орчин цагийн дэлхийн их сургуулиудын хөгжсөн жишгийн дагуу бид орчин цагийн сургуулийн орчинтой болж байна. Дэлхийн жишгээр оюутнуудыг нэг дор төвлөрч суралцах бүх боломжийг олгож, өөр тийш анхаарлыг нь сарниулалгүй суралцах орчныг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, Агаарын бохирдол гамшгийн байдалд ороод байгаа өнөө үед агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах ач холбогдолтой.

Манай сургууль оюутнуудынхаа дунд судалгаа хийгээд үзэхэд оюутнууд хэд хэдээрээ нийлээд гэр хороололд байшин, гэр хөлсөлж амьдардаг юм байна. Тэгэхээр утаа үйлдвэрлэгчдийн нэг болдог байх нь. Сургуулийн багш нараас судалгаа явуулахад орон сууцанд зайлшгүй орох ёстой 400 гаруй хүн санал өгсөн. Тэр 400 хүн гэр хороололд амьдардаг багш, ажилчид юм. Ингэхээр бодит судалгаагаар хотын зах руу бид нүүгээд явчихаар зөвхөн манай сургуулийн харьяалал бүхий 240 янданг цөөлөх юм билээ. Энэ нь агаарын бохирдлыг бодитоор бууруулахад түлхэц өгнө.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа, хотын түгжрэл гээд хүн бүрийн санаа зовох асуудлыг шийдэхэд хүн бүр хичээх ёстой. Манай 32-ын тойрогт байрлах НАСС-ийн хичээлийн байр бас л нүүрс түлж халаадаг байсан. Хотын чанарын албанд хүсэлт гаргаж хэмжүүлэхэд 24 цагт бараг 60 айлын гаргадаг утааг гаргаж байна гэсэн аймшигтай дүгнэлт гарсан. Бид ярилцаж байгаад шинэ оны эхнээс цахилгаан халаагуур тавьсан. Өртөг нь нүүрснээсээ бага гарах тооцоо бий.

Ингээд бид утаа гаргаж буй яндангийн тоог 60-аар цөөрүүлж чадлаа. Гуравдугаарт, хотын төвийн их хөдөлгөөнөөс 10 мянган хүн гараад явахаар замын түгжрэлийг бууруулахад бас нэмэр болно. Нэг автобусанд 40-50 хүн суудаг гэж тооцвол өдөрт 200 автобус нааш цааш хэдэн удаа явах вэ. 200 автобус ямар их утаа ялгаруулах вэ. Бас энэ 10 мянган хүний нэлээд нь хувийн унаатай байгаа нь тодорхой. 10 мянгаа байг гэхэд 3 мянган автомашиныг цөөлнө. Иймээс авто замын түгжрэл хийгээд агаарын бохирдлыг бууруулахад асар өндөр ач холбогдолтой юм.

–Бусад их дээд сургуулиуд ч энэ жишгээр хотхон хэлбэрээр хөгжиж болох юм. Тийм ээ?

-ШУТИС, МУИС, МУБИС, Хүмүүнлэг, Этүгэн зэрэг хотын төвд байрладаг их, дээд сургуулиуд хотын зах руу гарах боломжтой. Яг үнэндээ бидний нөхцөл яг ижилхэн. Манай АШУҮИС хотын зах руу нүүх нь тодорхой болчихлоо. Хотын төвөөр алхаж явахдаа энэ манай улсын нийслэл мөн үү эсвэл оюутны хотхон уу гэж өөрөөсөө асуухад хүрдэг. Хотын төвд их сургуулиуд нь шавчихсан байна шүү дээ. Даруй хотын төвд 90 мянган оюутан суралцаж амьдарч байгаа гэсэн тооцоо бий.

Хотоос 90 мянган оюутан гарчихвал агаарын бохирдол, замын түгжрэлд асар түлхэц өгнө. Тиймээс би их, дээд сургуулийн захирлууддаа хотын зах руу нүүхийг уриалмаар байна. Хотын төвөөс гарч алслагдсан дүүрэг рүү газар авч, гадны болоод дотоодын зээл тусламж, нөөц бололцоогоор оюутны хотхоныг барих ажлыг эхлүүлээч гэж уриалмаар байна. Өнөөдөр зуух, утаагүй түлш гэх үр дүнгүй зүйлд зориулж байгаа мөнгөөрөө их, дээд сургуулиа хотын төвөөс гаргахад зориулж яагаад болохгүй гэж.

Хэрэв хотын зах руу нүүчих юм бол алслагдсан дүүргүүд асар хурдтайгаар хөгжинө. Учир нь нийгмийн хамгийн тэр­гүүлэх хэсэг болох эрдэмтэн багш, оюутнууд тэнд ажиллаж амьдарч байгаа учраас захын дүүргүүдийн  хөгжилд асар том хувь нэмэр болно. Бидний энэ уриалгыг УИХ, Засгийн газар, Нийслэл хотын захиргаа, их дээд сургуулиуд гээд бүх шатандаа дэмжиж хамтран ажиллаач гэдгийг бас уриалъя.

Ер нь утаа гаргаж буй яндангаа цөөлж байж агаарын бохирдлоос сална. Хэрэв их сургуулиуд бидний уриалгыг хүлээн авч, УИХ, Засгийн газар нь зоригтой шийдлийг гаргах аваас 2-3 жилийн дотор агаарын бохирдлыг 30-40 хувиар бууруулах тооцоо байна. Өнөөдөр дэлхий дээр хотын төвдөө их, дээд сургуулиа байршуулсан улс орон манайхаас өөр бараг алга.

–АШУҮИС-ийн их сургууль 100 хувь төрийн өмчит сургууль. Төрийн их сургуулийг хотын зах руу нүүлгэж, оюутны хотхон барьж бүтээн байгуулалт хийж буй танай хамт олноор бахархаж байна. Монгол Улсдаа жишиг болж буй сургуулийн хамт олны ур чадварын гол нууц юу байв?

-Манай их сургуулийн удирдлагын баг чадварлаг, эрдэмтэдтэй. Чадвартай нь чадваргүйгээ, мэдлэгтэй нь мэдлэггүйгээ, сэтгэлтэй нь сэтгэлгүйгээ нөхөж ажиллахыг би багийнхнаасаа өдөр бүр шаарддаг. Манай сургууль 2024 он гэхэд  Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилго тавьсан.

Хөгжлөөрөө тэргүүлж буй Австрали, Сингапур, Малайз, БНСУ, Хонгонк, Индонези зэрэг 37 улсын 5,000 гаруй их дээд сургуулиудтай өрсөлдөж эхний 100-д орно гэдэг амаргүй, маш их хөдөлмөр шаардана. Зорилгоо биелүүлэхийн тулд хөгжлийн бодлогоо гаргаж, тэр бодлогынхоо дагуу явж байна. Өдгөө Европын холбооны ASIIN байгууллага манай сургуулийн хүний их эмчийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн байгаа. Би эрхэм зорилгоо хүн бүрт, өдөр бүр сануулахыг эрмэлздэг.

Чингис хаан өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай гэсэн гэдэг шиг манай сургуулийн хамт олон өдөр бүр эрхэм зорилгоо санаж, сэрж байх ёстой. Та манай сургуулийн багш, ажиллагсад, үйлчлэгчээс танай сургуулийн эрхэм зорилго юу вэ гэхэд хэн нь ч “Бүсийн шилдэг сургууль болно” гэж хэлнэ дээ /Инээв/. Манай сургуулийн удирдлагын багийн бүх хүний ширээн дээр их сургуулийн оюутны хотхоны план зураг байдаг. Өдөр бүр хараг, юунд зорьж ажиллаж байна вэ гэдгээ санаж яваасай гэсэндээ тэр.

–Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг асууя. Та шударга хариулаарай. Улсын өмчит сургуулийн төлөө танай баг ингэж сайн ажиллаж байхад манай улсын Төр, засгийн эрх мэдэлтнүүд хэр их дэмжиж байна вэ. Сайд солигдох тоолонгоор их, дээд сургуулиуд, эмнэлгүүдийн захирлуудыг өөрчлөн дарга болох гэсэн хүсэлтэй хүмүүсийг авчраад байдаг. Танд одоо төлөвлөсөн ажлаа дуусгах хугацаа өгөх нь үү?

-Төр, засгаас дэм­жилгүй яахав. Жаахан удааныг эс тооцвол өгөх ёстой зөвшөөрөл, холбогдох бүхий л зүйлээр дэмжиж байна. Тухайл­бал, Монгол Японы эмнэлгийн гадна шугам сүлжээний өртөг болох 2.3 тэрбум төгрөгийг төсвөөс гаргасан. Түүнээс биш оюутны иж бүрэн хотхон барих барилгын ажилд одоогоор төрөөс шууд дэмжлэг ирээгүй. Гэхдээ цаашдаа ирнэ гэдэгт итгэж байна. Бид 2018 онд ажлынхаа үр дүнг түрүүчээсээ харуулаад эхэлнэ. Тэгэхээр эрхбиш монгол хүн байна даа, биднийг ингэж зүтгэж байхад эрхбиш тусалъя гэж бодох байлгүй дээ.

Оюутны хотхон маань манай улсын дээд боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна. Монголын залуу үе, үр хүүхдийнхээ төлөө бид өнөөдөр ажиллаж байна. Монгол Улсын төлөө, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө сэтгэл нь чилж, зүрх нь цохилж явдаг нь үнэн л бол энэ төслийг дэмжинэ. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна. Юуны өмнө өөрсдөөс шалтгаалах ажлаа хийж үр дүнгээ түрүүчээсээ харуулчихъя гэж зорьж байна.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд энэ сарын 26-27-нд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болох гэж байгаа. Энэ зөвлөгөөнөөр их, дээд сургуулиудыг дэмжсэн санхүүжилт, хотхон байдлаар хөгжих тухай, алслагдсан дүүрэг рүү нүүх тухай асуудлыг хөндөхгүй бололтой. Уг нь үүнийг зоригтой ярьж байж, төр засгаас ухаалаг шийдвэр гарч байж улс хөгжинө.

Гал унтраасан эсвэл уриа лоозон дэвшүүлсэн маягаар улс орон хөгждөггүй юм байна гэдгийг бид хэдэн арван жил харлаа шүү дээ. Миний хувьд их сургуулийн хотхон барьж дуусгах хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Манай хамт олон ч маш сайн дэмжиж байгаа. Энэ олон хүний дэмжлэг авч, зөв юм хийж байна гэсэн итгэл үнэмшил төрөөд эхлэхээр бүр ч урам зоригтой ажилладаг юм байна. Манай баг бол үнэхээр хүчирхэг баг. Энэ хүчирхэг баг том төслийнхөө ард гартал нь улс төр орж битгий тарааж бутаргаад хаячхаасай гэдгийг хүсэх байна.

Монголд  сайд, дарга солигдох бүр ажил хийж буй хүмүүсийг нааш цааш нь хөдөлгөж, ажил мэдэхгүй хүмүүсийг оруулж ирдэг нь нууц биш. Хэн нэгнийг ажилтай, албан тушаалтай болгохын тулд ажил хийж буй сайн багийг битгий самраасай гэдгийг шуудхан хэлчихье. Албан тушаалтай зууралдах гээд байгаа юм биш, төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа дуусгахыг л хүсэж байна. Монгол Улсдаа жишиг болсон оюутны иж бүрэн хотхоныг барих ажилд гар бие оролцож, эхлүүлсэн ажлаа дуусгачих аваас миний хувьд улс эх орондоо хийж чадсан ажил маань болох юм даа.

Зураг