Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Литва улс Монгол улсын эсрэг худалдааны хориг тавиагүй гэж мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Литва улсын гадаад хэргийн яам интернэтээр тарсан худал мэдээллийг няцаасан мэдэгдэл гаргажээ.

Уг хуурамч мэдээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн хийсэн алдаатай мэдэгдлээс шалтгаалан тус улс Монгол улсын эсрэг худалдааны хориг тавьсан тухай байсан юм.

Хуурамч мэдээнд дурдахдаа “Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Дархан хот дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын дэргэд болсон арга хэмжээнд үг хэлэхдээ Балтийн тэнгисийн орнуудыг ЗХУ-ын цэрэг фашистуудаас чөлөөлсөн гэж ярьжээ. Литвын хуулиар энэ түүхэн үйл явдлыг чөлөөлөлт биш, Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл гэж үздэг бөгөөд үүнийг буруугаар тайлбарлавал гэмт хэрэгт тооцдог юм. Тиймээс Литвын ерөнхийлөгч Даваа гарагт (нэгдүгээр сарын 15) Монгол улсын эсрэг худалдааны хориг тавих зарлигт гарын үсэг зурлаа” гэжээ.

Өнөөдөр Литвын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дээрх мэдээллийг ямар ч үндэслэлгүй гээд Литва-Монгол улсууд хамтын ажиллагаагаа бүтээлчээр өргөжүүлэн хөгжүүлж байгааг онцолсон байна.

Мөн Литва улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагах гэсэн гуравдагч этгээдийн энэ мэт худал хуурмаг мэдээлэл тараах явдал анхны тохиолдол биш болохыг дурджээ.

 

Эх сурвалж: mfa.lt