Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ыг Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЭЦ ҮЗЛЭЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндсэн Хуулийн Цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Үндсэн Хуулийн Цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.

Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж дүүрэг тус бүр нэг шүүхтэй байхаар өөрчлөн найруулсан боловч Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хоёр дүүргийн дунд нэг анхан шатны шүүхийг байгуулан хуульчилсан байна. 

Ингэснээр өмнө нь Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж  Үндсэн хуулийн цэц үзэж тогтоол гаргалаа.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор удаа дараа хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчиж байгааг уг шийдвэртээ дурдав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.