Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гарал үүсэл нь тодорхойгүй алтны нийлүүлэлт ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ

ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө Европын холбоо 17 улсыг “татварын ил тод бус тогтолцоотой” гэх  хар жагсаалтад оруулснаа зарлав.

Үүнд Монгол Улс багтсан тухай мэдээлэл багагүй шуугиан тарилаа. Европын холбоо манайд урьдчилсан анхааруулга өгч, улмаар татварын системдээ реформ хийхийг зөвлөж байсан аж. Гэвч манайхан татгалзсан хариу өгснөөр Монгол Улсын санхүү, эдийн засгийг том эрсдэлд оруулжээ. Европын Холбооны Сангийн зарим сайд нар Монгол Улсын гадаад гүйлгээнд нэмэлт татвар ногдуулах болон санхүүгийн бусад хориг арга хэмжээ авахыг санал болгож буй тухай ч мэдээллүүд байна.

Дэлхий даяар ийнхүү мөнгө-санхүүгийн хэрэгслүүдийн гарал үүслийг ил тод болгох санаачилга хүчээ авсаар байна. Үүний дотор алт ч мөн орно. Лондонгийн Үнэт Металлын Зах Зээлийн Ассоциаци (LBMA)-аас магадлан итгэмжлэгдсэн боловсруулах үйлдвэрүүд “Хариуцлагатай Алт” удирдамж (Responsible Gold Guidance)-ийг даган мөрдөх болж, улмаар хүний эрхийн зөрчил, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэж, мөнгө угаах үйл ажиллагаанаас сэргийлэх юм байна.

Манай улсад зөвхөн татвараас зайлсхийх биш дээр дурдсан гэмт хэргүүдийн хөрс суурь бүрдэх эрсдэлтэй учир арга хэмжээ аваачээ л гэж олон улсын нийгэмлэгүүд сануулж буй хэрэг. Гэтэл Монголбанк хувь иргэдээс алт худалдан авахдаа гарал үүслийг тодорхойлохгүй байгаа нь цаашид гадаад худалдаа, эдийн засгийн орчинд нэр хүндээ алдах, бас дэлхийн банк-санхүүгийн сүлжээнээс тусгаарлагдах эрсдэлийг үүсгэж байна.

Манай улсад “бичил уурхай”-гаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээний дийлэнх нь албан бус буюу сүүдрийн гэгдэх хэсэгт ногдсон хэвээр байгаа юм. Учир нь бичил уурхайчдын 85-90 хувь нь “албан бус” ба 15 орчим хувь нь л нөхөрлөлд бүртгэлтэй байна. Дагаад алтны худалдааны сүлжээ нь ч ил тод бус, хариуцлагагүй мөн албан бус байдлаар ажиллаж байна.

Бичил уурхайчид нь олборлолтоо албан бусаар үйлдэж, алтаа худалдаачдад борлуулахдаа хоёр талаас худалдан авсан, хүлээлгэн өгсөн бичиг баримт үйлддэггүй тохиолдолд алтны худалдаачдаар дамжсан алтны нийлүүлэлтийг Монголбанк хянах боломжгүй байна. Бичил уурхайчдаас худалдан авсан алтны хэмжээ болон Монголбанкинд тушаасан алтны хэмжээний зөрүүг тодорхойлж чадахгүй тул хэдий хэрийн алт хууль бусаар хил давж экспортлогдож байгаа, ямар хэмжээтэй алт мөн нууцаар орж ирж хувь иргэний нэрээр монгол банканд тушаагдаж байгааг мэдэх аргагүй юм.

Энэ бүх хүндрэлийг шийдэх шийдэл нь нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй алтны худалдаачид ч мөн адил албажуулалтанд хамрагдаж, цаашид алт худалдаалах үйл ажиллагааг албан ёсоор эрхлэхийн тулд тэдэнд бүртгэлийн лиценз эсвэл дугаар олгох явдал юм. Ингэснээр худалдаачид алт худалдан авсан зардал болон борлуулалтын орлогоо мэдүүлж, бодит ашгаасаа татвар төлнө. Учир нь алтны худалдаачид татварын боломжит тогтолцоо бүрдсэн үед албажих хүсэлтэй байгааг судалгаа харуулж буй юм. Гэхдээ тэд татвар хэт өндөр биш, хууль бус зах зээлтэй өрсөлдөхүйц байх тохиолдолд бүртгэл хяналтын системд бүрэн оролцох боломжтой.

Алтны шилжилт хөдөлгөөний ил тод байдлыг хангаагүйн улмаас тус сүлжээнд гадаадын тодорхой бус эх үүсвэртэй бохир алт “угаагдаад” гардаг болох эрсдэл бий. Жишээ нь 2014 онд Болив улс 6.6 тн алт олборлосон гэх атлаа АНУ-руу 33 тн-г гаргасан байдаг.

Иймд шилжилт хөдөлгөөний ил тод байдал буюу “албан ёсны” сүлжээг дэмжсэн алтны гарал үүсэл болон олборлолтыг баталгаажуулсан үндэсний тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр олон улсын стандартыг хангах төдийгүй алтны худалдаачид хууль эрх зүйн хүрээнд албан ёсоор ажиллах боломж бүрдэнэ.

Нэрт эдийн засагч Эрнандо дэ Сатогийн тодорхойлсноор албан бус хэлбэрт (сүүдэрт) байх зардал нь албан байх зардлаас бага байх юм бол  тухайн бизнес далд хэлбэрт шилжиж, сүүдрийн эдийн засгийг томруулдаг. Иймд алтны нийлүүлэлтийн сүлжээнд алтны худалдаачдыг бүртгэх ажлыг төр засгийн зүгээс хямд төсөр, ухаалаг хэлбэрээр шийдэх учиртай. Жишээ нь бүртгэлийн дугаарыг төрийн байгууллагын зүгээс олгож болох юм.

Уг бүртгэлийн дугаар нь алтны ил тод нийлүүлэлтийн сүлжээний мэдээллийн анхдагч эх үүсвэр болж тухайн алтны гарал үүслийг тодорхойлж чадна. Бүртгэлийн дугаарыг аливаа нэгэн нэмэлт татвар, төрийн хүнд суртлын даваатай тулахгүй, Монголбанк болон сорьцын албанд хандахад хөнгөлөлттэй, элдэв гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж хууль хяналтын байгууллагын хамгаалалд орох нь баталгаажсан байх шаардлагыг хангахад л эрх нь үүсдэг байх зохицуулалтыг хангасан журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ба Монголбанк хамтран боловсруулж болох юм.

Монголбанк зөвхөн нийслэлд алт худалдан авдаг нь хөдөө орон нутагт далд сүлжээг өөгшүүлэх, улсын хэмжээнд гарал үүслийг зөв гэрчлэх тогтолцоонд асар том бэрхшээл болсон хэвээр байна. Дээр нь Монголбанк хувь иргэдээс алт худалдан авах үед орлогын татвар төлөх шаардлагагүй байдаг тул алтны олон компаниуд алтаа хувь хүний нэрээр тушаадаг аж. Зарим судалгаагаар хувь иргэдийн төв банканд тушааж буй 7 орчим тонн алтны тал нь иргэдийн нэрээр алтны компаниудын “татвараас зугтаж” тушаасан алт байдаг гэсэн таамаг бий. Орон нутгийн оролцоо ч чухал. Учир нь гарал үүслийн гэрчилгээнд үндэслэн орлогын тодорхой хэсэг нь олборлолт хийгдсэн нутаг оронд эргэж очих юм.

Эцэст нь дахин сануулахад олон улсад багагүй амжилт олсон сайн туршлага бол Цахим бүртгэлийн систем юм. Гар утсанд суурилсан хялбар аппликейшнаар дэмжүүлсэн тус авсаархан тогтолцооны үр дүнд алтны гарал үүслийг уурхайн аман дээрээс эхлэн анхны худалдаатай хамт бүртгэн авч, алтны худалдаачдын олон шатлал бүрээс Монголбанканд очих эсвэл экспортын эрх бүхий этгээдэд хүрэх хүртэл бүх тээвэрлэлтийг хянаж, татвараа бүрэн авах боломжтой.

Монголчууд бид энэ туршлагыг нэвтрүүлбэл  төр татвараа бүрэн шударгаар авах, бичил уурхайчдыг зөв чиглүүлж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, алтны худалдаачид хуулийн хүрээнд ажиллах, олон улсын шаардлагыг биелүүлэх хамгийн гол нь Монгол Улс “орхигдсон” иргэдээ гарч болзошгүй олон сөрөг эрсдэлээс урьдчилан  сэргийлж чадах юм.

Ч. Отгочулуу