Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чулуунбаатар: Шатахууны үнэ, татвар нэмэгдсэнээр иргэдэд хүнд ачаа болж байна

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос түлш, шатахууны үнийг бууруулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жагар "Монгол Улсад өнөөдөр маш ноцтой байдал үүсээд байна. Шатахуун импортлогч компаниуд ард түмнийг дээрэмдэж байна. Тэр дундаа офшор данстай газрууд үнийн зохиомол хөөрөгдлийг үүсгэж, хомсдлыг зохиомлоор бий болгож байна. Гаднах үнийн самбар нь өөрчлөгдөөгүй байхад худалдаалахдаа нэмж байгаа. Тиймээс татвар төлөгчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаа.

Ерөнхий сайд өөрөө хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Учир бензин тосны үнийг барихгүй. Дэлхийн зах зээлтэй уялдаад ийм байгаа учраас Монгол Улсын зах зээл барих боломжгүй гэсэн. Одоо болохоор шударга өрсөлдөөний газар нь сайн хүний дүрд тоглоод засгийн газар сайн ажиллаж байгаа юм шиг дүр эсгэсэн. Энэ байдал нь татвар төлөгчдийг доромжилж байгаа хэрэг.

Нэг ёсондоо засгийн газрын тэргүүнээсээ даваад байгаа юм шиг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Шударга өрсөлдөөний газраас өнөөдрийн хийсэн хэвлэлийн хурал худлаа, биелэх боломжгүй зүйл ярьж байна. Шатахууны монополь байдлыг таслан зогсоох уриалгыг Засгийн газарт хүргүүлж байна. 

Харин татвар төлөгч иргэддээ Засгийн газарт дахин татвар төлөхгүй байхыг уриалж байна. Учир нь ийм муу улс, Засгийн газар, Ерөнхийлөгч, төр засгийн тогтолцоотой улсад татвар төлөхгүй байх эрх нь бидэнд байна. Бид 2017 онд татвараа давуулан биелүүлж байхад татвар төлөгчдөө шулж байна. Харин сайн тогтолцоотой улс бүрдсэн тохиолдолд иргэд, аж ахуйн нэгж үүргийнхээ дагуу татвараа өгнө. Тиймээс хууль бус төр засагт татвар бүү өг.

Бидний татварын мөнгийг төрийн албан хаагчдад өгсөн. Тэдэнд олгосон 55 тэрбум төгрөгөөр 55 цэцэрлэг барих боломж байсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаа боль" гэсэн юм.

Шаардлагыг хүлээж аваагүй тохиодолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. 

Бид нэгдсэн зорилго, шаардлага тавьж байж тодорхой үр дүнд хүрнэ

 

Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ны ерөнхийлөгч С.Чулуунбаатар "Шатахууны үнэ, татвар нэмэгдсэнээр иргэдэд хүнд ачаа болж байна. Татвар төлөгчдийн ширээн дээр байдаг талханд Засгийн газар гар хүрлээ. Таны хүүхдэдээ өгдөг дөрвөн зүсэм талх чинь гурав боллоо. Үүнийг татвар төлөгчид бүгд ойлгох ёстой. Бид нэгдсэн зорилго, шаардлага тавьж байж тодорхой үр дүнд хүрнэ. Ард иргэд бид улс төрч та нарыг сайхан байранд суулгаж, үнэтэй машин унуулж, эрх мэдэл өгч, бололцоотой бүхнээр чинь хангасан.

Гэтэл одоо яагаад ард түмнээ харахгүй байгаа юм бэ? Миний мөнгийг яагаад хэрэггүй зүйлд зарцуулж, мөнгөөр минь цагдаа хөлсөлчхөөд намайг зодуулаад байна вэ гэдгийг татвар төлөгч бүр асуух ёстой. Асуудал гарвал л иргэд рүүгээ чихчихдэг. Утаа ихэдлээ гэвэл хөдөөний хэдэн хүн хүрч ирээд гал түлээд бохирдуулаад байна гэдэг. Хамгийн гол нь бид нэгдэх шаардлагатай байна. Хууль тогтоомжоор Монгол Улсыг залж чадахгүй бол, иргэд саарал ордонг эзлэх болно.

Шаардлага хүлээж авахгүй бол 21 аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг татвар төлөхөөс түтгэлзүүлнэ" гэсэн юм.