Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мастерс дуулиан дүүрэн эхэллээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 16
SPS
Зураг зураг

Снүүкерийн оны хамгийн эхний тэмцээн болох “Мастерс” Лондон хотноо дуулиан шуугианаар дүүрэн үргэлжилж байна. Чансааны шилдэг 16 тамирчин өрсөлддөг энэхүү тэмцээн хоёр хоногийн өмнө хөшгөө нээсэн бөгөөд БНХАУ-ын Лянг Вэнбо, Дин Жунхуй болон сүүлийн дөрвөн жил гурвантаа дэлхийн аварга болсон Английн снүүкерчин Марк Селби нар эхний шатнаас хасагдлаа.

Шилдэг 16 тамирчин эхний шатанд 11 өрөг өрсөлдөх учиртай тэмцээний эхний шатанд Марк Селби Уэльсийн тамирчин Марк Уиллиамстай учраа таарсан. “Уэльсийн гайхамшиг” хочит Марк Уиллиамс дэлхийн аваргыг 6:5-аар буулган авч эхний дуулианыг дэгдээсэн.

Харин нөгөө талд дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Английн тамирчин Жүдд Трамп БНХАУ-ын тамирчин, өнгөрсөн жилийн хагас шигшээ хүртэл өрсөлдсөн Лян Вэнботой таарсөн бөгөөд англи залуу түүнийг эхний зургаан өрөгт 5:1-ээр илүүрхсэн. Үүний дараа Лян гурван өрөг дараалан авч сайн нэхсэн хэдий ч Жүдд Трамп сүүлийн өрөгт 85 оноо авч 6:4-өөр хожил авсан.

Тэмцээний 15 дугаарт эрэмбэлэгдэж буй Уэльсийн тамирчин Райн Дэй эхний шатанд БНХАУ-ын хамгийн алдартай тамирчин Дин Жунхуйтай оноолт таарч эхний гурван өрөгт хятадын тамирчинд дийлдсэн. Гэсэн хэдий ч Райн дараачийн өрөгт тун сайн тоглож эцсийн дүнд түүнийг 6:4-өөр буулган авч чаджээ.

Эхний шатны үлдсэн тоглолтууд маргааш болон нөгөөдөр явагдах бөгөөд Английн домогт тамирчин, өнгөрсөн жилийн аварга Ронни О’Салливан Хонконгийн Марко Футай, Шотландын Жон Хиггинс нутагт нэгт Энтони МакГилтай, “Шидтэн” хочит Шон Мөрфи Английн тамирчин Али Картертай, Барри Хоувкинс англи залуу Кайрон Уилсонтой тус тус өрсөлдөх юм.

Энэ жилийн Мастерс энэ сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд түрүүлсэн тамирчин 200 мянган фунт стерлинг буюу 668 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн шагналын эзэн болно.

Зураг