Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер Сити анхны ялагдлаа амслаа

SPS телевиз
2018 оны 1 сарын 15
SPS
Зураг зураг

Английн Премьер лигийн 23 дугаар тойргийн хамгийн оргил тоглолт Ливерпүүл болон тэргүүлэгч Манчестер Сити клубуудын хооронд явагдлаа. Энэхүү хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн 9 дүгээр сард Манчестер Ситигийн талбайд явагдсан бөгөөд талбайн эзэд 5:0-ээр бут ниргээд байсан юм.

“Улаанууд”-ын өвлийн солилцоогоор авсан хамгаалагч Виржил Ван Дик бэртлийн улмаас энэ тоглолтод оролцоогүй ба багийн түлхүүр тоглогч Филиппе Коутиньог Барселона клуб руу үдэж явуулснаас хойш анхны тоглолтоо хийсэн нь энэ байлаа.

Тоглолтын эхнээс хоёр баг ээлж дараалан довтолсоор 9 дэх минутад Ливерпүүлийн хагас хамгаалагч Алекс Окслэйд Чемберлен торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн. Энэхүү гоолоос хойш “Улаанууд”-ын хамгаалалт, довтолгоо аль аль нь төгс “ажилласан” ч тоглолтын 40 дэх минутад герман залуу Лерой Сане гоцлон тоглолтоор тоог тэнцүүлж эхний үеийг өндөрлүүлж чадсан.

Харин хоёрдугаар хагасын 59 дэх минутад Роберто Фирмино, 61 дэх минутад Садио Манэ, 68 дахь минутад Мохамед Салах нар гурван гоолыг дараалан оруулж талбайн эзэд 4:1-ээр илүүрхэж эхэлсэн. Улирлын турш нэг ч ялагдал амсаагүй байсан Манчестер Ситигийн удаа дараалсан довтолгооныг амжилттай зогсоож байсан Ливерпүүл клуб тоглолтын 84 болон 90+1 дэх минутуудад гоол алдаж тооны зөрүү ойртсон. Гэсэн хэдий ч “Хотынхон” нэмж гоол оруулж чадалгүй Энфилд цэнгэлдэх хүрээлэнд 4:3-аар ялагдал хүлээлээ.

Ингэснээр Манчестер Сити клуб 62 оноотой хэвээр үлдсэн бол Ливерпүүл клуб 47 оноотой болж гоолын зөрүүгээр Манчестер Юнайтедын ард гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. “Улаан чөтгөрүүд” өнөө шөнө 04:00 цагаас Стөүк Ситиг талбайдаа хүлээн авснаар 23 дугаар тойргийн тоглолтууд өндөрлөх юм.

Зураг