Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл бэлчээр-Эрүүл мал-Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн

ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг

Таны гэр бүлийн тавган дээр байгаа махны тухай та хэр мэдэх вэ


     Бага байхад минь манайх хөдөөгийн бяцхан сууринд амьдардаг эгэл бор амьдралтай айл байсан ч аав ээж ах эгч дүү нартайгаа элэг бүтэн байсан үеэ эргэн дурсахад аз жаргалтай хүүхэд насандаа эргээд очих шиг болдог оо. 

Манайх нэг хөх хайнагийн үнээтэй байж билээ. Хөх үнээгээ бид “хөхөө” гэж дуудна. Сааль сүүний цаг дөхөхөд ээж минь жижиг түмпэнд  талхны үйрмэг, юухан хийхэн хийгээд  “хөхөө, хөхөө” гэж дуудахад  хаа барааны газраас Хөхөө нэрт үхэр маань хүнгэнэтэл мөөрсөөр ирдэгсэн. Хөхөөгийн буянаар манайх цайны сүү, тараг, өрөм, ааруулаар огт тасардаггүйгээр үл барам ээж минь зундаа шуудай ааруул, хоёр жижиг гүзээ зөөхий илүүчлэн хураадагсан. Ээжийн минь сэтгэлийг хамгаас илүү зовоодог зүйл бол жил бүрийн хаврын улиралд болдог СЭВ-ийн үзлэг байлаа. 1966 оноос ЗХУ, Герман, Болгар зэрэг орнуудын тусламжтайгаар ям, бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэх СЭВ (Совет экономической взаимопомощи буюу  Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл)-ийн шинжилгээний экспедиц манай улсад идэвхитэй ажиллаж, мал сүргийг дээрх гурван төрлийн өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач тусаа үзүүлсэн байдаг.  Манай нутгаас  СЭВ-ийн үзлэгт тэнцээгүй саалийн үнээгээ хураалгасан айлын авгайчууд  уйлалдаад л гүйцгээнэ. Азаар манай хөх үнээ СЭВ-ийн үзлэгийг ажралгүй давж олон жил бидний бор ходоодыг баярлуулсан сан.

Өнөө үед хот суурин газар амьдарч байгаа хүмүүс монгол малын ашиг шим болох сүү, цагаан идээ, махыг хэрэглэх сүжиг буурч байгаа нь анзаарагдах боллоо. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хоёр хувь болох 25 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн, өндөгийг (2016 он) гадны улс орнуудаас импортлон хэрэглэж байна. Зөвхөн энэ жишээнээс үзэхэд  л нэг малчин өрх нэг жилд 160  мянган төгрөгийн орлого олох боломжоо алдаж байна  гэсэн үг.

Хүний бие махбодийн өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулахад онцгой үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бол яах аргагүй монгол малын мах юм. Бид өдөр бүрийн  уураг болон илчлэг сайтай өөх тос, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээгээ голлон махаар хангаж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг байжээ.Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдаж карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог байна. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхижүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Манай бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогдох ёстой  талаар судлаачид тогтоосон. 

Монгол орны малын мах нь бэлчээрийн өвс ургамалтай ямар холбоотой тухай


Хонины сүүлэнд агууллагддаг Д, С, А, К аминдэмүүд, хэд хэдэн төрлийн ханаагүй тос нь сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг. Ийм учраас монголчууд амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, уураг сүүл хөхүүлдэг улaмжлалтай байсан байна. Энэ нь хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдагтай холбоотой болох нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ.

Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц  бүтэцтэй, үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ, тосонд уусдаг аминдэмүүд илүү байдаг, адууны мах халуун чанартай зарим эрхтэн нь эмийн чанартай, тэмээний маханд нүүрс  ус, чихэрлэгийн зүйл ихтэй байдаг зэрэг нь эдгээр малын бэлчээрт ургадаг өвс ургамалтай шууд  холбоотой байдагт оршиж байгаа ажээ.

Бидний хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж өөрчлөгдөн доройтсон байгаа нь тогтоогдсон. Тэгвэл бэлчээрийн доройтлоос улбаатайгаар зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход  орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Иймээс эрүүл соргог бэлчээрт идээшилсэн малын махны үнэлэмж, доройтож цөлжсөн бэлчээрийнхээс ялгаатай байхаас эхлээд бэлчээрийн даацыг тэнцвэртэй барьж ургамалд нөхөн ургах бололцоог олгох зэрэг олон чухал асуудал бидний өмнө тулгараад байна. 

Махны эрүүл мэндээс болж хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох тухай


Эрүүл соргог, олон төрөл зүйлийн ургамалтай бэлчээрт идээшилдэг малын мах чанартай хүнс тэжээл болдог бол доройтсон, лууль, шарилжинд идэгдсэн бэлчээрт идээшилсэн малын мах хүний бие махбодийг гэмтээж олон төрлийн өвчин үүсгэх суурь нөхцлийг бүрдүүлдэг  байна. Тиймээс тухайн мал өвсний соргогийг идэж, усны тунгалагыг уусан, эсвэл доройтон талхлагдаж лууль шарилжинд баригдсан бэлчээрт идээшилж байсан эсэхийг заавал мэдэх шаардлагатай болно.

Манай Хөхөө Булнайн нурууны соргог сайхан бэлчээрт идээшилдэг байсан тулдаа манай гэр бүлийнхэн эрүүл сүү, цагаан идээгээр хооллож бид өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тэр үед бид өвсөнд орооцолдоод өвсний шүүдэрт гутал нороод хээрээр явахад түвэгтэй байж билээ. Одоо нутагтаа очоод харахад нэг л эл хуль, уулс нь хүртэл халцарч улайсан харагдах юм.

Бэлчээр, усны хомсдолоос болж өвс тэжээл хайж нэг газраа тогтуун идээшилж чадахгүй, өөдөө уруугаа гүйж харайх, мотоциклоор элдэж хөөснөөс болоод малын мах хатууран хаймар шиг болж булчин шөрмөсний агууламж ихэссэн нь өнөө цагийн хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй болж байна.Сүүлийн жилүүдэд мал маллагааны уламжлалт арга ажиллагаа өөрчлөгдөн машин техникээр хариулах, ачиж тээвэрлэх  зэрэгт малыг хэт зовоож тарчлаах болсон байна.  Зовж тарчилсан малын мах хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон нь ч бий.

Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд “ченж”-ийн системээр гарал үүслийн гэрчилгээтэй нийлүүлэгдэж байгаа хэдий ч энэ нь хүнсний аюулгүй байдлын бүрэн баталгаа болж чадахгүй, нийгмийн эрүүл мэндэд өндөр эрсдэл үүсгэж байгаа жишээ олон байна.Улмаар махны хэрэглээний дөнгөж 5-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдэж, үүний дийлэнх хувь (92%) нь экспортод гарч, үлдсэн 87-95% нь уламжлалт гар аргаар бэлтгэгдэн ченжийн сувгаар эцсийн хэрэглэгчдэд очиж байна.

Ийнхүү уламжлалт аргаар бэлтгэсэн мах эцсийн хэрэглэгчдэд очдогтой холбоотой хадгалалт, тээвэрлэлт, бөөний худалдаа, жижиглэн худалдааны бүхий л үе шатанд чанарын өөрчлөлт ордог байна.

Нөхцөл байдал ийм байгаа учир мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн гэрчилгээг (шинэ хуулинд “мал эмнэлгийн гэрчилгээ” гэж нэрлэсэн) илүү боловсронгуй болгож, малын бүртгэлд суурилсан гарал үүслийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тулгараад байгаа. Малын бүртгэлжүүлэлт нь гарал үүслийг мөшгих тогтолцоог  (олон улсад traceability system гэдэг) хэрэгжүүлж хүнсний аюулгүй байдал, гарал үүслийг баталгаажуулах гол хүчин зүйл болдог байна.   

Бид саяхан Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгээр мал болон малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл-шилжилт хөдөлгөөн, эрүүл байдлыг хянах тогтолцоог хөгжүүлэх туршилтын жижиг төслийг Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумдад амжилттай хэрэгжүүллээ.

Туршилтын ажлын хүрээнд  дээрх сумдын малчдаас “Мах Маркет” ХХК-ны махны үйлдвэрт нийт 600 төлгөн  хонины шууд нийлүүлэлт хийж, үйлдвэрийн аргаар боловсруулсан гарал үүсэл нь тодорхой, эрүүл мэндийн баталгаа бүхий, эрүүл бэлчээрээс гаралтай  бүтээгдэхүүнийг  хэрэглэгчийн гар дээр тавьсан юм.

Мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн мөшгих тогтолцоог хөгжүүлсэн загвар

Энэ нь тухайн малчны мэдээллээс эхлээд малын бэлчээрийн эрүүл соргог байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, хадгалалт,  хэрэглэгчдэд хүргэх зэрэг махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс та бидний ширээн дээрх тавганд очих шат дамжлага алхам бүрийг хянах ажиллагаа юм.

Малчны хотноос эхлээд  хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрт хийгдсэн хяналтын ажлын мэдээллийг  бүтээгдэхүүнийг дагалдах мал эмнэлгийн гэрчилгээнд  тусгаж өгсөн юм.Тухайлбал:

1. Малчны ямар мэдээлэл шаардлагатай вэ?

  • Овог нэр, регистрийн дугаар
  • Хаяг (аймаг сум, хэсэг бүлгийн нэр)
  • Холбоо барих утас

Тухайн малыг маллаж байсан малчны талаарх мэдээлэл нь гарал үүслийг тогтооход анхдагч мэдээлэл болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой.

2. Бэлчээрийн эрүүл байдлыг хэрхэн хянах  вэ?

Мал эмнэлгийн гэрчилгээнд  тухайн малын бэлчээрлэдэг нутгийн талаарх хэрэглэгчдэд сонирхолтой дараах мэдээллүүдийг оруулж өгсөн.

  • Бэлчээрийн экологийн бүсийн  нэр “Ойт хээр, Өндөр уулын бүслүүр г.м”
  • Бэлчээрийн сэргэх чадавхийн түвшин буюу байгалийн унаган төлөв байдалдаа байгаа болон өөрчлөгдсөн талаарх мэдээлэл
  • Бэлчээрийн ургамлын голлох зүйл болох үетэн, улалж, шарилж, агь, сөөг, сөөгөнцөр, таана, нэг наст, хагд болон халцгай газрын бүрхэцийн эзлэх хувь зэрэг

мэдээллүүдийг сумын газрын даамал гаргаж өгөх юм.

Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, цаашид доройтох эрсдэл байгаа эсэх, хэрвээ доройтсон бол хэрхэн сэргээн сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг  малчдад түгээх хүрээнд  Ус цаг уур орчны шинжилгээний газарт бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээ болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан төлөвлөлт, ашиглалтын арга ажиллагааг хөгжүүлж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд орон нутагт  фото зургийн аргаар бэлчээрийн  төлөв байдлын өөрчлөлтийг хянах хялбар арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд дундын бэлчээрээ хамтран ашигладаг нутаг нэгтэй малчдын хамтын зохион байгуулалт болох хэсэг, бүлгийн улирлын бэлчээр бүрт мониторингийн цэгийг байршуулан ургамлын аж ахуйн бүлгийн түвшин дэх бүрхэцийн мэдээллийг тогтоож  байна. Ингэснээр бэлчээрийн төлөв байдлын одоогийн  түвшин төдийгүй бэлчээр ашиглалтын одоогийн горим, ачааллыг цааш хэвээр нь үргэлжлүүлэх, эсвэл даруй өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхойлдог түвшинд хүрээд байгаа юм. 

3. Мал, түүхий эдийн эрүүл байдлыг хэрхэн хянах  вэ?

Борлуулалтын гэрээ хийгдсэн бүх малыг дахин давтагдахгүй дугаартай  RFID ээмэг зүүж, мал эмнэлгийн гэрчилгээг хөтлөхдөөдээрх малчин болон бэлчээрийн мэдээллүүдээс гадна дараах мал, малын гаралтай бүтээгдэхүүний  мэдээллүүдийг оруулж өгсөн.

  • Малын тоо, төрөл, хүйс, нас, RFID ээмэг,
  • Тээвэрлэж байгаа зориулалт, малын зураг
  • Мал эмнэлгийн ямар ямар үйлчилгээ хийлгэсэн

Дээрх  мэдээллүүдийг нь холбогдох албан хаагч, байцаагч, хэрэглэгч бүрт хүргэх ба сумын малын эмч, мал эмнэлгийн гэрчилгээг хөтлөхдөө үйлчилгээний талаарх мэдээллүүдийг оруулж өгнө.

Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч  мал эмнэлгийн үйлчилгээ, маршрут, хүчинтэй хугацаа болон тухайн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн баталгаажуулж өгнө.Мал эмнэлгийн гэрчилгээг  хөтлөхболон батлах үеийн үйл явц мэдээлэл холбооны 2G сүлжээний (гар утасны сүлжээ) орчинд явагдсан тул харьцангуй бага хэмжээний өгөгдөл солилцоно. Энэ нь манай орны дэд бүтцийн нөхцөл байдалд тохирсон болох нь туршилтын үеэр батлагдсан.

 
Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малд дахин давтагдахгүй дугаар бүхий ээмэг зүүж байна

4.  Хяналтыг хэрхэн тавих  вэ?

  • Тээвэрлэлтийн маршрут болон Хяналтын цэгүүд
  • Махны үйлдвэрийн мэдээлэл зэргийг МЭГ-д оруулж өгсөн.

Системийн давуу талуудын нэг нь хяналт, шалгалтын ажлыг төлөвлөгөөтэйгээр хийх боломжийг байцаагч нарт олгосон явдал юм. Мал эмнэлэг үржлийн тасгийн болон замын хяналтын цэгийн байцаагч бүр өөрийн нэвтрэх эрхээр системд хандаж өөрт хамаарал бүхий мэдээллийг бодит цаг хугацаагаар авч хяналт тавьсан.

Системд нэвтэрсэн байцаагч өөрт хамаарал бүхий бүх мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн гэрчилгээтэй хамаарал бүхий оролцогч талуудтай шууд холбогдох боломжтой. Ингэснээр харилцаа холбоо сайжирч, малын хулгай, хууль бус тээвэрлэлт, мал, амьтны өвчний тархалт зэргээс сэргийлэх боломж бүрдэх юм.

5.  Боловсруулах үйлдвэрлэлийн үеийн хяналтыг хэрхэн тавих  вэ?

Замын турш хяналт, шалгалтын цэгүүдийг амжилттай давсан “Мах Маркет” компанийн ачааны машинууд сая нэг үйлдвэр дээрээ ирлээ. Үйлдвэр дээр ирсэн даруйд тээвэрлэгдэж ирсэн малыг тус үйлдвэрийн малын эмч RFID уншигч төхөөрөмжөөр тоолно.  Хүлээн авсан малын тоо МЭГ дээрх тоотой таарснаар систем дээр “хүлээн авсан” гэдэг тэмдэглэгээг  үйлдвэр хийнэ. Махны үйлдвэрийн албаны хүмүүс тус системийг ашигласан бөгөөд өөрт хамаарал бүхий МЭГ-үүдийг хянаж байна. Хэрэв замдаа саатсан бол ямар шалтгаанаар саатсныг тодруулах, арга хэмжээ авах боломжийг тэдэнд олгодгоороо давуу талыг махны үйлдвэрүүдэд өгч чадсан.

Махны үйлдвэрийн хүлээн авсан малын жагсаалт нь өөрөө бүртгэлийн жагсаалт болох бөгөөд нэмэлт мэдээлэл оруулах боломжийг хүлээн авагчид олгож байгаа юм. Ингэснээр тухайн малын эрүүл мэндийн байдал, нядалгаанд оруулсан эсвэл оруулаагүй бүртгэлийг хийх, цаашлаад үйлдвэрлэлийн процессийг эхлүүлэх суурь болж өгнө. Малын бүртгэлээс нядалгаанд орж буй малын дахин давтагдахгүй дугаар ( ДДД)-ыг гаргаж зориулалтын принтерээр хэвлэнэ. Үйлвэрлэлийн бүх процесст дагалдаж явах энэхүү ДДД нь хамгийн сүүлд эцсийн бүтээгдэхүүн дээр хадагдснаар зорилгодоо хүрнэ.

 
Эрүүл байдал нь баталгаажсан мах

6.  Хэрэглэгчид хэрхэн хяналт тавих  вэ?

Хэрэглэгчид “Мах Маркет” ХХК-ийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг дэх нэрийн барааны дэлгүүрээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Шаргачин хэсгийн ойт хээр, өндөр уулын бүслүүрийн байгалийн унаган төлөв байдлаа алдаагүй соргог бэлчээрээс  гарал үүсэлтэй, мал эмнэлгийн тарилга, туулгалт зэрэг цаг хугацаат үйлчилгээнд бүрэн хамрагдсан баталгаатай махыг худалдан авах боломжтой болсон юм. Бидний төслийн ажлын эцсийн үр дүн нь хэрэглэгчийн гар дээр гарал үүсэл, эрүүл байдал нь баталгаажсан малын махыг хүргэх байсан бөгөөд бид зорилгодоо хүрсэн. Хэрэглэгчид бүтээгдэхүүн дээр хадагдсан ДДД–г (баркод) гар утсан дээрээ суулгасан тусгай апликейшны тусламжтайгаар уншуулж  гарал үүсэл, бэлчээр, малын эрүүл мэндийн байдлыг түвэггүй тогтоох боломжтой болсон.

Энэ үеэр тусгай аппликейшн ашиглан бүтээгдэхүүний гарал үүслийг шалгахад тун сонирхолтой байв. Бүр хангай, говь гэх мэт байгаль экологийн болон бэлчээрийн эрүүл соргог, доройтож цөлжсөн гэх мэт сонирхолтой мэдээлэл орсон байна.

7. Энэ бүх ажлыг цаашид хэн хариуцан зохион байгуулах вэ?

Малчдын малыг бэлтгэх, үйлдвэртэй гэрээ байгуулах, төлбөр тооцоог барагдуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг малчдын байгууллага хэрэгжүүлсэн юм. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчид хэсэг, бүлгээрээ нэгдэн нийлж холбоо болон хоршоо байгуулсан байна. Мал бэлтгэлийн ажлыг малчдын байгууллага зохион байгуулсан нь зарим нэг зардлыг хэмнэхийн зэрэгцээ шуурхай байдлыг хангаж төр,  үйлдвэр, малчдыг холбох гүүр болж өгсөн юм. Өнөөдрийн байдлаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүнчлэлтэйгээр  18 аймгийн 186 суманд 63,5 мянган малчин өрх 1362 Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд орж бэлчээрийн зохистой менежментийг хамтын хүчээр бий болгож орлогоо  нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хэсэг бүлгийн үйл ажиллагааг дэмжих 87 бизнесийн болон хадгаламж зээлийн хоршоо, 133 бэлчээр ашиглагчдын холбоо тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Баялаг-Өлзий, Жинст мөрөн, Сор кашмер, Алтай кашмер, Монгол нэхмэл, Уужин, Гоёо, Блю скай, Снөүфийлдс, Туяа, ЕСВ, Капродоро, Кашмер холдин,Ноос-Ирээдүй, Эрдэнэт хивс, Дархан нэхий, Саян-Уул, Мах маркет, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо  зэрэг малын гаралтай түүхий эдийг боловсруулах үндэсний үйлдвэрүүд , мэргэжлийн холбоод малчдын байгууллагатай жилд 1-2 удаа уулзалт хийж түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулах, урьдчилгаа төлбөрийг шийдвэрлэх зэргээр хамтран ажиллаж байна. Иймээс эрүүл хүнсний гарал үүслийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх хариуцагч байгууллагууд Монгол улсад нэгэнт бий болж хөгжиж байна гэж үзэж болно.

Бидний хийсэн ажлыг тоймлож хэлвэл улсын бүртгэл дэх малчдын “А” дансны мэдээллээс хасалт хийгдэх байдлаар мал, махны нийлүүлэлт хийгдэж, гарал үүсэл, эрүүл байдлын баталгааг сумын аж ахуйн нэгжийн эмч болон мал эмнэлэг, үржлийн тасгийн байцаагч нар хамтран гаргаж байгаа нь эргээд хаана хариуцлага тооцохыг тодорхой болгож өгсөн. МЭГ хөтлөх үйл явцыг бүхэлд нь цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, махны үйлдвэр, малчдын хэсэг бүлэг, хоршоо, аймаг, нийслэлийн захиргааны байгууллага гэх мэт тус системд хамаарагдах хэрэглэгчид өөр өөрсдийн онцлог бүхий эрхээр хянах боломжтой юм. Үүний үр дүнд мал, амьтны бүртгэл, тэдний эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөнийг бодит цаг хугацаагаар хянаж чадах болсон ба мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүсэл, эрүүл мэндийн баталгаатайгаар хэрэглэгчдэд хүргэсэн юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нэлээд олон байгууллага оролцож хамтран ажилласны хүчинд дээрх үр дүнг гаргаж чадсан. Архангай аймгийн болон Тариат, Өндөр-Улаан сумын бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоод малчдыг зохион байгуулсан бол гүйцэтгэгчээр Үндэсний хөдөө аж ахуйн программ хангамж хөгжүүлэгч Дижитал медиа ХХК ажилласан юм. Сумдын малын эмч, мал эмнэлэг үржлийн тасаг болон сум, аймгийн ЗДТГ, ХХААГ болон ХХААХҮЯ-ны МЭҮГ-ийн албан тушаалтнууд өөрсдийн хариуцсан чиг үүргийн хүрээнд дэмжиж оролцсон нь бидний ажлын үр дүнд чухал нөлөө үзүүлсэн юм.

Одоо бодоход бүхэл бүтэн есөн ам бүлийн бор ходоодыг ганц үнээний сүүгээр цайлгадаг  байсны нууц манай нутгийн соргог сайхан бэлчээр, Хөхөөгийн минь эрүүл бие, өндөр ашиг шим, аав, ээжийн минь уйгагүй ажиллагаа, холч хараа, уужуу өгөөмөр сэтгэл энэ бүхэнд байж дээ.

Манай улс бэлчээрийн даацад тохирсон ашиг шим өгөөж сайтай малын буян болох дэлхий дээр ховордож байгаа экологийн цэвэр бүтээгдэхүүн мах, сүү, түүхий эдээр хүн амаа бүрэн хангаад зогсохгүй гадаад улсад харьцангуй өндөр үнээр борлуулах боломжтой гэж боддог.

Бидний ажил буянт малаа байгаль эхдээ ээлтэйгээр өсгөж ашиг шимийг нь бүрэн дүүрэн ашиглаж амьдрал ахуйгаа өөд татахад нь хөдөөгийн малчид болон улс оронд минь өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй явдаг.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны

Гүйцэтгэх захирал Ням-Очирын Ганхуяг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.