Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийг өшиглөчих үү, яах уу, Ерөнхийлөгч өө

Г.Отгонжаргал, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нэгэн УИХ-ын гишүүн ярьж байна. Тодорхой цаг хугацаанд, тодорхой сэдвээр өрнөсөн бидний хөөрөлдөөн онц чухал ач холбогдолгүй мэт байсан ч бичих сэдэв нэхэн эрж хайдаг мэргэжил нэгтнүүдийн маань хэнд нь ч чухалд тооцох яриа хөөрөө байлаа.

Учир нь тэрбээр “Б.Чимид багшийн Үндсэн хуулийг хэлэлцэх үед хэлж, ярьж байсан үгийг нь уншсан чинь “Эхний ээлжид монголчууд маань эрх чөлөөгөө ойлгох хэрэгтэй, энэ хуулиар” хэмээн хэлж байсан байна. Үнэхээр Б.Чимид багшийн хэлсэнчлэн эрх чөлөөг ойлгуулах үүргээ энэ Үндсэн хууль хангалттай сайн биелүүлсэн. Гэхдээ одоо яах аргагүй өөрчлөх цаг нь... Ингээд бодоод байхад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих нь зөв юм шиг санагдаж байна.

Тэгэхгүй бол улс орныг хөгжүүлэх бодлого урагшаа явахгүй байна. Бодлого байгаад хэрэгжүүлж ч чадахгүй байна” хэмээн ярьсан юм. Энэ бол улстөрчийн буюу УИХ-ын гишүүний үг. Хэдийгээр өнөөгийн парламент бүрэн эрхээ дуусгаж, одоогийн УИХ-ын гишүүд суудлаасаа буусан ч, магадгүй тэд Үндсэн хуулийг өөрчилсөн ч, эс өөрчилсөн ч засаглалын эрх мэдлийн тэнцвэр, тухайн цаг үеийн удирдагчдын эрх ашгийн эрэмбийг хэвлэл, мэдээлэл нэхэн бичихийг, ард түмэн ч нэхэн дурсах нь дуусгавар болохгүй юм.

Энэ бол ёстой л Үндсэн хуулиар та бидэнд олгогдсон эрх чөлөөний гайхамшиг гэдэгтэй маргах аргагүй. Тэгвэл өнөөдрийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал хаашаа явж байна вэ.

ИРГЭДИЙН ХҮСЭЛ хийгээд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН өгөөш

Энэ сэдвийг хөндөхөөс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр өрнөсөн иргэдийн ярианаас хүргэе. Учир нь, тус дүүргийн иргэн н.Буяндорж “Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар би саналаа хэлмээр байна. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа уг нь бичээд явуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлана, Засгийн газарт чиглэл өгөхийг мөн хязгаарлана гэж байна.

Би энд байгаа иргэдийг тийм санал өгөөгүй байх гэж бодож байна. Тийм Ерөнхийлөгчтэй байгаад яах юм. Энэ парламентаар 65-уулаа энэ асуудлыг хэлэлцэх юм бол би үүнийг эрс эсэргүүцнэ” гэсэн бол иргэн Б.Нямбаяр “2016 оноос хойш УИХ, Засгийн газар залуус бидний төлөө юу ч хийсэнгүй. Бидний төлөө юу ч хийгээгүй юм чинь ахмадууд болон та нарын төлөө юу ч хийхгүй. Тиймээс УИХ-ын гишүүдийн байх, байхгүйн асуудлыг бид шийдэж болдоггүй юм уу. Энэ УИХ-ыг тарааж болохгүй юу гэдгийг Ерөнхийлөгчид хэлмээр байна” хэмээн санал бодлоо илэрхийлж.

Эндээс одоогийн Үндсэн хуулийн мөн чанар буюу эрх чөлөөний тухай ойлголт бүрэн утгаар хэрэгжиж буйг тайлбарлаж болох бол харин эргээд энэ эрх чөлөөг хэн эрх ашгийнхаа төлөө ашиглах боломжтой вэ гэдэг дээр асуулт тавиад бодоорой. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “Утааны асуудлыг шийдэхгүй бол Цагаан сарын дараагаас УИХ-ыг тараах санаачилга гаргана” гэж хэлсэн арав хоногийн өмнөх мэдэгдлийг анхааралтай тунгаан бодох хэрэгтэй.

Иргэдийн шаардах эрх Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга хоёрын уялдаа холбоо нь яах аргагүй Улаанбаатарын утаа, иргэдийн ядуурал, ажилгүйдэл гэх мэт олон сэдвээр тайлбарлагдана. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг ард түмний олонхын саналаар Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдохоосоо өмнө гурван ч удаа УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга хот, байгуулалтын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ээлж дараалан ажиллаж байсныг нь бодвол энэ хариуцлага түүний нүүрэн дээр бичигдэж, нуруун дээр сийлэгдэх учиртай.

Улаанбаатар хотын утаа Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санаачилгын гол гогцоо болох ёстой юм бол яагаад өнгөрсөн арав гаруй жилийн хугацааны хариуцлагагүй улс төрд Х.Баттулга гэж хүн хариуцлага хүлээж болохгүй гэж. Эндээс л Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд хувь улстөрчдийн эрх мэдлийн хэр хэмжээ өөр зуураа зодолдож, тэр хэрээр иргэдийн сэтгэл зовнил үүнд нь өгөөш болж буй нь нотлогдох юм.

ХААН БАЙХ ТАВДУГААР ХҮСЭЛ

Үндсэн хуулийн шинэчлэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, иргэдийн санаа бодлыг нэгтгэж буй ажлын хэсэг болон хуульчид, улстөрчдийн яриа нэг зүйлд төвлөрч байгаа нь "Парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, Ерөнхий сайдын эрх мэдлийг бий даалгах, Ерөнхийлөгчийн бэлгэ тэмдгийн үүргийг улам гоё сайхан болгох” гэсэн гурван гол гогцоонд эргэлдэж байгаа. Ингэхдээ Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хаан байх хүслийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын амбицтай хольж хутган, эрх мэдлийг нь бууруулах зорилго тавьж буй.

Гэхдээ УИХ-ын 65 гишүүн нь МАН-аас сонгогдсон тохиолдолд шууд Үндсэн хуулийг өөрчлөхөд шударга харагдахын зэрэгцээ цаашлаад эсэргүүцлийн жагсаал, цуглаанаар зогсохгүй, бослого, үймээн өрнөхийг ч үгүйсгэх аргагүй. 2015 онд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж, төсөл хэлбэрээр танилцуулж байх үед МАН-ынхан сөрөг хүчний хувиар хэрхэн эсэргүүцэж байснаа бодох хэрэгтэй.

Тэр дундаа, уг төсөлд одоогийн эрх баригч намын буюу МАН-ын хүсээд байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг хуулийн хүрээнд бүрэн чөлөөлөх боломжийг олгосон заалтууд тодорхой туссаныг ч тэд харгалзаж үзээгүй. Энэ нь эргээд хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийн адилаар тайлбарлагдах бөгөөд гол нь Үндсэн хуулийн өөрчлөлт эргээд нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх магадлалтай гэдгийг МАН-ын удирдлагууд эрх биш бодолцож үзэх биз ээ.

Тэр дундаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төр иргэдийг турхирах, цаашлаад УИХ-ыг тараах тодорхой зорилгод чиглэсэн байхад шүү дээ. Өөрөөр хэлбэл, үе, үеийн Ерөнхийлөгчдийн хаан байх хүсэл нь Үндсэн хуульд заасанчлан хууль, шүүхийг удирдах ran зарчим дээр үйлчилдэг хойно доо.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРВОЛ ТЭД ХЭН БОЛОХ ВЭ

Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөс харахад Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг шууд утгаар нь устгана. Гэхдээ эдийн засгийн ач холбогдолгүй, ерөнхий бэлгэ тэмдгийн шинжтэй, урлаг соёл, үндэсний ёс уламжлал, өв уламжлалын шинжтэй хуулийн төслийг сайн дураараа боловсруулах, санаачлах эрх нь үлдэх магадлалтай.

Энэ нь түүнд эрх мэдэл олгох гэхээс илүүтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын соёл уламжлал, үнэт зүйлийн илэрхийлэл юм гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулж өгөх зорилго юм. Харин Ерөнхий сайдын тухайд хэм байхаас үл шалтгаалан өөрийн кабинетыг өөрийн хүслээр буюу итгэл үнэмшлээрээ бүрдүүлж, Засгийн газрын хуралдаанаасаа шууд томилох боломжтой болохоор ярилцаж буй.

Харин УИХ-ын гишүүдийн хувьд өнөөдөр тухайн гишүүн хэн байхаас үл шалтгаалан дуртай хуулийн төслөө боловсруулж, дурын сэдвээ барьж авч улс төр хийдэг бол ирээдүйд наад зах нь эдийн засгийн үр ашигтай хуулийн төслийг ганцаараа бус багаараа боловсруулдаг үүрэг хүлээнэ. Мөн Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчдийг нэр дэвшүүлж, УИХ-д танилцуулж томилдог байсан дэг жаяг өөрчлөгдөж, зөвхөн батламжилдаг болохоор байгаа.

Гол нь, энэ бол хамгийн их яригдаж буй санал. Иргэдийн зөвлөлдөх уулзалтын үеэр ч олонх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайдын тэр дундаа гүйцэтгэх засаглалын бие дааж ажиллах боломжийг Үндсэн хуулиар хангах хэрэгтэй байна" гэдгийг хэлж байсан. Гагцхүү энэ нь нэг удаагийн бүрэн эрхээр хааны эрх мэдэлтэй болсон мэт сэтгэдэг үе, үеийн Ерөнхийлөгчийн хувь амбицтай цагийн цагт харшилдаж ирсэн түүхтэй.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАГУУЛААД ТОНГОРЧИХ УУ, ЕРӨНХИЙЛӨГЧ өө

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцох үеэрээ нэгэн сонирхолтой эшлэл хэлсэн нь “Утааны асуудлыг бөхөөр бол дагуулаад тонгорчих хэрэгтэй” хэмээх үг байдаг. Харамсалтай нь, бөхийн барилдаан тухайн цаг мөчдөө уналаа, давлаа гэдэг хоёрхон хэмжүүрээр хэмжигдэж, ялалт, ялагдал нь шийдэгддэг бол утааны асуудал багадаа сүүлийн арван жилийн эмгэнэл гэдгийг бодолцох хэрэгтэй.

Харин яг Үндсэн хуулийн өөрчлөлт дээр бол энэ асуудлыг хэрэв Ерөнхийлөгч өөрийн эрх ашгийн төлөө олныг хөдөлгөж чадвал ёстой л МАН-ыг ч, УИХ-ыг ч дагуулаад тонгорчих гэмтэй. Өнөөгийн Үндсэн хуулийн боломж нь өөрөө тийм юм. Тиймээс Ерөнхийлөгчөөсөө асуулт асууя. Үндсэн хуулийг өшиглөчих үү, яах уу гэж. Өшиглөчих тохиолдолд ашиг нь Ерөнхийлөгчийнх учраас гэдгийг мөн тодотгоё.

Гол нь, эрх чөлөөг ойлгосон ард түмэнд Ерөнхийлөгчийн засаглалыг сурталчлах зориг хаанаас тань гарав гэдгийг нэрийг нь бичээгүй УИХ-ын гишүүнээсээ давхар асууя. Эрх чөлөөний үнэ цэнийг ганц хүний засаглалаар уначхаж болох юм уу гэсэндээ шүү.

Зураг